Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Үр удам олон байхыг бэлгэшээж "Наурыз"-аар будаатай шөл хийдэг

Арван нэгэн хүүхэд төрүүлж, өсгөсөн “Казахын сайхан ээж” өргөмжлөлт, өндөр настан С.Нурбике гуайтай уулзаж ярилцлаа. Өдгөө нас сүүдэр 73-ыг шүргэж яваа энэ буурал үр хүүхэд, ач, зээ нараа тойруулан Улаанбаатар хотод энх тунх аж төрж байгаа юм. -Танд “Наурыз”-ын баярын мэндийг хүргэе. Баяраа яаж тэмдэглэх гэж байна вэ? -Баярлалаа. Казах үндэсний баяр “Наурыз” айл бүрт аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай. Баярын өдрөө ах дүү, төрөл төрөгсөд, үр хүүхэд, худ ураг гээд олон айлаар зочилно. Мэдээж ганц өдрийн дотор амжихгүй болохоор баяр маань нэлээд хэдэн хоног үргэлжлэх юм. Тэгээд ч одоо бүх зүйл орчин үеийн маягтай болчихсон санагддаг. Хуучин таньж, мэдэхгүй нь хамаагүй хүсвэл баярын өдөр айл бүрт орж идээ, цагаа амсч гардаг байлаа. Харин одоо уриагүй, урилгагүй л бол тэр бүр мэддэггүй айлд очоод байдаггүй болсон.

-Таныг хүүхэд байхад “Наурыз”-ын баярыг ямаршуухан тэмдэглэдэг байсан тухай сонирхуулахгүй юу. Тэр үед ч гэсэн одоогийнх шиг бэлэг сэлт гэдэггүй л байв уу?

-Намайг хүүхэд байхад ч “Наурыз”-ыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан. Ах дүүсээрээ ахмад настныдаа цуглаж, найрлан, дуулж хуурдаад л өнгөрүүлнэ. Архи, дарс хэрэглэхгүй. Хөгшин залуугүй энэ өдөр казах үндэсний хувцсаараа гоёж сайхан байж билээ. Одоогийн зарим нэг залуусыг эс тооцвол “Наурыз”- аар үндэсний хувцсаар гоёдог уламжлал хэвээр байгаа. Т Намайг хүүхэд байхад одоогийнх шиг гэрт ирэх хүн бүрийг угтаж, дайлж, хүлээгээд суудаггүй байсан. Айл бүр баярын идээ, цагаагаа бэлтгэж тавиад гэрээ цоожгүй үлдээгээд явчихдаг хэрэг л дээ.

Таних, танихгүй нь хамааг үй тухайн айлыг зорьж ирсэн л бол бэлдэж тавьсан зоогноос амсаад явна. Тэр үеийн хүмүүс одоогийн хэлээд байдаг шиг хулгай энэ тэр гэсэн юм бараг мэддэггүй байлаа шүү дээ. Үнэт эдлэл байсан газартаа байж л байна. Харин бэлэг гэж сүйд болоод байдаггүй. Нас өндөр болсон хүмүүст, аав, ээждээ хүүхдүүд нь бэлэг өгч болно л доо. Гэхдээ “Цагаан сар”- ын баяр шиг хүний тоогоор бэлэг өгдөггүй.

-Халх ёсонд Цагаан сарын өглөө, мөр гаргаж, золгодогтой адил казахууд “Наурыз”-ын өглөө ямар зан заншлыг үйлддэг тухай ярьж өгөхгүй юу?

-Өдөр шөнийн тэнцэл болсон гуравдугаар сарын 22- ны өдөр казахууд “Наурыз”- ын баяраа тэмдэглэж ирсэн уламжлалтай. Баярын өглөө ургах нарнаар эрэгтэйчүүд гол, горхи, булагны нүдийг нээж, эмэгтэйчүүд, хөгшчүүл сүү цагаа, идээ ундааныхаа дээжийг барьж нар мандахыг хардаг жаяг бий. Дараа нь хоорондоо золгож, бие биедээ баяр хүргэдэг юм. Мөн өндөр настнууд нь залуустаа сургаал хайрлаж, “Наурыз көже”, идээ цагаагаа зооглодог. “Наурыз көже” гэдэг нь “Наурыз шөл” гэсэн утгатай. Манай ёсонд “Наурыз”-аар будаатай шөл хийдэг юм. Үр удам нь олон байхыг бэлгэшээж казахууд будаатай шөл хийдэг гэж хуучны хүмүүс ярьдаг байсан.

-Та аль нутгийн хүн бэ?

-Баян-Өлгий аймгийн Дэл үүн сумд төрж өссөн. Аавыг маань Сүлеймен гэдэг байсан. Би өөрөө айлын долоо дахь хүүхэд байгаа юм. Эхээсээ олуулаа өссөн дөө.

-Хэзээнээс Улаанбаатарт суурьшсан бэ?

-Улаанбаатар төмөр замд ажиллахаар 1955 онд нутгаасаа гарч, тэр цагаас хойш нийслэлд аж төрсөн. Өвгөн маань ч гэсэн тухайн үед төмөр замд ажиллахаар Улаанбаатарт ирж байсан юм. Бид нэг жилийн дараа 1956 онд гэр бүл болж гал голомтоо бадраасан. Төмөр замд хамтдаа ажиллаж байгаад хуучнаар Чойр хот руу нүүсэн. Тухайн үед Чойрт манайхаас өөр казах айл байгаагүй. Ингээд таван жилийн дараа буцаад Улаанбаатарт ирж, суурьшсан юм.

Манай өвгөн С.Сейлхан гэж хүн байсан. Дөрвөн жилийн өмнө хорвоог орхисон. Бид Чойроос Улаанбаатарт нүүж ирдэг жил тэр маань цэргийн ангид автомашины засварчны ажилд орсон. Харин би хүүхдүүдээ өсгөж хэсэг хугацаанд гэртээ л байсан. Учир нь тэр үед цэцэрлэг, ясли ч байгаагүй. Ингээд хэдэн жилийн дараа хуучнаар Гэр ахуйн оёдлын үйлдвэрт оёдолчин хийсэн. Улсад 25 жил ажиллаа. Манайх нэлээд өнөр гэр бүл байгаа юм. Олон хүүхэд, төрүүлж өсгөлөө.

-Олон хүүтэй айл гэж сонссон юм байна. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Би арван нэгэн хүүхэд төрүүлсэн. Найман хүү, гурван охинтой. Том хүүгээс маань бусад нь эрүүл энх аж төрж байгаа. Бүгдээрээ тус тусынхаа амьдралыг зохиож, гэр бүл болцгоосон. Нас өндөр болсон хойно төрүүлсэн үрээ алдана гэдэг хэцүү байдаг юм байна. Миний том хүү олон жил цэргийн ангид ажиллаж, өндөр насны тэтгэвэрт 2005 онд гарсан. Тэр жилээ хорвоог орхисон доо.

-Таны хүүхдүүд тань одоо, хаана, юу хийдэг вэ?

-Бүгд өөрийн гэсэн ажил төрөлтэй. Тэдний дунд багш, хуульч,цагдаагийн байгууллагад шинжээч, цахилгаанчин, жолооч, цаг уурч, барилгын мэргэжилтэй нь ч бий. Нэг хүү маань одоо Солонгост аж төрж байна.

-Таны хүүхдүүд бүгд гэр бүл болцгоосон гэлээ. Тэгэхээр ач, зээтэйгээ нийлээд нэлээд өнөр өтгөн болсон биз?

-Өөрийн төрүүлж өсгөсөн арван нэгэн хүүхдээ, ач, зээтэйгээ нийлүүлбэл 50 хүрсэн байх. Харин гуч, жичээ үзээгүй л байна. Үр хүүхд үүдийн маань заяа түшиж, сэтгэл хангалуун аж төрж байгаадаа баярлаж суудаг.

-Ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхэд яаж зав гаргадаг байсан бэ. Тэр үеийн дурсамжаас ярихгүй юу. Хөгтэй явдлууд их биз?

-Ажлынхаа хажуугаар бүхнийг амжуулах гээд цаг завгүй л явдаг байлаа. Биднийг залуу байхад одоогийнх шиг бэлэн юм байхгүй шүү дээ. Одоо бодоод байхад хүмүүс нь ч харанхуй, бүдүү- лэг байж. Ямар сайндаа плитка хэрэглэхгүй байх вэ дээ. “Тэр чинь тог их иддэг, тэр хэрээр мөнгө их төлнө гэнэ” гээд тэрүүхэндээ шивэр авир болцгоодог үе байсан. Хүүхд үүд эхнээсээ өсч, юу ч гэсэн ах нь дүүгээ хувцаслаж, хоол ундыг нь идүүлчихдэг болсон үед жаахан амсхийсэн байх. Тэрнээс өдөр бүр нормын ажилтай хүнд бараг амрах зав гарахгүй. Долоо хоногийн ням гаригт л амарна. Хүүхдүүдээ усанд оруулж, хувцас хунарыг нь угааж индүүднэ. Хоол унд хийж, гэрээ цэвэрлэсээр амралтын өдрийг өнгөрөөнө. Гэтэл одоогийн хүүхдүүд долоо хоногийн хоёр өдөр нь амардаг хэрэн завгүй гээд явж байдаг. Ямар ч гэсэн хүүхдүүдээ идэх хоолгүй хонуулж байгааг үй. Арван нэгэн хүүхдийн эхний тав нь хүү байсан. Хөвгүүд маань их дуулгавартай, охин хүүхдээс дутахаарг үй гэрийн ажилд нямбай байсан болохоор ээждээ их тус хүргэнэ. Харин дунд сургуульд дөрөв, таваараа зэрэг сурдаг байсан болохоор жаахан хүндрэлтэй үе байлгүй яах вэ. Наад зах нь эцэг эхийн хурлаас эхсүүлээд. Өвгөн маань ажил ихтэй болохоор бараг очиж амждаггүй. Ихэнхдээ би очно. Нэгнийх нь багштай уулзаж, хичээлийнхэн явцтай танилцаад дараагийн хурал руу яарна. Ингээд бүгдийг амжуулна даа. Одоо чинь хонхны баяр тэмдэглэх гэж сүйд болдог болж. Миний талийгаач том хүү наймдугаар ангиа төгсөхд өө хөвөнтэй дээл өмч байсан санагддаг. Ер нь хүний арван хуруу тэгш биш шүү дээ. Түүнтэй адилхан хүүхд үүдийн маань зан байдал өөр өөр. Юу ч гэсэн өнөөдрийг хүртэл аллахын авралаар хүүхдүүд маань буруу зөрүү зүйл хийж, нэр сэвтүүлж байсангүй.

-Казахууд хүүхдийг ой хүртэл нь модон оронд өлгийддэг. Яагаад тэгдэг юм бол?

-Эрт дээр үеэс хүүхдээ жижигхэн модон оронд өлгийддэг заншил казах ёсонд байсан. Одоо ч гэсэн хүүхдийг өлгийддэг. Ингэснээр хүүхэд эрүүл чийрэг өсдөг гэж хууччуул ярьдаг. Бас тухтай унтаж, амардаг гэж үздэг юм. Зарим хүмүүс хүүхдийг ингэж өлгийдсэнээс түнхний мултарал гээч зүйл болдог гэдэг юм билээ. Би үүний үгүйсгэдэг. Казахуудын хувьд он удаан жил мөрдөж ирсэн хүүхэд өлгийдэх дэг жаягаас болж дээрх зүйл тохиолдсоныг би лав харааг үй. Өлгийдсөн хүүхдүүд маань эсэн мэнд өссөн.

-Та хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ?

-Эх хүн гэдэг үргэлж үр хүүхдүүдийнхээ сайн сайхан, эрүүл энх явахыг л хүсэж суудаг. Нэг нь жаахан дүрсг үйтэж эсвэл өвдчихвөл санаа зовно. Би хүүхдүүддээ хүний сайныг дууриа. Үнэн ч, шударга байхыг сургадаг. Хөвгүүддээ худал ярьж, мууг дууриан бор дарсанд шунахг үй хол яв гэж л захидаг юм.

-Дээр үед бэр богтолж авдаг дэг жаяг казах ёсонд байсан. Хэдий энэ нь тогтсон заншил биш ч саяхныг хүртэл хэвээр л байлаа шүү дээ. Харин таныг айлд бэрх буухад ямар байсан бэ?

-Тийм ёс байдаг. Гэхдээ өвгөн бид хоёр сэтгэл нийлж л гэр бүлийн амьдралаа зохиосон. Сайхан амьдралыг бий болгохын төлөө зүтгэхдээ хэн хэн маань ч ядарсан гэж хэлж байсангүй. Бараа таваар хомс тэр үед эхлүүлсэн амьдралаа сайхан болгохын төлөө чадах чинээгээрээ хичээсэн. Одоо үр хүүхдүүд маань хэнээс дутахааргүй сайхан аж төрж байгааг хараад бахархаж суудаг. Биднийг залуу байхад Оросын бакиал гутал хүртэл олддоггүй байлаа шүү дээ. Одоо бол тэр үетэй харьцуулашг үй болжээ.

-Нутагтаа очдог уу?

-Очдог. Уржнан жил Казахстан руу яваад ирсэн. Казахстанаас Баян-Өлгий рүү нислэгтэй. Тухайн үед Өлгийд очиж, төрөлх нутаг Дэлүүн сум руу яваад ирсэн. Маргааш хаврын урин дулаан цагийн эхлэл, нарны баяр “Наурыз” болно. Энэ баяр хүн бүрт аз хийморь авчрах болтугай.

Ч.АННА

Шинэ мэдээ