Пүрэв, 4 сар 25, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Г.Батбаатар: Д.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадаагүй

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр ийн яриав. Тэрээр "Д.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадаагүй. Зүгээр холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болсон. Хавтаст хэргийг уншихад энэ гурав хэргийг үйлдсэн юм байна гэдэг итгэл үнэмшил төрж байсан" гэсэн юм.

Түүний Өдрийн сонинд өгсөн бүтэн ярилцлагыг уншина уу.

С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон явдал олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Ялангуяа гурван шатны шүүхээр ял сонссон хүмүүс цагаадаж байгаа нь шүүхийн практикт байгаагүй, ээдрээтэй нөхцөл байдал болж харагдаж байгаа юм.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрх чөлөөтэй болгосон гэх эрүү шүүлтийн хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын өмгөөлөгч, хуульч Г.Батбаяртай ярилцлаа.


-С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн учраас тэдний ялыг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокурорын байгууллага танилцуулаад удаагүй байна. Эрүү шүүлтийн хэрэг дээр нь ажиллаж байсны хувьд танаас энэ процессыг хэрхэн дүгнэж байгааг сонирхъё?

-Ер нь шүүх зөвхөн хүнийг цагаатгах тогтоол гаргана. Ингэснээр тухайн этгээд цагаадсан буюу хэлмэгдсэн юм байна гэдэг итгэл үнэмшил бий болно. Харин Д.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар цагаадаагүй. Зүгээр холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болсон.

Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна гээд байгаа юм уу эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэв үү. Хөөн хэлэлцэх хугацаа ярьж байгаа учир нь энэ хэрэг 1986 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг. Тэгэхээр 2002 оны Эрүүгийн хууль үйлчлээд 2017 онд үйлчлэл нь зогсож байсан. Түүний дараа дахин шинэ Эрүүгийн хууль, ЭХХШТХ үйлчилж байх үед хэрэгсэхгүй болж байгаагаараа онцлогтой. Энэ хуулиуд тус бүрдээ өөр, өөрийн онцлогтой. Хөөн хэлэлцэх хугацааг өөр, өөрөөр тоолно. Мөрдөн шалгах ажиллагааны арга барилуудыг өөр, өөрөөр тодорхойлно. Түүнээс хамаарч энд улс төр маш их орсон хэрэг. Үнэн бодитоор шийдэгдэхгүй байх магадлал маш өндөр. Хохирогч өөрөө улс төрийн нэрт зүтгэлтэн байсан гэдэгтэй холбогдуулаад улстөрчид орж ирээд байдаг. Ингэж 20 гаруй жилийн хугацаанд тархи угаасаар “Тэртээ тэргүй хүн хэлмэгдэж байгаа юм байна” гэдэг итгэл үнэмшлийг нийгэмд бий болгосон. Худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэгчээр худлаа таамаглал яриад байхаар жинхэнэ алуурчин илэрчихсэн байсан ч худлаа даа гэдэг итгэл үнэмшилтэй болгоод хаячихсан. Тийм учраас энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болгож байхад иргэд шүүхээр цагаадчихсан юм шиг ойлгоод байна.

-Та хавтаст хэргийг бүтэн уншсан уу?

-Уншсан. Уншаад “Энэ хэргийг энэ гурав үйлдчихжээ” гэсэн итгэл үнэмшил төрж байсан. Гурван шатны шүүхээр ч шийдэгдчихсэн. Гурван шатны шүүх зөвхөн баримтан дээр тулгуурласан.

Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй. Худлаа ярьж болно. Ер нь хэргээ хүлээдэг хулгайч гэж хаана ч байхгүй. Шүүгдэгчдийн мэдүүлгүүд нь ил болсон шүү дээ. Д.Амгаланбаатар гэхэд Б.Булганы биеийн онцлог, шинж тэмдгийг яг таг хэлж байсан гэх мэт. Энэ бүхнийг тэр яаж мэдсэн байх вэ, түүнд хэн хэлж өгөх вэ. Зам шалгалтаар орц руу ороод “Мөн үү, биш үү” гэхэд “Биш ээ, тэр орц шүү дээ, энэ хаалга мөн шүү дээ” гэх жишээтэй. Гэрчүүд байна. Тэд бүгд худал мэдүүлэг өгөх үү. Гэрчүүд шууд таньдаг. Дээр нь үүн дээр шинжлэх ухааны үндэслэлтэй, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашигласан. Г.Эрдэнэбат прокурор ч хэлдэг шүү дээ. Шүүгдэгчийн мэдүүлгээр яваагүй. Ялтны мэдүүлгээр энэ хэргийг шийдээгүй гэж. Угаасаа шүүх хурал дээр та ярьж ч болно, ярихгүй байж ч болно гэж шүүгч хэлдэг. Энэ нь та худлаа ярих эрхтэй. Худлаа ярьснаар гэрч шиг хууль сануулдаггүй. Энд мэдээж нотлох баримтуудаар хэргийг тогтоочихсон байгаа. Шүүгч уншаад танилцчихсан. Мэтгэлцээний явцад тэр итгэл үнэмшлээ бататгах гэж шүүх хурлыг хийдэг. Ингээд л шийдсэн хэрэг.

-Гэтэл хэрэг хэрэгсэхгүй болж байгаа нь шүүхийн шийдвэр юу болчихов оо гэдэг асуулт өнөөдөр хүртэл хариултгүй байгаа л даа. Нөгөө талаар цагаадсан хүмүүс эрүүдэн шүүгдсэн гэж ноцтой зүйлс ярьсаар байгаа?

-Шүүх тухайн нотлох баримтыг эргэлзээгүй байдлаар хянаад шалгасны эцэст хөдөлбөргүй гэж үзсэний үндсэн дээр шийдвэрээ гаргадаг. Эргэлзээтэй байвал буцаана. Ингээд энэ хэрэг шийдэгдсэн. Тухайн үед зарим хэсгүүд шүүгдэгчид хэргээ хүлээчихсэн байдаг. Тэгчихээд одоо болохоор “Тэр үед надад хар тамхи татуулчихсан юм шиг байна лээ” гэдэг.

Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгасны улмаас шүүх хуралд ороод хэргээ хүлээсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэрэв үнэхээр мөрдөн шалгах явцад эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүй хэргээ хүлээж байсан бол өмгөөлөгчид нь юу хийж байсан хэрэг вэ. Өмгөөлөгчид нь шүүх хурал дээр “Манай үйлчлүүлэгчид эрүү шүүлт тулгаад түүний улмаас аргагүйн эрхэнд хүлээж байгаа юм” гэж яагаад хэлээгүй юм бэ. Тиймээс тухайн үед хөдөлбөргүй нотлогдоод шүүхээр шийдэгдсэний дараа гэнэт төр засаг солигдоод МАН гарч ирсний дараа энэ хэрэг гэнэт задарч, эрүү шүүлт гэдгээс болж буцсан.

-Хорих ангид Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд Д.Амгаланбаатар орж айлган сүрдүүлснээс эхлээд л эрүү шүүлтийн үйлдлүүд байдаг юм биш үү?

-Тэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн л буруутай. Тухайн шийдвэр гүйцэтгэлийн байранд болоод байгаа, хоригдлууд нэг нэгнийгээ дарамтлаад байгаа үйлдэл шүүхийн шийдвэртэй л холбоотой. Түүнээс биш тагнуул, байцаагч нар буруугүй. Тийм байхад баахан байцаагчдыг эрүү шүүлт тулгасан гэж оруулж ял өгөөд дараа нь шинээр илэрсэн нөхцөл гэж хэргийг буцааж байгаад хэргийг мэдүүлэг нотлох баримтан дээр дүгнэлт гаргаж байгаад хэрэгсэхгүй болгож байгаа юм. Тэгж байж С.Зоригийг хэн хөнөөснийг тогтоож нэгэнт шийдвэрдэгдсэн хүчин төгөлдөр тогтоолоор үйлчилж байсан хэргийг мөрдөн байцаалтад авчирч байгаад л хэрэгсэхгүй болголоо.

-Одоо энэ шийдвэрийн үр дагавар юу болох вэ. Логикоор харахад эрүү шүүлт тулгаж ял оноосон хүмүүсийг хариуцлагад татах нөхцөл байдал үүсэв үү?

-Эрүү шүүлт тулгаснаас үл хамаараад тухайн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрээ гаргасан шүүгч нар, прокурорууд, мөрдөн байцаагч, тагнуулынхан, гүйцэтгэх ажиллагааны ажилтнууд бүгд ял авах нөхцөл бүрдчихлээ. Хортой үр дагавар нь энэ шүү дээ. Гэтэл энэ чинь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тус бүрээр нь бий болгосон баримтуудыг яаж үгүйсгэж, яаж няцааж байна вэ. Шүүх шууд нотлох баримтуудыг үзсэн, хоёрдугаар зэргийн нотлох баримтуудыг ч харсан. Тэгээд л шийдвэрээ гаргасан. Гэтэл тэр олон баримтуудыг яаж няцаасан юм бол. 19 жилийн турш цуглуулсан баримтыг яаж няцаагаад байгаа юм бэ. Хэрэгтнүүд шүүх хурал дээр хэргээ хүлээж байсан зарим мэдүүлгүүдийг яах вэ.

Ингээд хэргээсээ шал өөр зүйл рүү орчихож байгаа юм. ЭХХШТХ-ийн 1.1-д заасан зөрчигдсөн эрхийг сэргээдэг, хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалдаг, гэмт хэрэгтэнд ял үл завшуулах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг зарчмаас хазайчихлаа. Энэ нь хэсэг бүлэг хүний үйлдсэн гэмт хэрэг гэхээс илүүтэй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт биелүүлэлтийн замбараагүй байдалд оруулаад ард түмний төрд, шүүхэд итгэх итгэлийг алдагдуулж байгаа юм.

Д.Амгаланбаатар бол алуурчин шүү дээ. 2006 онд таксины жолоочийг хөнөөгөөд “жиргээд” цаазын ял сонсоод амь хэлтэрсэн хүн. Гэртэйгээ шатаж үхсэн зургаан хүнийг яах вэ. Шинжээчийн дүгнэлт цахилгаанаас болсон гэж нэг гараад л, дараа нь гадна нь шүдэнз зурсан байна гэж гардаг. Энэ хэрэг цагаадаагүй. Сэргээхэд амархан. Учир нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол Нийслэлийн хяналтын прокуророос гарсан. Энэ тогтоолд хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд болох Хурц, Эрдэнэбат, Баяр гэд хүмүүс гомдол гаргаснаар дахин хэргийг сэргээх боломжтой. Тэр үед хэлмэгдүүлсэн үү, үгүй юу гэдгийг зэрэгцүүлэн шалгах ёстой юм.

-Цагдаагаас энэ хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн саналыг прокурорт таван удаа ирүүлсэн гэж байгаа. Эцэст нь прокурор хүлээж авлаа гэж олон нийтэд зарласан. Хуулийн хүрээнд зөв үү?

-Олон удаа хэрэгсэхгүй болгох санал хүргэх тусам прокурорын байгууллага хүлээгээд авчихдаг хэрэг үү. Тэр нь учир дутагдалтай. Прокурор “Би мөрдөн шалгах ажиллагаанд оролцож чадахгүй юм чинь...” гэдэг байдлаар хандаад байгаа юм уу. Үүнийг тодорхой болгоё гэвэл бүгд адилхан шалгуулах хэрэгтэй. Тэр ажлын хэсэгт орсон хүмүүсийг бас шалга. Илрүүлсэн, хэрэгсэхгүй болсон хүмүүсийг ч шалга.

-Шүүгдэгчдийн мэдүүлгийг нотлох баримтад үнэлдэггүй гэлээ. Тэгвэл тэднийг яг нотолсон ямар баримтууд байдаг юм бэ. Ярих боломжтой хэсгээс нь дурдаж болох уу?

-Ерөөсөө Д.Амгаланбаатар гянданд байхдаа энэ хэргийг нүдэнд харагдтал ярьдаг. Бүр нарийн, хэргийн шалтгаант холбоо, үйл явдлын дэс дарааллаар ярьж байгаа нь энэ гэмт хэргийг туйлын сайн мэдэх хүн гэж шууд харагддаг. Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр Д.Амгаланбаатарын яриаг няцааж чаддаггүй. Тэд одоо л бид гэмт хэрэг хийгээгүй гэж ярьж байгаа болохоос хэрэгт татах үед хэзээ ч ийм зүйл ярьж байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад илрээд байгаа нотлох баримтуудыг ч тэд няцааж чадаагүй. Зам шалгалтаар явахдаа мөрдөгчдийн мэдээгүй байсан маш олон зүйлийг ил болгож өгсөн. Ойлгомжгүй байсан, ээдрээтэй байсан зүйлийг тайлж өгөөд байсан. Хөнгөн ял авахын тулд мөрдөн шалгах ажиллагааны явцад зарим талаараа тусалдаг ч байсан нөхцөл байдал харагддаг.

Шинэ мэдээ