Баасан, 4 сар 19, 2024
6.1 C
Ulaanbaatar

Олон хүнтэй секс хийвэл “ҮХНЭ”!

Багш: “Хэрвээ чи секс хийвэл жирэмсэн болоод үхнэ”.
Mean Girls дээр нэг ийм хэсэг гардаг санагдаж байна. БЗХӨ-ний тоо эрс ихэсч байсан арваад жилийн өмнө бэлгийн харьцааг үхлийн аюул дагуулдаг, аймшигтай хортой, буруу зүйл мэт мээсэжийг залуу үед өгөхийн тулд эмч нар, нийгмийн ажилтнууд эрвийх дэрвийхээрээ зүтгэж байлаа. Тэр үед оюутан байсан надад томчуудын энэ ухуулга арай л хэтрүүлэгтэй юм шиг санагдаж, зөвхөн халдварт өвчний л эрсдлээс сэргийлчихвэл болно гэж бодож байлаа. Гэтэл тэдний хэлсэн зөв ч байж магадгүй болоод явчихлаа шүү. Хэнээс нь ч өвчин “аваагүй” байсан ч, хэт олон хамтрагчтай байх нь өөрөө дангаараа өвчин үүсгэгч хүчин зүйл болдог аж.

Саяхан “Олон хүнтэй секс хийвэл үхнэ” гэдэг гарчигтай нийтлэлийг гадны шинжлэх ухааны вебсайтаас олж уншлаа л даа. Тэнд бичсэнээр, бүсгүй хүн амьдралынхаа туршид хэт олон тооны хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орвол эмэгтэйчүүдийн маш олон өвчний эрсдлийг өөртөө бий болгож байна гэсэн үг хэмээжээ. “Охин нас”-аа үдсэн анхны шөнө бидний бие махбодид анх удаа эрэгтэй хүний үрийн шингэн орж ирсэн. Эрүүл мэндийн маань “цагдаа” болсон дархлалын систем маань орж ирсэн гадны биет болгоныг “шалган нэвтрүүлэх” үүрэгтэй. Биднийг жаргалын нулимс унагаан дэрээ норгон хэвтэж байх хооронд бие маань тэрхүү эхний үрийн шингэнийг таних ажиллагааг хийж байжээ. Яг л хилээр нэвтрэхэд бичиг баримтыг нь уншиж бүртгэдэг шиг, гэрт хэн нэгэн орж ирэхэд гэрийн эзэн түүнийг таних оролдлого хийдэг шиг гэсэн үг. Чиний өөрийгөө бэлэглэсэн анхны эр хүн бол биед чинь нэвтрэх зөвшөөрлийг авч, тэр нэгэн онцгой орчинд орших мэдэлтэй болсон эхний эсийн эзэн юм. Дараагийн удаад түүнтэй унтахад, түүний эс биеийн чинь нэг хэсэг болсон байх учир ямар ч саад үзүүлэхээргүй боллоо. Хоёр, гурав, дөрөв дэх залуугийн үрийн шингэн орж ирэхэд дархлалын систем мөн л дээрх үйлдлээ давтана. Гэхдээ энэ тоо олшрох тусам “толгой нь эргэж”, хэт олон мэдээллийг таних гэсээр үйл ажиллагаа нь аажим аажмаар муудаж эхэлдэг юм байна.

Хол зайтай хоёр хүнийг хүлээн авахад бол нэг их асуудал гарахгүй. Гэхдээ мөөгөнцөр, ханиад зэрэг давтамжит шинж чанартай өвчнүүд сэдрэх магадлалтай. Мөн зарим тохиолдолд нэг хамтрагчтайгаа хэсэг хугацааны дараа секс хийхэд ч ийм шинжүүд илрэх боломжтой аж. Энэ ч яахав. Хамгийн аюултай нь, хэд хэдэн хүнтэй зэрэг хамтрагч болох үед, өөрөөр хэлбэл өглөө нь экс найз залуутайгаа, өдөр нь “ашигтай найз”-тайгаа, орой нь дөнгөж танилцсан хэн нэгэнтэй хамгаалалтгүй секс хийвэл өвчин аваагүй байсан ч дархлаа маань ачааллаа дийлэхгүй шууд гэмтэж эхэлнэ. Уламжлалт болон орал, анал бүх төрлийн секс үүнд тооцогддог юм байна.

Бэлгийн замын халдварт өвчин, хүсээгүй жирэмслэлт зэргээс өөрийгөө хамгаалж чадсан байлаа ч олон хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсоор л байвал хэдэн жилийн дараа хор уршиг нь байн байн өвчин тусдаг сул бие, умайн хүзүүний хорт хавдар, хөхний хорт хавдар зэрэг дархлаатай шууд хамаатай, эмчлэхэд төвөгтэй өвчин болж үлдэх магадлалтай. Анагаах ухааны мэдээллүүд дээр эмэгтэйчүүдийн өвчнүүдийн үүсэх шалтгааныг жагсаахдаа дунд нь “Олон хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох” гэдэг өгүүлбэр байдгийн учир нь одоо л тодорхой боллоо.

Мэдээж би чиний ээж биш учраас өөрийгөө мэддэг, насанд хүрсэн эмэгтэй хүнд “Секс битгий хий” эсвэл “Гэрлэх хүнтэйгээ л унт” гэж зөвлөж чадахгүй. Бас энэ бол “эмэгтэй хүний үнэ цэнэ”-ийн тухай улиг болсон яриа ч биш. Гэхдээ найзын хувьд сануулахад, зүрх сэтгэлээ дагаж байна, хүссэн зүйлээ хийж амьдарч байна гээд үе үе, өөр өөр залуустай гэнэтийн бөгөөд “тогтмол бус” харилцаанд ороод байвал дархлаатайгаа дайсагнаж байна л гэсэн үг юм байна шүү. Секс бол аймаар, бохир, муухай зүйл биш. Энэ бол амьдралын нэгэн аз жаргал, таашаал, дээд зэргийн сайхан мэдрэмж. Гэхдээ бид үүнийгээ өөртөө таалагдсан хүн болгоноос биш цөөн тооны гайхалтай эрчүүлээс л мэдрэхэд хангалттай. Адилхан залуу бүсгүйн хувьд уриалахад, бүгдээрээ хязгаартай, босго өндөртэй, хамаа замбараатай байцгаая. Угаасаа л ихэнх эрчүүдийнх ижилхэн байдаг биз дээ?

Шинэ мэдээ