Баасан, 12 сар 1, 2023
-24.9 C
Ulaanbaatar

Т.Бадамжунайгийн ах Ж.Намшрай: Түүнээс эх орон, нутаг усныхнаа гэсэн сэтгэл байнга мэдрэгддэг

Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунайг гадаадад байхад нь авлига, албан тушаалын хэрэгт буруутган эх оронд нь баривчилан авчирсан. Энэ талаар түүний ах, өндөр настан Ж.Намшрай: -Бид нэг нутаг усны хүмүүс. Тийм болохоор Т.Бадамжунайг бараг төрөхөөс нь авахуулаад андахгүй. Хөдөө мал аж ахуйд эцэг, эхийнхээ гар дээр өссөн хүүхэд. Манай хадам аав, ээж хоёр нутаг усныхандаа ам сайтай, сүрхий ажилсаг, малчин хүмүүс байв. Т.Бадамжунай Чулуут сумынхаа бага сургуульд элсэн орж байсныг би санаж байна. Жаахан байхын л дуу цөөтэй, томоотой, даруухан хүүхэд байсан. Төрд ажиллаж байхдаа хүртэл яг л энэ хэвээрээ. Төлөв түвшин, хийж байгаа ажилдаа тун ч хариуцлагатай нэгэн байсныг ард түмэн мэднэ. Онгироо, сагсуу зан түүнээс өчүүхэн ч үзэгддэггүй. Хүнд их тусархуу. Олноор хүрээлүүлсэн, найз нөхөд сайтай хүн байгаа юм.

Т.Бадамжунай бурхан номд их сүсэгтэй. Шашны аливаа үйл ажиллагаанд их өгөөмөр ханддаг. Тээр жил түүнтэй хамт Хархорин руу очсон юм. Тэндэхийн лам Баасансүрэн гэдэг залуу байдаг даа. Тэр хүү Хархориныхоо баруун хойд талд шинээр юм бүтээж босгож байсан. Тэрэнд нь Т.Бадамжунай лав хандив өргөж байгаа харагдсан. Тэгэхэд нь би дотроо түүнийг их л үнэлж байлаа. Бас нутгийнхаа ойд хүртэл өөрийнхөө чадахаараа тус дэм болж байсан. Ер нь түүнээс эх орон, нутаг усныхнаа гэсэн сэтгэл байнга мэдрэгддэг. Тиймдээ ч аливаа арга хэмжээнд гараа харамгүй сунгаж, тусалж, дэмждэг байлаа. Хувь хүнийх нь суурь хүмүүжил юм даа. Дээрээс нь аавынх нь сүшиг бишрэл бас нэлээд үлгэрлэсэн байх. Манай хадам аав бурхан шашны үзэлтэй, сүсэг бишрэлтэй, сайхан хүн байлаа. Нэлээд өндөр насалсан даа гэв.

Өдрийн сонинд өгсөн ярилцлагын хэсгээс

Шинэ мэдээ