Баасан, 3 сар 29, 2024
-5.9 C
Ulaanbaatar

Малчин О.Одгэрэл: Хилийн цэргийнхэн хил зөрчигчийг зодож хөнөөсөн хэргийн төлөөсөнд нутагтаа ханаа тойруулах газаргүй боллоо

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум дахь Хилийн цэргийн 0258 дугаар ангийн нэгдүгээр заставт 2020оны нэгдүгээр сард хил зөрчигч амиа алдсан хэрэг гарчээ.

Амиа алдсан иргэнийг хил хамгаалах байгууллагад матсан хэмээн малчин О.Одгэрэлийг нутгийнхан нь буруутгах болжээ. Тэрбээр энэ хэргээс улбаалж хэдэнтээ нутаг сэлгэж, хүүхдүүд нь сургууль соёлгүй үлдэн, хэдэн мал нь ч үрэгдэж дуусахдаа тулжээ. Энэ тухай малчин О.Одгэрэлтэй ярилцлаа.


-Малчин хүн гэр бүлээрээ нутаг орноосоо хөөгдөх ямар хэрэг мандав?

-Манайх үе удмаараа Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Хаснагтын Улаан хад гэдэг газарт малаа маллаж амьдарч ирсэн айл юм.

Нутаг ус, айл саахалтууд ямар байдаг тэр л малчин ухаанаар малаа өсгөж, нутаг орондоо сайхан амьдарч байлаа. Тэр газар маань хилтэй ойрхон. Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав байдаг. Гэтэл 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр Хилийн застав дээр хил зөрчигч нас барсан хэрэг гарсан. Бид энэ талаар сүүлд л дуулсан. Нутгийн найман хүн хил зөрчсөн, тэднийг хилийн цэргийнхэн саатуулсан.

Гэтэл Застав дээр тэдгээр хүмүүсээс нэг нь нас барсан юм байна. Хавар нь би сумын төв орж машин тэргээ засуулж байтал таарсан хүн болгон "Чи нутгийнхаа хүнийг Цэргийн ангид матаж бариулсан гэсэн. Шанд нь олон сая төгрөг авсан гэнэ лээ. Хэдийг авав", "Чи хил зөрчсөн хүнийг цэргийн ангид матсанаас болж амиа алдлаа" гээд санаанд буухгүй зүйлс хүмүүс ярьж, гадуурхаж хэлэх хэлэхгүйгээр доромжилсон. Ингээд л ерөөсөө ийм яриа сумын төвөөр нэг тарчихсан. Айл саахалтууд ч ингэж яриад л, нөгөө Застав дээр амиа алдсан хүний ар гэрийнхэн ч үзэхээ байсан.

Гэтэл бид чинь тэр талаар ямар ч мэдээлэлгүй, хэзээ хойно нь хил зөрчигчдийн талаар хүмүүсийн амнаас сонссон хүмүүс.

Нутгийн хүмүүсийг матаад явах ёс зүй, хүмүүжил байхгүй. Өмнөхөө л хийж ирсэн. хэдэн хүүхэд хэдэн малаа л гэж явсан айл.

Гэнэт л тогоо хөмөрсөн юм шиг хүний амь нас хохироосон хэрэгт холбогдчихсон. Өнөөдөр хүртэл гурван жилийн хугацаанд манайх гэдэг айл хийгээгүй, хэлж яриагүй хэрэгтээ гүтгэгдэж, очиж буугаагүй сум нутаг гэж үгүй болсон. Хэдэн хүүхэд маань сургууль, сургууль дамжиж сурч мэдсэн зүйл байхгүй, хэдэн мал маань хорогдсоор ямар ч хөрөнгө мөнгөгүй хоосорч үлдчихээд байна. Энгийн мөрөөрөө малчин айлыг ийм ноцтой хэрэгт холбосон газар бол Хилийн цэргийн 0257 дугаар ангийн нэгдүгээр застав гэж бид үзэж байгаа.

-Ямар учраас вэ. Тодорхой баримттай ярих уу?

-Хилийн цэргийнхэн застав дээр нь хүн нас барсан хэргийн мөрийг баллах гэж манайхыг гүтгэсэн. Хэрэг гарсны дараахан Заставын дарга Мөнхтөр манайхаар ороод гарсан юм.

Тэр үеэр "Энэ асуудал дээр та бид хоёрын нэр л их гарч байна даа" гэж битүүлэг зүйлс ярьсан. Би ч "Юу яриад байна вэ, ахын дүү. Мөрөөрөө яваа хүнийг юунд хутгаад байна вэ" гэхэд дорвитой юм ярихгүй яваад өгсөн. Ингээд л удалгүй манайх хүн матсан хэрэгтэн болж, нутгаар нэг ярьж эхэлсэн.

Биднийг арга буюу нутгаасаа нүүхэд Цэргийн ангийн дарга Төмөрчөдөр манай нутгийн залууст "Манай үнэнч мэдээлэгч нүүж байгаа юм байна" гэж хэлсэн байдаг. Энэ бол баримттай. Цэргийн ангийнхан өөрсдөө ингэж ярьж байхад ард олон үнэмшихгүй яах вэ дээ. Бид Застав дээр олон удаа очиж, учир байдлаа ярьсан.

"Би энэ хэрэгт хамаагүй" гэхэд тэд "Тийм ээ" гэдэг. Тэгээд бүр надад "Энэ хүн энэ гэмт хэрэгт хамаагүй" гэж албан бичиг хүртэл бичиж өгсөн, энэ байна (албан бичиг харуулав). Тэгсэн хэрнээ тэр тухайгаа ард түмэнд хэлээд өгөөч, багийн хурал дээр танилцуулаад өгөөч гэхээр "Бид олон түмнээс айж байна" гэдэг. Өмнө нь малчид, хилийн цэргийнхэн, Засаг дарга гэсэн гуравласан хурал жил бүр болж, хилийн цэргийнхэн үйл ажиллагаагаа танилцуулдаг байсан. Гэтэл тэр хэргээс хойш тэд ард иргэдтэй уулзахаа больсон.

-Хилийн цэргийн ангийнхан яагаад заавал танайхыг гүтгэнэ гэж?

-Нас барсан хил зөрчигчийг өөрийгөө боомилж золгүй байдлаар нас барсан гэж хилийн цэргийнхэн ар гэрт нь хэлсэн гэдэг. Үнэн хэрэгтээ зодуулж нас барсан гэж нутгийнхан ярьдаг юм билээ. Тухайн үед талийгаачтай хамт саатуулагдаж байсан Дашрэнчин гээд залуу "Тэр өдөр хилийн цэргийнхэн биднийг хээр аваачаад нэг, нэгээр нь зодсон. Хэн зодож байгааг мэдэгдүүлэхгүйн тулд нүдийг маань боож байгаад зодож байсан" гэж надад хэлж байсан.

Мөн хэрэг гарах үед багийн эмч дуудлагаар цэргийн анги дээр явж очиход талийгаачтай хамт саатуулагдсан хүмүүс бүгд халуун паарнаас хүлээстэй, уйлж орилсон нүд халтирмаар угтсан гэсэн. Эмч цэргийн ангийн хүмүүсийг уурлаж загнаж байж тэр хүмүүсийн хүлээсийг нь тайлуулсан байдаг. Тэдний дунд байсан хөл муутай залуутай дараа нь эмнэлэг дээр таарсан. Зодуулаад хөл нь бүр дордчихсон явсныг харсан.

Талийгаачийг боомилж нас барсан гэх шрүпп хүн даах битгий хэл гарын аясаар унаад ирж байна гэж хүмүүс ярьдаг. Тиймээс хил зөрчигч цэргийн анги дээр амиа хорлоогүй, зодуулж нас барсан байх магадлалтай. Ийм ноцтой хэргийг дээдэл байгууллага Хил хамгаалах ерөнхий газар нь мэдэхгүй өнгөрсөн болов уу.

Хилийн цэргийн 0257 дугаар анги дээр хил зөрчигчийг зодож танхайрсан тохиолдол өмнө нь гарч байсан. Бүр энэ тухай цэргийн ангийн ахлагч надад ярихдаа "Хил зөрчигчийг хуулийн дагуу барьж авсан. Цэргийн анги дээр авчраад хүлээлгэж өгсний дараа дарга нар тэднийг зодсон. Тэр хэрэг эргээд дарга нарыг ороож, хил зөрчигчдийг асуудал гаргах вий гээд ямар ч хариуцлага хүлээлгэхгүйгээр суллачихлаа" гэж ярьж байлаа.

Хил зөрчигч цэргийн анги дээр нас барснаас болж ард иргэд жагсаал зохион байгуулж эсэргүүцэл илэрхийлж байсан. Тиймээс тэд нэрээ цэвэрлэж хариуцлагаас бултахын тулд гэмгүй номхон ард руу буруугаа тохож, ард олны уур бухимдлыг өөр тийш эргүүллээ гэж хардаж байна. Ингэхээс аргагүй бодит нөхцөл байдал өнгөрсөн гурван жилийн хугацаанд өрнөж, таван нялх хүүхэд ядарсан малчин айл очих нутаглах нутаггүй болж явна шүү дээ. Хил хамгаалах байгууллагад маш их гомдолтой байна. Бид чинь хүн матах битгий хэл хил рүү ойртох эрхгүй. Тэнд хэн яаж юу хийж явааг хэн мэдэх билээ.

-Талийгаач ямар хүн байв. Ар гэр нь юу гэх юм бэ?

-Б гэдэг, 50 гаруй насны хүн байсан. Бид энгийн л гэмгүй харьцаатай нутгийн хүмүүс байлаа. Бидэнд өш хонзон байхгүй. айл саахалт амьдарч ирсэн хүмүүс. Ар гэрийнхэн нь мэдээж хүнээ алдсан хүмүүс ямар л сайн байх вэ.

Ялангуяа манайхыг матсан гэдэг худал гүтгэлгийг дуулаад дагаад л биднийг буруутгаж байсан. Үнэхээр тэд ч бас хүнийхээ амийг хил хамгаалах байгууллагаас нэхэх хэрэгтэй.

-Олон газраар нүүж суудалласан гэлээ. Үнэхээр хэрэг хийгээгүй л бол нутагтаа амьдарч болоогүй хэрэг үү?

-Хийгээгүй хэргийн төлөө амтай бүхэн ярьж хэлж, "Зайлаач та нар, матаачид" гэж байнга дарамтлуулах хэзээ ч хүлээн зөвшөөрч тогтох боломжгүй болдог юм байна. Мэдээж бид нутагтаа төрж өсөж үе дамжин амьдарч ирсэн. Тэндээ л идээшсэн хүмүүс холдохыг хүсэхгүй шүү дээ.

Байнгын хүмүүсийн дарамт, шахалт, хүүхдүүдийг маань ч үг хэлээр доромжлох газар нутагт амьдарч болохгүй намар нь Бүрэнтогтох сум руу аавынхаа нутаг руу нүүж очсон. Ах дүү нар маань ч хүлээж авдаггүй. "Миний аав мөрөөрөө хүн байсан. Гэтэл чи эцэг эхийнхээ нэрийг гаргалаа. Тэр нутагт олон жил амьдарчхаад бүхэл бүтэн айл сүйрүүлчхээд чи ирдэг" гээд нөгөө яриа ахиад л эхэлсэн.

Тэгэхээр нь Арбулаг сум руу нүүж үзлээ. Тэндээ очоод 4-5 cap боломжийн гайгүй амьдарч байтал нөгөө яриа ахиад л тараад "Зайл нүдний, булайнууд. Орох байх газраа олж яваа юм билээ. Мөнгөө багтааж ядаж яваа гээ биз дээ. Ядарч биш задарч яваа улсууд гэсэн байх аа" гэсэн яриа гарч эхэлсэн. Арга буюу буцаад өөрийн нутагтаа очлоо. Өвөлжөөг маань худалдаж авсан айл ээжийн маань өвөлжөөг харж үлдсэн юм. "Болохгүй бол буцаад эндээ ирээрэй" гэж байсан хүмүүс эргээд очтол нөгөө л ярианд автчихсан хөөж тууж эхэлсэн.

Ингэж явах чинь айл гэрт их л хор хохиролтой юм байна. Хэдэн мал маань хорогдож малчин хүнд үнэхээр хэцүү болдог юм байна. Бүр нутагтаа ханаа тойруулах газар ч олдохгүй явна.

-Таван хүүхэдтэй гэв үү. Хүүхдүүдийн хичээл сургууль ч нэлээд завсарджээ?

-Тэр ч бүр аюултай. Нэг сумаас нөгөө сум руу яваад сургуульд оруулдаг. Хэдэн cap ч болохгүй дахиад өөр сум руу явдаг. Ингэж явсаар багш нар нь ч хүлээж авахаа больдог юм байна. Хүүхэд ч сурсан зүйл байхгүй, хичээлийн дүн нь гарахгүй.

Эхнэр маань айлын өргөмөл ганц хүүхэд. Хадам ээж маань бие муутай, биднийг дагаад л настай хүн нүүдэллэсээр ирлээ. Өвчтэй настай хүнд маш хэцүү байдаг бололтой. Уйлаад л суух юм. Эхнэр маань энэ хүнд нөхцөл байдалд байнгын сэтгэлийн хямралд байсаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхдээ туллаа. Эмчлүүлж гарч ирээд ч нэмэргүй, хүний хэлж ярихыг ч ойлгохгүй амьдралаараа тоглуулж явна, ах нь.

-Заавал нутагтаа гэхгүйгээр өөр газар нутагт сайхан идээшээд амьдарч болохгүй хэрэг үү?

-Арга буюу Улаанбаатар хотыг бараадаж, Төв аймгийн Эрдэнэ суманд нүүж ирсэн. Үлдсэн хэдэн малаа нутагтаа айлд гуйгаад л үлдээсэн дээ. Авч ирэх зардал мөнгө, авчраад өвөлжөө бууц гэж байхгүй. Хүүхдүүдээ Улаанхуарангийн сургуульд оруулсан боллоо. Ингээд хийж чадах зүйл бидэнд чинь мал маллах л учраас ажил хайж үзлээ. Манай нутгийн нэгэн компанийн захиралтай овоо сайн ойлголцоод малыг нь маллахаар болтол гэнэт л больчихлоо. Сураг дуулах нь ээ, манай сумын Засаг дарга биднийг "Сайн хүмүүс биш" гэсэн бололтой. Хил хамгаалах байгууллагаас улбаатай ийм нэгэн аюултай гүтгэлэг явсаар биднийг хаана ч ажил хөдөлмөр эрхлэх, амьдрах эрхгүй болгочхоод танай сонинд хандаж байна.

Энэ нөхцөл байдлыг маань Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар анхааралдаа авч, шийдвэрлэж өгөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бид хилийн цэрэгт хил зөрчигчийг матаагүй. Үүнийг албан ёсоор нутгийн хүмүүст маань хэлж ярьж өгөхийг л хүсэж байна. Өмнөх шигээ гэр бүлээрээ малаа маллаад нутагтаа л сайхан амьдармаар байна даа. Өөр хүсэх зүйл алга, ахад нь.

Шинэ мэдээ