Пүрэв, 3 сар 28, 2024
-1.9 C
Ulaanbaatar

ХАРУУЛЫН ДАРГАА БУУДАЖ, ХӨНӨӨСӨН БАЙЛДАГЧТАЙ ХАМТ ЗУГТСАН Т.МӨНГӨНШАГАЙ: ДАРГА БИДНИЙГ ЗОДОЖ, “БУУДАЖ, АЛНА” ХЭМЭЭН ЗАНАЛХИЙЛЭХЭД НАЙЗ МИНЬ ГОХОО ТҮРҮҮЛЭЭД ДАРЧИХСАН ЮМ

ДААРААД СЭРТЭЛ ШӨНӨ БОЛЧИХСОН, ХЭЭР УНТАЖ БАЙСАН. ЯАЖ ЗУГТСАНАА САНАДАГГҮЙ ЮМ

       Говь-Алтай аймгийн Алтай сумын  0214 дүгээр ангийн Баянтоорой заставын цэргүүд харуулын даргаа буудаж, хөнөөгөөд, оргосон хэрэг 2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд гарсан. Хэргийн газраас галт зэвсэгтэй оргон зайлсан хоёр байлдагчийг цагдаагийн байгууллагынхан гурав хоног хайсан боловч олоогүй юм. Харин тэд өөрсдөө уулнаас бууж, 0214 дүгээр ангидаа ирж, хэргээ хүлээсэн байдаг. Иймд харуулын даргаа хөнөөсөн Ховд аймгийн Чандмань сумын харьяат О.Хатантэнгист 11 жилийн хорих ял, түүнтэй хамт зугтсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Т.Мөнгөншагайн зорчих эрхийг нэг жилээр хассан байдаг. Тухайн үед дээрх онц ноцтой гэмт хэрэг юунаас болж гарсан талаар Т.Мөнгөншагайтай ярилцлаа.

-Та 2021 онд Алтай сумын 0214 дүгээр ангид цэргийн алба хааж байхдаа харуулын даргаа буудаж, хөнөөсөн байлдагчтай хамт оргон зайлсан хэрэгт холбогдож байсан. Тухайн үед юу болсон талаар ярьж өгч болох уу?

-Бид 2021 оны дөрөвдүгээр сарын 4-нд хилийн манаанд гарсан. Бидэнд дөрөвдүгээр сарын 8 хүртэл хоол, унд өгөөгүй. Тэр өдөр Хатантэнгис бид хоёр 11:00-17:00 цаг хүртэл хилийн манаанд гарах ёстой байсан. Гэтэл харуулын дарга бид хоёрыг манаанд явуулахгүй гэж байснаа 13:00 цагийн үед манаанд явуулаад, "16:00 цагт ир. Харин 16:00 цагт амжиж ирэхгүй бол "Та хоёрыг ална шүү"" гэж заналхийлсэн. Манаанд гарахын тулд ирж, очихын 30 километр алхдаг. Тиймээс бид алхсаар байгаад цагтаа очиж амжаагүй, 17:00 цаг өнгөрч байхад очсон юм. Тэгээд бид хоёрыг "Цагтаа ирээгүй" гэж гартаа таарсан бүхнээр зодож байснаа "Цагийн манааны бууг аваад ир, энэ хоёрыг буудаад алчихъя” гэхэд нь манай найз түрүүлээд гохоо дарчихсан юм. Би түүнийг даргыг буудна гэж бодож байгаагүй болохоор буун дуу гарахад цочиж, маш их айсан.

ДАРГА НАР ДОЛОО ХОНОГИЙН 2-3 ӨДӨР НЬ СОГТУУ БАЙДАГ. ДАРГА НАР БУУНДАА 30 ШИРХЭГ СУРГАЛТЫН СУМ ХИЙЖ БАЙГААД ҮСЭРЧ ГАРТАЛ НЬ БИДНИЙГ ЗОДДОГ БАЙСАН

-Хэрэг гардаг өдөр харуулын дарга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан уу. Дарга нар цэргүүдээ яаж зоддог вэ?

-Хилийн манаанд гарахын өмнө буюу дөрөвдүгээр сарын 3-нд заставынхан бүгд согтуу байсан. Тэгээд өглөө нь хилийн харуулд очиход харуулын дарга, жолооч, цагдаагийн дарга нарын архи нь гараагүй, согтуу байсан. Харин хэрэг гардаг өдөр талийгаач дарга эрүүл байсан. Заставын дарга нар долоо хоногийн 2-3 өдөр нь согтуу байдаг. Талийгаач дарга өмнө нь биднийг зоддог байсан. Тухайлбал, дарга нар буундаа 30 ширхэг сургалтын сум хийж байгаад үсэрч гартал нь зохиж, зоддог байсан.

-Та хоёр тухайн үед хэргийн газраас яагаад зугтсан юм бэ. Та хоёрыг хэргийн газраас зугтаж явахдаа айлын мотоцикл дээрэмдсэн гэх мэдээлэл гарч байсан. Энэ үнэн үү?

-Бид хоёр албаар зугтаагүй. Сэтгэл зүй хямарчихсан, айж, сандраад ухаан, санаа балартчихсан байсан юм билээ. Даараад сэртэл шөнө болчихсон, хээр унтаж байсан. Яаж гүйснээ ч санахгүй байгаа. Анх хэргийн газраас дөрвүүлээ зугтсан гэсэн. Бидэнтэй хамт зугтсан гэх цэргүүдээс намар халагдахаар нь юу болсон тухай асуусан юм. Гэтэл "Дөрвүүлээ дотуур замаар гүйж байсан. Гэтэл та хоёр өөр тийшээ зугтсан" гэж байна лээ. Бид айлын мотоцикл дээрэмдээгүй. Бид хоёрын ам цангаж, өлсөж  байсан болохоор тэр айлд ус, цай уух гэж орсон. Бидэнд "Цай, хоол хийж өгье" гэсэн боловч "Бид холоос явж байгаа учир яарч байна” гэдгээ хэлсэн. Гэтэл эзэн нь "Та хоёр хол газар яаж алхах вэ, мотоцикл унаад яв” гээд хоёр савтай ус, ууттай боорцог өгсөн. Тэгээд мотоциклийн шатахуун дуусахаар нь бид цааш алхсан. Гурав хоноход цагдаагийн хүч, бүрэлдэхүүн биднийг олж чадаагүй.

 

-Та хоёр өөрсдөө буцаж очиж хэргээ хүлээсэн бил үү. Хэргээ хүлээхээс өмнө найз нь гэрийнхэнтэйгээ болон чамтай юу ярьсан бэ?

-Бид хоёр өөрсдөө гүйж очиж, хэргээ хүлээсэн. Найз минь гар утастай явж байсан болохоор гэрийнхэн рүүгээ залгаад ангийн даргын дугаарыг асуусан. Гэтэл гэрийнхэн нь "Анги руугаа хүрээд ир. Бид нар анги руу чинь явж байна” гэсэн юм билээ. Тэгээд найз минь гэрийнхэндээ "Би хүн алчихлаа. Одоо яах вэ" гээд уйлаад байсан. Би тэр үед нь л даргыгаа нас барсан гэдэгт итгэсэн. Биднийг ангид очингуут цагдаа нар баривчилж, нисдэг тэргээр аймгийн төвд хүргээд, хорих ангид хорьсон.

-Дарга нар нь цэргүүдээсээ мөнгө хурааж, согтууруулах ундаанд явуулдаг байсан гэх яриа байдаг, үнэн үү?

-Цэргүүд сард 48 мянган төгрөгийн цалин авдаг. Дарга нар цалин буух бүрд бидний цалинг хураадаг байлаа. Мөнгөгүй үед ч мөнгө нэхдэг байсан. Хэрвээ мөнгө өгөхгүй бол дээрэлхэж, зодож, дарамтална. Харин архи, дарсанд явуулдаггүй байсан. Бид шөнө унтаж чадахгүй болтлоо зодуулдаг байсан. 02:00 цагт унтаад 04:00 цагт сэрдэг байсан.

-Хилийн цэргийн ангийн нөхцөл байдал ямар байдаг вэ. Чиний ярьснаар дарга нар нь эмх замбараагүй байдал үүсгэж, цэргүүдээ байнга дарамталдаг гэж ойлголоо?

-Ер нь их хэцүү дээ. Ангиас хоол ирэхээр заставын дарга нар замаас нь тосож аваад зарчихдаг. Тэгээд бидний хоолоор мөнгө "босгож", архи авч уудаг. Дарга нар ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ хамт ажиллаж, амьдардаг болохоор согтуурсан үедээ эхнэрүүдээ, застав дээр ирэхээрээ цэргүүдээ зоддог байсан. Энэ байдал одоо ч хэвээрээ байх.

ЗАСТАВЫН ДАРГА НАР БИДНИЙ ХООЛЫГ ЗАРЖ, МӨНГӨӨР НЬ АРХИ АВЧ УУДАГ БАЙСАН

-Та хоёр хэдэн сар байцаалт өгсөн бэ?

-Миний нэг жилийн зорчих эрхийг хязгаарлаж, Хатантэнгист 11 жилийн хорих ял оноосон.  Гэхдээ би долоон сар хоригдсон учир түүнийг шийтгэлд тооцож, нэг жилээс хассан. Тиймээс наймдугаар сарын 3-нд миний ял дууссан. Би 45 хоног хойноо гавтай байцаалт өгсөн. Хоол идэх болон унтах үедээ урдаа гавтай байсан.

-Цэргээс халагдсан гэх үнэмлэхээ авч чадсан уу?

-Цэргээс халагдсан үнэмлэх өгсөн боловч халагдах тушаал гаргасан он, сар байдаггүй юм.

-Та хоёрын энэ харамсалтай үйл явдлаас хойш 0214 дүгээр анги дээр дахин өөр хэрэг гарсан болов уу?

-Тус анги дээр биднээс хойш нэг цэрэг хэвтэрт ортлоо зодуулсан юм билээ. Хүзүүний зургаан үеийн хугаралтай, нурууны хугаралтай гэх оноштой эмнэлэгт хүргэгдсэн гэсэн. Тэгэхээр дарга нарын цэргүүдээ дарамталж, зоддог байдал хэвээрээ байгаа гэж ойлгосон.

-Чи ямар ажил хийдэг вэ. Одоо хаана, хэдүүлээ амьдарч байна вэ?

-Би Эрдэнэт хотод аав, ээж, дүүтэйгээ амьдардаг. Одоогоор барилгын ажил хийж байгаа.

Шинэ мэдээ