Ням, 4 сар 20, 2025
1.1 C
Ulaanbaatar

Ерөнхийлөгч Жо Байден хоёр дахь удаагийн илтгэлээ конгресст тавив

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “State of the Union” хэмээн нэрлэгддэг жил бүрийн уламжлалт илтгэлээ Конгрессийн нэгдсэн чуулганд танилцууллаа. Засаг захиргааныхаа хэрэгжүүлж буй гадаад, дотоод бодлого, үйл ажиллагаа, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулдаг тус илтгэл нь цар тахал эхэлсэн 2019 оноос хойш анх удаагаа зочид урьж оролцуулж байгаагаар онцлог байв. Жо Байдены хувьд 11-р сард болсон завсрын сонгуулиар Бүгд Найрамдахчууд Төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоосноос хойш тавьсан анхны илтгэл болсон байна. Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг 20 орчим жил удирдсан Нэнси Пелосигийн оронд Бүгд найрамдах намын Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккарти суусан байв.

Ерөнхийлөгч Жо Байден Конгресст тавьсан илтгэлдээ АНУ-ын сайн сайхны төлөө хоёр нам хамтран ажиллах нь чухал гэдгийг Бүгд Найрамдахчуудад уриалжээ. Байден бүрэн эрхийнхээ хугацааны эхний хоёр жилд гарсан ололт амжилтыг онцолж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бодлогынхоо талаар танилцуулжээ.Түүний явуулсан бодлого Америкийн эдийн засгийг сэргээсэн хэмээн тэмдэглээд, "дөрвөн жилийн хугацаанд аль ч ерөнхийлөгчийн бүтээснээс илүү олон буюу 12 сая ажлын байрыг хоёр жилийн дотор шинээр бий болгосон" гэв. “Хоёр жилийн өмнө коронавирусний цар тахлын улмаас манай улсын бизнес, сургуулиуд хаагдаж, бид олон боломжоо алдаж байсан бол одоо бидний амьдрал “ковид”-оос шалтгаалахаа болиод байна” гэж хэлсэн байна. Ж.Байден мөн 2021 онд Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид Капитолын ордон руу дайрч байсан явдлыг дахин сөхөөд, АНУ-ын ардчилал Иргэний дайнаас хойших хамгийн том аюул заналтай тулгарсан боловч өдгөө ч “мохоогүй, сөхрөөгүй, шантраагүй” хэвээр байна гэж хэлжээ. Түүнчлэн тэрээр АНУ-ын төсвийн асуудлыг хөндөхдөө Ерөнхийлөгч асан Дональд Трампыг төсвийн алдагдалд буруутгав. “Трампын засаг захиргааны үед Америкийн төсвийн алдагдал дөрвөн жил дараалан өссөн бөгөөд сүүлийн 200 гаруй жилийн хугацаан дахь улсын нийт өрийн 25 хувь ньтүүний засаг захиргааны үед хуримтлагдсан” гэж Жо Байден Конгресст тавьсан илтгэлдээ дурджээ.

Бүгд найрамдахчууд Жо Байдены засаг захиргааг Трампын үеийн цагаачлалын бодлогоос татгалзсанаас болж сүүлийн хоёр жилийн хугацаанд хил дээрх цагаачдын тоо огцом нэмэгдсэнд буруутгаж байгаа бол тэрээр улсынхаа

хилийн аюулгүй байдлыг хангах боловсон хүчнийг нэмэгдүүлж, Куба, Гайти, Никарагуа, Венесуэль улсуудаас ирэх хууль бус цагаачдын хөдөлгөөнийг 97 хувь бууруулсан хэмээн танилцуулжээ.

Г.АМАРСАНАА

Шинэ мэдээ