Мягмар, 4 сар 23, 2024
11.1 C
Ulaanbaatar

Өө ай даа, хүний амьдрал

"Бурзай, бурзай"- Тэлмэнд, ажлын хамт олноос нь" гэсэн бичигтэй мөнгөний мод тэвэрч суугаа залуугийн харц хаашаа ч яараагүй хачин тайван.

Тэр бас компьютерын процессор, тортой ном тээж явна. Ажлаасаа гарсан, халагдсан аль нь болохыг үл мэдэх ч лав л эргэж ирэхээргүй буцаж явах шиг.

Цэцэгээ нандигнаж, процессороо чирсээр тэр залуу "Анд аа, ярих ажил байна аа" гэж гар утсаараа ярьсаар Гандан дээр бууж одсон.

Ажлаас гарах мэдрэмж, хамт олноо орхих шийдвэр хар аяндаа л гуниг төрүүлдэг. Гэхдээ ажлын сүүлийн өдөр байж болох ч амьдралын шинэ эхлэл ч юм бил үү гэж бодохоор зөнгөөрөө тайтгардаг тэр мэдрэмжийг энэ залуу эрж яваа ч юм шиг, бүү мэд. Энэ муу корона ажилгүй болгосон, эсвэл шинэ эхлэлд өөрөө яарсан ч байж бас болох. Аль нь ч гэсэн амжилт хүсье. Тэлмэн.

Түүнтэй зөрж хөнжил, гудсаа шуудайд чихээд багтаачихсан, гартаа ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрээ тас атгасан өөр нэг залуу автобусанд суулаа. Таамаглавал ажил дээрээ тусгаарлагдаж олон хонохоор зэхсэн бололтой.

- Ажлын үнэмлэх байхгүй, нягтлан нийгмийн даатгалын дэвтэр өгсөн. Асуувал үзүүлнэ. Чи гарсан юм уу, би одоо очиж явна шүү, хурдал хурдал гэж утасны цаадах хэн нэгнийг шавдуулж явлаа.

Ажлаасаа гарч яваа нэгэн байхад очиж буй өөр нэгэн ч байна. Ийм болохоор л

Баяр хөөр, зовлон гуниг
Адил тэнцүү хосолсон хорвоо...гэж дуулдаг байх даа. Өө ай даа, хүний амьдраал

Нийтлэлч: Түмний нэг

Гэрэл зургийг: mpa.mn

Шинэ мэдээ