Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Оросын хүчин хоёрдугаар сард хуурай замын томоохон довтолгоо хийхээр төлөвлөж байгааг Киев мэдэгдэв

Оросын арми шинэ он гармагц хуурай замын өргөн хүрээний довтолгоо хийхээр төлөвлөж байгааг Украин мэдэгдэв.

Украины Батлан хамгаалахын сайд Олексий Резников тулааны талбарт ихээхэн хохирол амссан Оросын арми шинээр довтолгоо хийхээр төлөвлөж байгааг нотлох баримт улам бүр нэмэгдсээр байгааг “The Guardian”-д ярьжээ.

Украины дайнд тулалдахаар аравдугаар сард дайчлагдсан 300,000 цэргийн тал нь одоо цэргийн бэлтгэлд хамрагдаж байгаа ба гурван сар бэлтгэгдэж дууссаны дараа буюу ирэх хоёрдугаар сард Орос довтолгоогоо эхлүүлж магадгүй гэж тэрээр мэдэгдэв.

Резников “Кремль ялалтад хүрэх шинэ шийдэл олохыг хичээж байна” гэж нэмж хэлээд, Орост дахин дайчилгаа зарлаж магадгүй гэж таамаглаж байгаагаа хэлжээ.

Харин Украины Зэвсэгт хүчний дарга генерал Валерий Залужный “Оросууд 200 мянга орчим цэрэг шинээр бэлтгэж байгаа. Тэд Киев рүү дахин довтолно гэдэгт эргэлзэхгүй байна” гээд, гуравдугаар сард довтлох магадлал хамгийн өндөр гэж мэдэгдсэн байна.

Тэрээр довтолгоог зүүн Донбасс муж, Украины өмнөд хэсэг, тэр ч байтугай Киев рүү чиглэж магадгүй гэж мэдэгдэв.

Хоёр тал Зул сарын баяраар гал зогсоох саналыг үгүйсгэсэн бөгөөд одоогоор мөргөлдөөнийг зогсоох талаар яриа хэлэлцээр хийгдээгүй байна.

Үүний зэрэгцээ, пүрэв гарагт барууны холбоотнууд Украинднэмэлт санхүүжилт, цэргийн сургуулилалтаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Европын холбооны удирдагчид ирэх онд Украинд 18 тэрбум еврогийн санхүүжилт олгохоор тохиролцож, Москвагийн эсрэг ес дэх хориг арга хэмжээний асуудлаар шийдэлд хүрсэн байна.

Мөн АНУ-ын арми Украины цэргийн албан хаагчдыг Германд сургах ажлыг өргөжүүлж, нэгдүгээр сараас эхлэн сард 500 цэрэг бэлтгэхээ мэдэгдэв.

Шинэ мэдээ