Site icon POLITIC MONGOLIA

Таксичны бодол: Хүн чанаргүй GUIDE-ууд

Хөдөөнөөс хотод үдшийн бүрий хаяарахтай зэрэгцэн орж ирлээ. Гудмаар гар өргөсөн гадаадууд их харагдана. Арга ч үгүй биз, жилийн энэ үе манай улсын аялал жуулчлалын хамгийн оргил цаг билээ. Ийн бодохтой зэрэгцэн харих замдаа таксинд явахаар шийдэж, хамгийн эхэнд гар өргөн зогсох гурван залууг авлаа. Нэг нь лав 120 гаруй кг жинтэй нэлээд биерхүү нөхөр байв. Харвал дундад ази нөхөр бололтой. "Танай машины амаржин зүгээр юм байгаа биз дээ. Гурван аварга амьтан суулаа шүү" гэж нөгөө аварга нөхрийн араас хөтөч нь бололтой туранхай шар залуу хэлээд хөхрөв. Толгой дохиход тэр хэд машинд сууцгаав. Яалт ч байхгүй том биетэй гадаад залууг суухад машины амаржин доошоо навтайлаа.

"Хаа хүрэх үү" гэхэд хөтөч "Тэнгис орноо" гэлээ. Тэрээр үргэлжлүүлэн нөгөө хоёртоо англиар "Би та нарыг Хархорин гэх Монголын аварга цайз руу аваачиж үзүүлнэ. Монголын хамгийн үзэсгэлэнтэй газар. Бараг онгоц түрээслээд очвол зүгээр. Би тэр газраар их бахархдаг юм" гээд л ярьж гарав.

Өнөөх том гадаадаас нь "Where are you from?" гэж асуухад "Бид америкчууд" гэлээ. Замдаа тэдэнтэй Америкийн сагсанбөмбөгийн талаар нэлээд ярилцав. Кобе-гийн үхлийн талаар хөтөч хэлэхэд нөгөөх хоёр америк толгой сэгсрэн харуусалтай ярьцгаана. Буух болоход хөтөч эр "за хөгшөөн км-ийг нь 2500 төгрөгөөр бодчихоорой" гэлээ. Толгой дохиод мөнгөн дүнгээ хэлэхэд хоёр гадаад мөнгөө төлчихөөд буугаад явлаа.

Хөтөч "Дөлгөөн нуур оръё" гэв. Ийн цаашаа хөдлөхөд хөтөч "Муусайн гадаадуудыг сайхан саах хэрэгтэй шдээ. Тиймээ хөгшөөн. Хөгшин нь одоо л гэртээ харьж байна. Жуулчид энэ жил их байна. Сая хархорин авч явна гээд хэлчихлээ. Гэхдээ очоод үзэх газар байхгүй л дээ. Мөнгийг нь л сааж байвал хамаа байжуу. Тиймээ" гэв. Би зөрүүлээд "Гүүээ тэгээд иймэрхүү хандлага гаргаад байвал манай аялал жуулчлалын салбарт муу имиж бүрдэх юм биш үү" гэхэд "Хамаа байжуу дээ. Олдож байгаа дээр нь сайн мөнгө хийх хэрэгтэй шдээ" гээд хөхрөв. Гэрийнх нь гадаа ирээд "За 3000" гэлээ. Хөтөч залуу "өө эхнэрийн интернэт банкаар би ордог юм. Пассаа сольцон юм шиг байна. Чи надад дансаа өгчих" гэв. Би дансаа өгөөд буулгалаа. Бодвол 2500-аар бодуулсан юм чинь үнэгүй хүргүүлнэ гэж сэтгэсэн бололтой. Уг нь би яг л боддог ханшаараа мөнгөө хэлсэн юм.

Exit mobile version