Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

А.Мөнхсайхан: Улаанбаатар хоттой ойр газар хөдлөлтийн гурван голомт бий

Сүүлийн нэг жилийн хугацаанд манай улсад 3-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 100 гаруй бүртгэгджээ. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч А.Мөнхсайхантай ярилцлаа. 

-Газар хөдлөлтийн чичирхийллийг зарим хүн мэдрээд, зарим нь мэдрээгүй байдаг. Энэ юутай холбоотой вэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Чичирхийллийг монгол орон даяар мэдэрсэн. Гэхдээ энэ хөдлөлийн чичирхийлэл Улаанбаатар хотод байрладаг станц дээр нэг балл хүрэхгүй байгаа. Гэтэл хүмүүсээс санал асуулга авахаар 3-5 баллын чичирхийлэл мэдэрсэн байгаа юм. Хотууд голын хөндий, гол усаа дагаж байрладаг. Энэ нь газар хөдлөлтийн чичирхийллийг өсгөж байдаг. Түүнчлэн барилга, байгууламжууд өөрсдийн гэсэн давтамжтай байдаг. Улмаар чичирхийллийг илүү мэдрэх боломжтой. Хаана, ямар орчинд байгаагаас шалтгаална гэсэн үг. Голын сэвсгэр хөрсөнд ойрхон байгаа, өндөр давхарт байгаа хүмүүс илүү мэдэрнэ гэсэн үг.

-Хэдэн баллын чичирхийлэл хүнд мэдрэгдэх боломжтой вэ? 

-3-5 баллын чичирхийлэл хүнд мэдрэгдэнэ. Гэхдээ газар хөдлөлт ямар хүчтэй, хаана, хэр зайнд болсон зэргээс шалтгаалаад харилцан адилгүй. Богд ууланд 2.5 магнитудын газар хөдлөлт болоход Зайсан орчимд байсан хүмүүс мэдэрсэн байсан. Тэгэхээр газар хөдлөлтийн голомт дээр байгаа хүмүүс мэдрэх боломжтой гэсэн үг.

-Өчигдөр, өнөөдөр хоёр хэд хэдэн бүс нутагт хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ талаар үргэлжлүүлэн ярилцья? 

-Өчигдөр болсон хөдлөлт бол өнгөрсөн оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн давтан хөдлөлт. Хөвсгөл аймгийн энэ хэсэг газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тооцогддог. Түүнчлэн хүчтэй газар хөдлөлтийн дараах давтамжит газар хөдлөлт нь удаан хугацаанд үргэлжилдэг онцлогтой.

-Газар хөдлөлтийн хохирол манай улсад хэр байдаг вэ?

-Монголчууд тархай, том газар нутагтай. Тиймээс хүчтэй газар хөдлөлтөөс үүсэх хохирол харьцангүй бага. Манай улсад 20 дугаар зуунд 8-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. Гэхдээ учирсан хохирол нь бусад улс орныхтой харьцуулахад бага. Тухайлбал, 1957 онд Говь-Алтай аймагт болсон газар хөдлөлтийн улмаас байшин, барилга нурж, нийт 10 орчим сая төгрөгийн хохирол учирсан байдаг. Мөн 10 хүн нас барсан гэх тоо баримт байдаг. Үүнийг бусад улсын судлаачид гайхдаг. 8 магнитудын газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 10 байна гэдэг бага тоо.

-Монгол Улсын тухайд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд аль хэсгийн тооцдог вэ? 

-Монгол орны тухайд баруун бүс нутгууд харьцангүй газар хөдлөлтийн идэвхтэй бүс байдаг. Учир нь өмнө дурдсан 8-аас дээш магнитудын хүчтэй дөрвөн газар хөдлөлт баруун бүсийн нутагт болсон байдаг. Одоо ч тэдгээр бүс нутагт газар хөдлөлт болсоор байгаа. Улаанбаатар хотын тухайд аюул учруулж болзошгүй гурван голомт бий гэж тодорхойлсон. Энэ нь Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгийн Бүрэн бүтээл. Тиймээс эдгээр голомтуудад түшиглэсэн амжиж анхааруулах систем байгуулсан.

-Хүчтэй газар хөтлөлтийг хэдий хугацаанд хүмүүст анхааруулж амжих вэ? 

-Тухайн газар хөдлөлт хаана болж байгаагаас л шалтгаална. Тухайлбал, Хустайн арал дээр хүчтэй газар хөдлөлт болоход нийслэлийн иргэдэд амжиж анхааруулж чадахгүй. Учир нь газар хөдөлж эхлэхэд л иргэдэд чичирхийлэл мэдрэгдээд эхэлнэ. Харин Булган аймгийн Могод суманд болж байгаа хүчтэй газар хөдлөлтийг анхааруулах боломжтой. Ер нь 5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийг хоёр минутын дотор, хүний оролцоогүйгээр боловсруулаад, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд хүргүүлдэг. Үүнийг мэдээлэл боловсруулагчид хянаад, үе шаттай арга хэмжээ авна.

-Эмээлт орчмыг газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт тооцдог шиг санагдаж байна?

-2010-2013 онд Улаанбаатар хот орчимд томоохон хэмжээний судалгаа хийсэн. Улмаар хэд хэдэн газар 6-7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай хэд хэдэн газрыг тогтоосон. Үүний нэг нь Эмээлт орчим. Тухайн бүсэд 10 баллын чичирхийлэл үүсэх боломжтой. Тэгэхээр барилга барьж байгаа хүмүүс үүнийг анзаарч, тийм хэмжээний газар хөтлөлт болох эрсдэлтэй гэдгийг тооцоолох нь зүй.

Шинэ мэдээ