Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Ай даа, зун цаг…

Номин ногоон уулсын бэл хормойгоор манан будан хөшилдөж, хөхөөн дуу бүгтхэн дохиолж, тунгалаг булгийн ус харгиа боргио үүсгэн талын энгүйг хөгжилтэй хээлнэ. Шалдан нүцгэн багацуул горхины жараахай хөөцөлдөн гүйж уяан дээр наадам зүүдлэх морьд туулай хамраа сарталзуулан шанаа түүшээ гайхуулах адил таатайяа эвшээнэ. Уяа тойроод л нутгийн өвгөцүүл аядуу намуунаар морь шинжин хүүрнэхэд буурал дэлтийн минь уяа сойлгыг магтахад аав гаансныхаа соруулаар оочин сахлаа оролдож нуг нуг инээмсэглэж суугаа харагдана. Эмгэд энэ зуны сайхныг ярилцан ирээдүй цагийн өнгийг шинжин гэрийн хаяанд нарлана. Ээж эгч нар аарц шүүн, ааруул зүсч дэлгэцэн дээр жимбийтэл өрж суугаа харагдана. Монголын зун цаг цаанаа инээд баясал дэлгэсэн урин цаг.

Нар цэцэгсийн тэргүүнийг бүлээн цацрагаар илбэн өдөржин урд уулын орой дээр өнжинө. Ойн цоорхойд цоохор янзагаа дагуулсан бугын сүрэг идээшилж, боловсорч гүйцээгүй жимсний ногоон үрэлнүүд эрт  хол цагийн анхилам үнэрийг тээн хөвчөөр нэг түгээнэ.

Нозоором халуун агаарт зуйгуул салхи үе үесхэн чийг авчирч бүсгүйн аньсага, сормуусан дээр асгаж гоо үзэсгэлэн нэмнэ. Модод өтгөрч охид нүцгэрсэн Монголын зун цаанаа л нэг хүүхдийн гэнэн инээд шиг хөгжилтэй. Голио царцаахайн исгэчээн шаргиан түмэн хэлийн шувуудын жиргээн дунд хөг аялгуу нэмэн зун цагийг зугаацуулна. Төд удалгүй аягын чинээ бараан үүл салхи хормойлон ирээд ганц нэгхэн дуслаараа борог өвс норгож эхэлнэ. Төд удалгүй бороо гэнэтхэн асгана. Аягын чинээхэн үүлнээс аадрын их хур буух нь сонихон хэрнээ сүрдмээр. Тэрүүхэн хөндийн үзүүр шүргээд өнгөрсөн ч гэлээ аянга цахилгаан гялбалзуулна.

Хаа нэгхэн хун галууд ганганасхийгээд чимээгүй болоход уртаа цув хөдөрсөн айлчин уяан дээр буугаад гэрт яаралхийн орж ирэхэд цувны хормойноос дуссан ус гэрийн үүдээр тунарч бөөвийсөн банхар айлыг нойрмог нуухтай нүдээрээ үе үе залхуутайяа сүүмийн ширтэнэ. Атгахан үүл ар араасаа ахан дүүсээ дуудаж үдэшжин бороо цутгана. Уйлагнасан бүлээн тэнгэрийн доорх хот айл ажин түжин. Өвгөд намуу дуугаар хол ойрын сонин хачин хүүрнэж, айлын эгч саахалтын Дүнжээтэй угсарсан тэргийг мөр налан суунгаа тас тас хөхрөх нь бүгхэн тэнгэрийн хучлагыг цуу татан онгойлох шиг санагдана. Намрын дунд сарын 17 гэх шивнээг алдуурсан салхи үзүүртээ хийсгээд авч одно.

Тэртээ хөвчийн гүнд чоно ульж, ярагласан хоньд үргэж хуйлрана. Гэрийн эзэн гэр дотроосоо хөөг, хааг гэж чимээ өгөхөд тогоотой сүүн дотор хөвсөн сар цочин далбилзана. Өрхний завсаар гэгээ шургалж өглөөний дууч бялзуухай ширгэн дотроос өндөлзөн жиргэнэ. Хөдөө цайдам бороошин анир цэцэгс дусал шүүдэр дааж ядан бөхөлзөнө. Нарны эхний цацраг дороос өнгийн солонго сэвхийтэл татна. Уужим хөндий бүхэлдээ өнгийн солонгын гялбаанд тодосно. Энэ дэлхий ертөмц юутай сайхан. Өчигдрийн аянчин нэлмэгэр урт цуваа эвхэж ганзаглаад тэртээ үзүүрийн хар уул чиглэн бөг бөг шогшуулан одно. Саванд тоссон борооны усаар охид хүүхнүүд гэзэг үсээ угаан, хөл нүцгэн багацуул шилбүүр унан давхилдаад, зоримог эрс уурганыхаа үзүүрээр тэнгэр хээлээд давхилдана. Монголын хөдөө цадмын зун цаг өгүүлшгүй сайхан.

Наранд халсан газрын элгэнээс униар суунаглаад хаашаа ч юм бэ зэрэглээтэн алсарна. Их хотын зун ажин түжин. Товор товор алхах бүсгүйчүүлийн нимгэн даашинзны хормой салхинд сэвэлзэхэд туяхан цагаан хөл нь өлмий дээрээ тогтож ядан эргэцнэ. Шил толь болсон өвлийн дүнсгэр хотыг ногоолин эрдэнэс лугаа адил гацуур, улиас, зүлэг ширэг төгөлдөржүүлэн амилуулжээ. Хөнгөн хөгжмийн аяс онгорхой цонхоор нисэлдэж хүүхэд багацуул усан оргилуур дотор хөгжилдөн өдрийг барна. Хөдөө тийш чиглэсэн нүүдэлчин хотынхон эзгүйрсэн ч гэлээ зуны гоёлоо хот тэр дорхноо олжээ.

Их хотын зун цаг гэж цаанаа өөрийн гэсэн өнгө төрхтэй. Бөгчим халуунд нь амралтаа аваагүй хэсэг нь өглөөнөөс орой хүртэл гудамж талбай дүүргэн зөрөлдөх. Бүгд л яаруу адгуу. Орой болохоор л хотын хэмнэл тэр чигээрээ өөрчлөгдөн дуу хуур, бүжиг наадам зугаа цэнгэлээр дүүрнэ. Хаа л бол хаа инээж хөхөрсөн дуулж хуурдсан хүүхэд багцуул, залуус. Хайрын шивнээ хэлхэн залуу хосууд цэцэрлэгт гудамж чимэн алхална. Доргио залуус рок, поп, транс хөгжим хангинуулан бүжнэ.

Их хотын дасал болсон машин тэрэгний дуу чимээ, нүргэлсэн өвлийн чимээ огт үгүй. Нүүрсний утаа, бухимдсан олны жагсаал цуглаан, хөмсөг атируулсан хүмүүс хаашаа ч юм ор сураггүй алга болчихно. Хэдхэн болжморын дуу гудамжны үзүүрээс ямар эгшиглэнтэй сонсогдоно гээч. Баяр баяслын дуу чимээ хүртэл байгалийн дуу чимээгээр чимэглэнэ. Хотын залуус орцон­доо гитар тоглон бөөгнөрч гадуур болзон зугаацах нь хуучин цагийн хотын зуны хамгийн гайхалтай уянга. Охид бүсгүйчүүд маань танигдахын аргагүй гоё болчихсон хиртэй гараар баримгүй цэцэг цэврүү шиг дэлгэрнэ. ИХ хотоор дүүрэн чамин тансаг өнгө өнгийн эрвээхэй нисэлдэх шиг гайхалтай. Урт удаан хахир сэрүүн дундах Монгол диваажин зун.

4 COMMENTS

  1. Wow, superb blog structure! How long have you ever been running a blog
    for? you made blogging glance easy. The whole look of your web site is excellent, let alone
    the content! You can see similar here sklep internetowy

  2. Good day! Do you know if they make any plugins to help with SEO?
    I'm trying to get my site to rank for some targeted keywords but I'm not seeing
    very good results. If you know of any please share. Kudos!

    You can read similar article here: Auto Approve List

  3. Wow, amazing blog format! How lengthy have you been blogging for?

    you make running a blog glance easy. The full look of your web site is
    magnificent, as neatly as the content material!
    You can read similar here prev next and that was wrote by Nelly84.

  4. Wow, wonderful blog format! How lengthy have you been running a blog for?

    you make blogging look easy. The total look of your site is fantastic, as smartly as
    the content material! I read similar here prev next and
    it's was wrote by Lacy76.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ