Лхагва, 4 сар 24, 2024
1.1 C
Ulaanbaatar

Б.Батцэцэг: Монгол Улс, БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хамгийн тааламжтай, өндөр түвшинд хөгжиж байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юу ярив...
-Өнгөрсөн онд зургаан улсын Гадаад хэргийн сайд Монгол Улсад айлчиллаа. Орос, Хятад, Энэтхэг, Япон, БНСУ... гэхчлэн. Дэлхийн бүх орон Гадаад хэргийн сайд нарын айлчлалыг, тэр дундаа эдгээр улсынхыг маш их анхааралтай ажиглаж байдаг...
-Монгол Улс оновчтой бодлого баримталж, хүн амаа вакцинжуулж чадсан эхний 10 орны нэг болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын захирал үүнийг зарлалаа. Хүмүүс анзаараагүй өнгөрсөн байж болох ч далайд гарцгүй, хязгаарлагдмал нөөцтэй улс гэхэд "Ковид-19"-ийн эсрэг авсан хариу арга хэмжээ нь оновчтой байснаараа ОУ-д загвар боллоо...
-Олон улсад “Вакцины дипломат ажиллагаа” гэх нэр томьёо гарсан. Улс хооронд хэрхэн зохицуулалт хийх, иргэдээ яаж татан авах зэргээр цар тахлын үеийн дипломат үйл ажиллагаа өрнөсөн. Бид дэлхийн 87 орноос нийт 34 мянган иргэнээ татаж авсан. Тухайн үед дэлхийн бүх орны гадаад харилцааны салбар "уралдаан" маягтай явсан. Богино хугацаанд иргэдээ татан авч, вакцинжуулсан нь гадаад талдаа Монгол Улсын нэр хүндийг өргөсөн...
-Өнөөгийн энэ эгзэгтэй нөхцөлд Монгол Улсын гадаад бодлогод асар их тэвчээр шаардаж байна...
-НҮБ-ын тогтоолд манай улсаас гадна түдгэлзэх санал өгсөн 30 гаруй улсын дунд Энэтхэг, Пакистан, Вьетнам зэрэг АНУ, ОХУ-ын аль алинтай нь сайн харилцаатай, ОХУ-тай цэрэг, батлан хамгаалахын салбарт ойр дотно хамтран ажилладаг улсууд багтаж байгааг мөн анзаарах хэрэгтэй...
-Украины Ерөнхийлөгч Валедимир Зеленский 2023 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярихдаа хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын өнөөг хүртэлх баримталж ирсэн байр суурийг ойлгож байгаагаа илэрхийлсэн...
-"Гуравдагч хөрш"-ийн бодлогыг илүү идэвхтэй явуулахыг зорьж байна. Энэ хүрээнд 2022 он Монголын хувьд онцгой айлчлалын жил болж өнгөрсөн. Өмнө нь жилд дунджаар хоёроос гурван дээд, өндөр түвшний айлчлал хийдэг байлаа. Сүүлийн 30 жилийн үзүүлэлт шүү. Түүндээ дасчихсан 30 жил өнгөрсөн гэсэн үг. Гэтэл 2022 онд 10 дээд түвшний айлчлал хэрэгжсэн, сайдын түвшинд хэрэгжсэнийг нэмбэл 20 гаруй болно. Асар ачаалалтай ажилласан ч цөөхөн хүнээр давж гарсан...
-Манай улсаас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй гол-тарифын бус саад тотгор болох хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхийн тулд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг Оросын талтай хамтран хэрэгжүүлж байна...
-Дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй учраас дүгнэхэд эрт. Ерөнхий хандлага нь гэвэл Монгол Улсын дундыг баримталсан байр суурь маш зөв юм байна гэдгийг олон зүйл нотолж байна...
-Нийгмийн сүлжээгээр "Б.Батцэцэгээ тийм ийм шийдвэр гаргаач" гээд их явдаг. Дотоодын сэдэвтэй харьцуулахад Гадаад харилцааны сэдэв, маргаан нэн эмзэг. Гарах үр дагавар нь үлэмж, бас төсөөлшгүй...
-Ямар ч нөхцөл байдалд гадаад бодлого нь тууштай, төлөвлөсөн арга хэмжээгээ хийж, идэвхтэй явуулж байх нь өөрөө чухал. Энэ хүрээнд Польшийн Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлалыг үр дүнтэй, амжилттай зохион байгууллаа...
-Хятадын төрийн бодлого нь төрийн өндөр албан тушаалд хэн томилогдохоос үл хамааран урт хугацаанд тогтвортой тууштай хэрэгждэг онцлог уламжлалтай. Тэр тусмаа гадаад бодлого нь ганхахгүй. Өмнө нь хэрэгжүүлж ирсэн бодлогоо илүү нарийвчилснаас бусдаар Монгол Улстай харилцах харилцаанд зарчмын том өөрчлөлт орохгүй гэж хэлж болно...
-Монголын хувьд эмэгтэй ГХ-ийн сайдтай гэдгээрээ тодорхой хэмжээнд анхаарал татдаг. НҮБ-ын гишүүн 193 орны 40 орчим нь эмэгтэй Гадаад хэргийн сайдтай. НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгчийн хамт очих үеэр 20 гаруй эмэгтэй сайд нартай уулзсан юм. Одоогийнх шиг олон ч эмэгтэй сайдтай байгаагүй юм байна. Тиймээс Монгол Улсад эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг зохион байгуулах саналыг Ерөнхийлөгчид тавьсан. Ерөнхийлөгч хүлээж авснаар ирэх зургаадугаар сарын 29-30-нд Улаанбаатарт зохион байгуулахаар болсон. Гадаад харилцааны 38 сайдыг урьсан. НҮБ-ын сайдын түвшний эмэгтэй лидерүүд ирнэ. Тэгэхээр Герман, Канад, Австралиас Гадаад хэргийн сайд нар ирэх нь олон улсын түвшинд анхаарал татах сэдэв. Азид л гэхэд эмэгтэй сайд дөрөв байдаг. Швед, Герман, Дани гэхэд гадаад бодлого нь феминист чиг баримжаатай гэдгээ зарласан улс...
-НҮБ-ын гишүүн 193 орон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг бүгдээрээ урьдаг. Тэр бүгдэд очих боломжгүй нь ойлгомжтой. А.Гутерреш гуайг Монголд ирэхэд дэлхий даяараа анхаарч харсан. Тэрээр Монгол Улсыг “Дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг" гэсэн нь учир утгатай хэлсэн үг. Олон талаас нь судалж үзсэний үндсэнд хүний эрхийг дээдэлсэн, тайван амгалан орон болохыг дүгнэсэн айчлал байсан...
-Бидний хувьд Эгийн голын усан цахилгаан станцыг Оростой, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг Хятадын талтай хамтраад, хоёр хөрштэйгөө хоёр том станц барих төлөвлөгөөтэй байна. Зарчмын хувьд шийдвэр гарсан болохоор аль аль нь ойлгож байгаа. Би хувьдаа төсөл явна гэж бодож байна...
-Хөрш БНХАУ-аас Х Богдтой холбоотой асуудлаар ямар нэгэн ноот бичиг бидэнд ирүүлээгүй...
-Онцолж хэлэхэд Монгол Улс, БНХАУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хамгийн тааламжтай, өндөр түвшинд хөгжиж байна. Тухайлбал, "Ковид-19" цар тахлын үед мөрдөгдөж байсан хатуу дэглэмийн үед манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарыг хүлээж авсан. Бүх улс орон Хятадтай худалдаа наймаа хийхийг хүссэн үед нь, дараалласан хүсэлт гаргасан байхад нь Монгол Улсыг сонгосон нь хоёр орны хамтын ажиллагаанд шинэ цонх нээгдсэнийг харуулсан үйл явдал болсон...
Эх сурв: face.mn

Шинэ мэдээ