Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

Инфлүүнсэрт итгээд хулхидуулсан иргэдийг хохь нь гээд орхих уу

Инфлүүнсэр гэж хэн бэ. Саяхныг болтол энэ үг монголчуудын чихэнд тийм ч сүрхий наалддаггүй бас аманд нь эвлэдэггүй байв. Тэгвэл одоо хүн бүр инфлүүнсэрийг мэддэг болсон. Цахим орчинд хамгийн олон дагагчтай хүмүүсийг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, you­tube, tiktok, фэйсбүүк, инстаграм, твиттерт олон дагагчтай болоод нийгэмд нөлөөлдөг хүмүүс юм. Тэд энэ нөлөөллөөрөө дамжуулж өөртөө ашиг олдог. Сүүлийн үед сошиал медиа хэмээх асар том зах зээлд инфлүүнсэрүүд эрчимтэй түрэн орж ирлээ. Голдуу урлаг, соёлынхон давамгайлж байгаа харагддаг. Инстаграмд гэхэд хамгийн олон дагагчтай Монголын эмэгтэй инфлүүнсэрүүдийн эгнээг жүжигчин О.Дөлгөөн, А.Ганчимэг, П.Шүүдэрцэцэг, “Киви” хамтлагийн Ука, дуучин А.Хишигдалай нар манлайлж байна. Харин эрэгтэйчүүдээс комедиан Б.Идэр-Од, “Камертон”-ы Д.Болд, жүжигчин У.Цогтбаяр, С.Тэмүүжин нар нэрлэгдсээр ирсэн. Эдгээр инфлүүнсэрүүд тус бүрдээ 400-576 мянган дагагчтай юм билээ. Тэдний фэйсбүүк дэх дагагчдын тоо мөн л иймэрхүү. Б.Идэр-Одын хувьд фэйсбүүкээрээ 696 мянган хүнийг дагуулдаг бол дуучин Д.Болдынх 662 мянгад хүрчээ. Реппэр Big Gee 816 мянга, “Гала” хамтлагийн Ану буюу Ч.Уранхолбоо 599 мянга, жүжигчин Ооноо 488 мянга, дуучин Нара 482 мянга, Үндэсний телевизийн хөтлөгч Д.Одзаяа нөхрийнхөө хамт 820 мянган дагагчтай. Мөн “Positive Mongolians” пэйж хуудсыг ажиллуулдаг жүжигчин хос 556 мянган дагагчтай байх жишээтэй. Монголд одоогоор хамгийн нөлөөтэй инфлүүнсэрүүд нь эд нар байна.

Бизнесийн салбарынхан инфлүүнсэрүүдээр сурталчилгаа хийлгэхийг илүүд үздэг болсон. Нөгөөдүүл нь ч мөнгө олж байвал гээд юу л бол юуг рекламддаг. Харамсалтай нь инфлүүнсэрүүдийн ятгалагт автаад эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирох иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэх болжээ. Хамгийн ойрын жишээ гэвэл жүжигчин МУГЖИ.Одончимэг болон түүний нөхөр Т.Бархүү нарын рекламдаад байсан “Grand Marshal luxury vil­las” хотхоны хэл ам байна. Тэд хоёр жилийн өмнөөс энэ төслийн нүүр царай болж өдөр, шөнөгүй бүхий л сувгаар сурталчилсан. Өөрсдөө энэ хотхонд амьдрахаар захиалга өгсөн, хөрш болцгооё гэхэд нь олон хүн хамаг мөнгөө бариад гүйлдсэн. Угтаа тэр хотхоныг бариулж байгаа Х.Мандахбаяр гэдэг хүнийг ард түмэн танихгүй. Харин манай хоёр жүжигчнийг бол андахгүй. Тайзан дээр гялалзсан сайхан гэр бүл гэж түмэн олон тэднийг хүндэлж, хайрладаг. Тэр утгаараа голгүй хулхидчих улс биш гээд итгэж найдсан байж таарна. Гэвч одоо баахан хүн байрандаа орж чадалгүй хохирчээ. Иргэдийн итгэл дээр дөрөөлж ашиг олдог луйвар үүгээр зогсохгүй. Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нийгмийн сэтгэхүйг ашиглан хонжворт сугалааны рекламыг инфлүүнсэрүүд байнга явуулж байна. Хөтлөгч Д.Одзаяа нөхрийнхөө хамт автомашины сугалаа явуулж, ард түмнийг шулсан талаарх баримтууд дэлгэгдсэн. Зарим инфлүүнсэрүүд иргэдийг хохироогоод зогсохгүй сурталчилгаа хийлгэдэг хамтрагч бизнесийн байгууллагуудаа ч голгүй залилдаг талаар луйвардуулсан улсууд бишгүй мэдээлэх юм билээ. Жишээлбэл, “Positive Mongolians” пэйж хуудсыг ажиллуулдаг жүжигчин гэр бүл хүүхдээ бартераар асруулсан байгууллагаасаа их хэмжээний мөнгө нэхэмжилсэн дуулиан нэг хэсэг дэгдсэн.

Инфлүүнсэрүүд хүүхдийг нь гэмтээсэн байна гэж тус байгууллагатай байгуулсан гэрээгээ цуцалж, цахим сүлжээндээ байршуулсан контентуудыг нь устгаад зогсохгүй ажлын хөлс хэмээн 25 сая төгрөг нэхсэн байдаг. Харин нийгэмд өнөөх байгууллагын нэр хүнд унаж, бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон түүх бий.

Монголын инфлүүнсэрүүдийн үг, үйлдэл бүр нь үнэн биш гэдэг нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. Энэ мэтчилэн инфлүүнсэрүүдийн уршгаар иргэд хохирдог боллоо. Сүүлдээ бүр тэдэнд оролцохгүй сэдэв ч гэж алга. Вакцин хийлгэж болохгүй гээд хорьж, нийт массын тархийг угааж байна. Аминд халтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цорын ганц найдвартай арга бол вакцин. Үүнийг шинжлэх ухаан хэдэн зууны турш баталчихаад байхад инфлүүнсэрүүд хориглох юм. Бас болоогүй хагалгаа хийлгэж болох, болохгүйг тэд хориглож, уриалж байна. Одоо манай инфлүүнсэрүүд бүгд хамраа шонтойлгож, нүүрээ татуулж, шүдээ гялалзтал пааландуулдаг болсон. Энэ болгоныгоо хэдэн дагагчдадаа хэлж, ятгах нь замаа алдлаа. Сүүлдээ бүр сүлжээний элдэв эм, бэлдмэл хүртэл

сурталчлах нь хэрээс хэтрэв. Эрүүл мэнд гоо сайхны хагалгаа, вакцинжуулалтаас гадна орон байр, хувцас хунар, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гээд оролцохгүй сэдэв гэж үнэндээ алга, энэ хэдэн инфлүүнсэрүүдэд. Иймэрхүү асуудлаас болж ард нь иргэд л хохирч байна.

Энэ байдлыг Европын холбоо анзаарч инфлүүнсэрүүдийг хазаарлах хууль баталжээ. Хамгийн сүүлд Францад гэхэд нийгэмд нөлөөлөгч инфлүүнсэрүүдийн шийтгэлийг чангатгасан хууль гаргасан байна. Хуульд хоёр жил хүртэл хорих ял оноох эсвэл 300 мянган еврогийн торгууль оногдуулах заалт тусгажээ. Ингэснээр инфлүүнсэрүүдийг гоо сайхны мэс заслыг сурталчлах, эмчилгээ хийлгэхээс татгалзахыг дэмжих, никотины уутны сурталчилгаа, спорт бооцооны таамаглалыг рекламдах, захиалга авах, гэртээ байлгахыг хориглодог амьтадтай хийсэн үзүүлбэр зэргийг нийгмийн сүлжээнд байршуулахыг хуулиар хоригложээ. Манай улс бас энэ тал дээр хууль батлах хэрэгтэй байна. Нийгмийн оюун санаанд хүчтэй нөлөөлөгч инфлүүнсэрүүдэд хариуцлага хүлээлгэдэг болгох хэрэгтэй. Яагаад гэвэл инфлүүнсэр гэдэг бол хувь хүн биш. Хуулийн этгээд гэсэн үг. Ганцаараа тав, зургаан зуун мянган хүнд нөлөөлж байгаа гэдэг утгаараа хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг суваг гэж үзэхэд болохгүй гэх газаргүй. Тэгээд ч фэйсбүүк, твиттерт 5000-аас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцох тухай хуулийн зохицуулалт Цахим бодлогын байнгын хороогоор яригдаж байсан удаатай. Гэтэл манайд инфлүүнсэр гэгч хуулиас гадуур сул юм яваад байдаг. Яг үнэндээ нийгмийг бүхэлд нь хамарсан койны хэрэгт хамгийн их нөлөөлсөн улс бол инфлүүнсэрүүд шүү дээ. Олон зуун мянган дагагчтай Б.Идэр-Од нарын залууст иргэд итгэж хамаг мөнгөө койн болгоод алдчихсаныг бүгд санах байгаа биз дээ. Монгол даяараа наймаа хийж нэгнийгээ шулж олсон мөнгөө бүгдийг нь өөр нэг шулаачид өгөөд туучихсан. Бид ямар үйлдвэрлэл явуулж чадах биш. Ганзгын наймаагаар л гар дээрээ таван цаас эргэлдүүлж байгаа улс. Гэвч олсон хэдийгээ инфлүүнсэрүүдийн нөлөөнд автаж цаас болгочихсон. Зарим нь бүр өр зээл тавин байдгаа барсан нь худлаа биш. Тэгэхээр энэ бүгдийг хариуцсан хуулийг УИХ яаралтай баталмаар байна.

Цаашид инфлүүнсэрүүдэд хууртсан иргэдээ хохь нь гээд орхиод байх юм уу. Дэлхий нийт хаядаггүй юм байна. Тэгэхээр хэдүүлээ бие биеэ луйвардаж хохироосон том, жижиг гэлтгүй бүхий л асуудалд хууль гаргая. Бид өнөөдөр дарга нарыг луйварчин гээд л зүхээд суудаг. Харин ард түмэн чинь бүгд луйварчин болчихоод байна. Том, бага гэлтгүй байгаа байгаадаа луйвар хийцгээдэг боллоо. Одоо үүнийгээ болих том алхам бол инфлүүнсэрүүдийг зохицуулах хууль гаргах юм. Хэвлэлүүд худал мэдээлбэл хэрэгт ордогтой яг адилхан инфлүүнсэрүүд хүртэл хариуцлага үүрдэг байх ёстой. Иргэдийнхээ итгэлийг ингэж хуулиар хамгаалах хэрэгтэй байна.

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин

Шинэ мэдээ