Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Ж.Болдбаатар: Оюутан цэрэг сургалтын эрэлт хэрэгцээ, нэр хүнд нийгэмд асар өндөр байна

Өнөөдөр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд “Оюутан цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалт”-ын хээрийн гаралтыг зохион байгуулж буй анги, салбаруудын албан тушаалтнуудтай цахимаар хуралдлаа.

Энэ үеэр Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхий сайд энэ хавар оюутнуудтай уулзах үеэр залуучуудын гаргаж тавьсан 10 асуудлын нэг нь оюутан цэргийн тоог нэмэгдүүлэх хүсэлт байсан. Холбогдох судалгааг хийж, засгийн газрын шийдвэрээр 160 оюутан хамрагдах байсныг 1500 болгож нэмэгдүүлсэн. Энэ нь Оюутан цэрэг гэх эл сургалтын эрэлт хэрэгцээ болоод нэр хүнд нийгэмд асар өндөр буйг харуулж байна. Батлан хамгаалахын сайд “Оюутан цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгуулах ажлын үйл явцад онцгой анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгосон. Үүний дагуу оюутан цэргүүдийн сургалт бэлтгэлийн үйл явц, норм хангалтын түвшин ямар байгаа мэдээллийг сонсохоор өнөөдөр та бүхэнтэй цахимаар хурлыг зохион байгуулж байна” хэмээлээ.

Хурлаар “Оюутан цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалт”-ыг зохион байгуулж буй нэгтгэл, анги, байгууллагууд тус бүр 5 минутын хугацаанд цахимаар холбогдож өдөр тутмын цэргийн сургалт, бэлтгэлийн үйл явц, норм хангалт, цэргийн алба хаагчдын сэтгэл зүй болон эрүүл мэндийн байдлыг танилцуулсан юм.

Холбогдох албан тушаалтнуудын хэлж буйгаар Оюутан цэргүүдийн биеийн байдал болон сэтгэлзүй тогтвортой байгаа бөгөөд одоогоор цэргийн албанд дасгах бэлтгэл сургуулилтдаа хамрагдаж байгаа аж.

Хурлын төгсгөлд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар “Оюутан цэргийн мэргэжлийн боловсрол олгох сургалт”-ын хээрийн гаралтыг зохион байгуулж буй холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэлийг өгч хатуу мөрдлөг болгон ажиллахыг санууллаа.
-Бие бүрэлдэхүүний эрүүл мэндийн байдалд байнгын хяналт тавьж, оюутан цэргүүдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, биеийн жингийн зохистой харьцааг хангах, сэтгэл зүйг тогтвортой байлгах, дархлаажуулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
-Аливаа эрсдэлийг тооцож, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж, аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуулж гарын үсэг зуруулан баталгаажуулж байх
-Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ил задгай гал түлэхгүй байх, тамхины цэгийг байгуулах, шаардлагатай тохиолдолд ашиглах галын хор болон бусад гал унтраах багаж хэрэгслийг агуулах, гал тогоо, тавиуланд байршуулж, галын эргүүлийг ажиллуулах
-Бороо хур элбэгтэй үед үерийн аюулаас сэргийлж, цаг агаарын мэдээг тогтмол авч бие бүрэлдэхүүнд сэрэмжлүүлэн анхааруулж, алба хаагчдыг гол мөрөн, нуур цөөрөм гатлах, усанд орохыг хориглох
-Зэвсэг техник, галт хэрэглэл, өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, тэдгээрийн бүрэн бүтэн байдал, зарцуулалтад тавих хяналтыг сайжруулж, галт хэрэглэлийн хайрцаг, сав, баглаа, боодлыг нэг бүрчлэн үзэж, шалгаж байх, мөн бүртгэл тооцоог сайжруулан, тавиулан, агуулах, ажлын байр бүрд анхааруулга, санамжийг байрлуулан, цэргийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлэх
-Хууль тогтоомж, дүрэм журам зааврыг холбогдох албан тушаалтнуудад судлуулах, таниулах сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх арга хэмжээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулж байх
-“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” тухай хууль, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Цэргийн албыг зохион байгуулах заавар”-ыг хатуу чанд мөрдөж сахилга дэг журмыг чангатгах
-“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль, Батлан хамгаалахын сайдын 2015 оны А/335 дугаар тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний анги байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах дүрэм”-ийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавих шаардлагатай байна хэмээсэн юм.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ