Пүрэв, 3 сар 28, 2024
-1.9 C
Ulaanbaatar

Ноос, ноолуур, сүү, оёдлын салбарын төсөлд Хөгжлийн банк 150 тэрбумын алдагдал хүлээжээ

Хөгжлийн Банк(ХБ)-ны өнөөдрийн сонсголд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)-ийн зээлийг хэлэлцэж буй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: “Энэ хөтөлбөр нь эцсийн бизнес эрхлэгч нарт найман хувиар олгогдсон зээл. Тухайн үед бизнесийн энгийн зээл 18-19 хувийн хүүтэй байв. Хоёрдугаарт, энэхүү зээлийг арилжааны банкаар бус ХБ буюу Чингис бондоос гаргасан мөнгө. Өнгөрсөн хугацаанд ХБ-ны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан 17 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон.

Үүнээс одоо яригдаж байгаа Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл нь бусдаасаа нэг ялгаатай. Өмнөх хөтөлбөрүүд дээр салбар яам нь шаардлага хангасан компаниудын жагсаалтыг бэлтгээд арилжааны банканд хүргүүлдэг. Арилжааны банк нь шалгаж үзээд ямар компанид хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой болохыг нь тэмдэглээд ХБ руу илгээх ёстой. Түүнд нь тохируулаад ХБ санхүүжилт олгодог схемтэй байсан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ХБ нийт 269 тэрбум төгрөгийг нэг дор Голомт банк руу олгосон. Тухайн үед 2013 оны наймдугаар сарын 15-нд буюу ам.долларын ханш 1,568.2 төгрөг байсан. Голомт банк 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд ам.долларын ханш 2,489.5 төгрөг байхад эргэн төлөлтөө хийсэн. Энэ хоорондох дөрвөн жилийн хугацаанд ХБ нийт 158 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн юм. Нөгөөтээгүүр, Голомт банк руу олгосон 5.5 хувийн хүүгийн зөрүүгээс ХБ энэ хугацаанд 822 тэрбум төгрөгийн ашиг олсон. Ингээд үзэхээр ХБ зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд 150 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн" гэв.

Шинэ мэдээ