Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Стандарт бол амьд явах баталгаа...

“Стандартгүй нийгэмд амьд явах баталгаагүй” гэсэн үгээр эхэлье. “Хөгжсөн улс орон гэж стандарт ягштал хэрэгждэг нийгмийг хэлнэ” гэсэн албан тодорхойлолтыг хэлье. Стандарт гэж энэхүү албаны, уншихаас ч уйдмаар үгийн үнэ цэнийг ойлгоё гэвэл Д.Бурстины “Америк орон ардчиллын туршлага” номын ганц бүлгийг уншчихад болдог гэж зөвлөмөөр...

Ер нь бол капиталист нийгмийн тулгын гурван чулуу гэж бий. Нэгдүгээрт Стандарт, хоёрдугаарт Статистик, гуравдугаарт Өрсөлдөөн. Монголчуудын сонгосон нийгмийн туйлын үнэн энэ гурав дээр тогтдог. Энэ гурав нь Монголд хэр билээ. Эхлээд стандартаа хэдүүлээ ярьцгаая. Бид өглөө гэрээс гараад стандартгүй замаар ажил руугаа явдаг. Хаанаас юу ч орж ирээд намайг эрсдэлд оруулж мэднэ. Маш болгоомжтой явдаг. Хөтөлж яваа хүүхдийнхээ стандарт бус жинтэй, хүнд цүнхийг үүрчихсэн шүү. Такси барина, стандартгүй. Замаар гарлаа, стандартгүй. Ерөөсөө л бүх зүйл стандартгүй дундуур туучна. Ингэж явсаар хүүхдийнхээ сургуулийн стандарт бус шатан дээр хальтирч үхэнгээ алдаад, стандарт бус хаалгаар нь орж явчихна даа. Угтаа бол хөгжсөн нийгэмд хүүхдийн сургуулийн хаалга стандартын дагуу дотогшоо ч, гадагшаа ч онгойдог. Манайд бол тийм биш ээ, зөвхөн дотогшоо, эсвэл гадагшаа л онгойно. Сургуульд гал түймэр гарахад төв хаалга нь зөвхөн дотогшоо онгойдог байвал яах вэ. Сандарсан хүмүүс бөөнөөрөө хаалгаа дарж овоороход хаалга гадагшаа онгойхгүй шүү дээ. Стандартгүйн эрсдэл наад зах нь энэ. Хаалга нь хоёр тийшээ чөлөөтэй онгойдог стандарт том дэлгүүрээс эхлээд сургууль, үзвэр гээд хүн ам олноор цугладаг, ажилладаг бүх газарт хэрэгжих ёстой юм л даа. Цаашлаад та бидний хүүхдийн анги танхим, спорт заал, үдийн цай... бүгдэд нь стандарт бий юу. Яг хичээлийн цагаар сургуулийнх нь эмч ажлын байрандаа байдаг уу... Тэр чигээрээ стандартгүйн эрсдэл дунд монголчууд амьдарч байгаа биз дээ. Бүр гурван саяулаа шүү. Аймаар.

Та өөрийнхөө ажилладаг орчныг стандарт нүдээр хар даа. Машин тавих стандарт ажлын тань эргэн тойронд байна уу. Өвөл хальтираад үхчихгүй ажилдаа очих ямар боломж, стандарт таны хавьд байна. Үдийн цайгаа уух газарт чинь стандарт мөрдөгдөж байгаа гэх баталгаа бий юу. Ер нь энэ нийтлэлийг уншсаны дараа эргэн тойрондоо стандарт байгаа эсэхийг нэг бүрчлэн хараарай. Ямар ч стандартгүй, стандартгүй болохоор баталгаагүй, баталгаагүй болохоор амь нас дээсэн дөрөөн дээр тийм нийгэмд амьдарч байгаагаа ойлгоно. Стандарт гэдэг ийм үнэ цэнэтэй, амьдралын баталгаа учраас Монголоос бусад газарт маш чухал үг.

Монголын нийгмийн бодит үнэн ийм аюултай байгаа болохоор монголчууд өнөөдрөөс эхлээд стандарт ярь, стандарт шаард, стандарттай болохын төлөө өөрсдөөсөө шалтгаалах бүгдийг хийцгээ. Ядаж сургуулийнхаа хүүхдийн цүнхний жинг хэд байх ёстойг сургуулиас нь асуу, шаард. Орон сууцныхаа лифтний стандартыг шалгуул. Гэр бүлээрээ унавал яана. Стандарт ярьж байгаа улстөрчийн яриаг сонс, дэмж. Яагаад гэвэл стандарт ярьж, хэрэгжүүлэхийг зорьж, стандарт та бидний амьдралын баталгааг хэлж, үнэ цэнийг ойлгуулахыг хичээж байгаа тэр улстөрч л, тэр шийдвэр гаргагч л жинхэнэ амьдрал мэддэг, ард түмний талд хүн байдгийг олон улс орны жишээнээс харж болно. Тийм улстөрчидөө ард түмэн хүндэтгэлтэй ханддаг.

Стандарт бол амьд явах баталгаанаас гадна эдийн засаг, үйлдвэрлэл, технологи, гадныханд харагдах итгэл үнэмшил мөн. Яг үнэндээ гадна ертөнц биднээс стандарт л нэхэж байгаа. Арав гаруй жилийн өмнө Сү.Батболдыг Ерөнхий сайд байх үед манай улс Европын холбоотой гайхамшигтай гэрээ байгуулсан юм. Тэр нь Монгол Улс Европын зах зээлд 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх эрх. Өнөөдрийг хүртэл үүнийг ашиглаж чадахгүй байгаагийн шалтгаан юу юм бэ. Европын холбооны стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас тэр шүү дээ. Эмгэнэл биз. Энэ мэтээр Стандартгүйгээс болж бид ямар их боломж алдаж байгааг, ашиглаж чадахгүй явж ирснийг дурдахад харамсалтай. Энд зөвхөн өдөр тутмын амьдралын баталгаа болсон стандартуудыг тоочив. Амьдралд ойр, хүмүүст ойлгомжтой байх болов уу гэж. Тэрнээс стандартгүй “юм” гэж улс оронд байхгүй. Хөгжил дэвшлийн талаар яриад ч хэрэггүй.

Стандарт, Статистик, Өрсөлдөөн. Энэ гуравгүйгээр нийгэм хөгжих тухай ойлголт байхгүйг барууны эрдэмтэд байнга бичиж байна. Бид энэ гурван үгийг оюун санаандаа кодолъё. Тэгээд Стандартаас нь эхэлье...

Шинэ мэдээ