Пүрэв, 2 сар 29, 2024
-12.9 C
Ulaanbaatar

Батлан хамгаалахын сайд Баян-Өлгий аймагт ажиллалаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Баян-Өлгий аймагт байрлах Зэвсэгт хүчний ангиудад ажиллалаа.

Батлан хамгаалахын сайдыг тус аймагт хүрэлцэн ирэхэд Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хүндэт харуул угтан авав. Тус анги нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хугацаат цэргийн алба хаагчдад мэргэжил олгох сургалтыг барилгын өргөн мэргэжил, хүнд машин, механизмын оператор, засварчин зэрэг чиглэлээр зохион байгуулсан байна. Хугацаат цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтын ажилд оролцсоноор мөнгөн хуримтлал үүсгэхээс гадна мэргэжил эзэмшээд халагдах давуу талтайг ангийн захирагч хурандаа У.Буянжаргал танилцуулав. Харин Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн хувьд сүүлийн жилүүдэд ангийн бүтээн байгуулалт, бие бүрэлдхүүнийг сурган дадлагажуулах талаар гол анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн уг ангийн байрлалд уулын авиралтын спорт заалны барилгын ажил үргэлжилж буй талаар тус ангийн захирагч дэд хурандаа Х.Золжаргал уламжиллаа.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн тус ангиудын штабын байр, алдрын танхим, эрүүл мэндийн төв, цэргийн гал тогоо, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын алба хааж буй орчин нөхцөлтэй танилцаж, санал сэтгэгдлийг нь сонсов.

Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ангиудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж Засгийн газрын үйл ажиллагаа, салбарын эрх зүйн шинэчлэл, бодлогын хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй ажлууд, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшил, манлайлал, нийгмийн хамгааллын талаар мэдээлэл өгч, албандаа итгэл үнэмшил дүүрэн, хичээл зүтгэл өндөр байхыг онцлон дурдсан юм. Түүнчлэн хөдөлмөр, зүтгэл, албандаа хандах хандлагаараа бусдадаа үлгэр жишээч зарим алба хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшууллаа.

Үүний дараагаар Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий алба хаагчдын 150 хүүхдийн цэцэрлэгийн нээлтэд оролцсон юм. Тус цэцэрлэг нь Батлан хамгаалах яамны захиалгаар, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр анги барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэн өгчээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 24 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдгаас монгол хэл дээр сургуулийн өмнөх боловсрол олгодог цэцэрлэг байхгүй. Монгол орны алс баруун хязгаарт ажиллаж амьдарч байгаа тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгохдоо монгол хэлээр сургалт явуулах зайлшгүй шаардлага үүсээд байсан билээ. Энэхүү цэцэрлэг нь хүүхэд багачуудын маань сурч боловсрох нөхцлийг сайжруулах, боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлж, ирээдүйн хөгжил цэцэглэлтийн үүд хаалгыг нээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн улсын тусгай хэрэгцээний газар баригдах 100 хүүхдийн цэцэрлэгийн шав тавих арга хэмнээнд оролцсон юм. Уг цэцэрлэгийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн барилгачин дайчид барьж байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ