Site icon POLITIC MONGOLIA

Ламын гэгээн: "Бодь мөрийн зэрэг"-ийг уншиж ухаарвал сүсэгтэн олонд их хэрэгтэй

Ламын гэгээн наймдугаар дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэнтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Өдгөөгөөс 375 жилийн өмнө Чингэсийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хүү болж мэндэлсэн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны найм дахь дүр Баянхонгор аймгаас 2009 онд тодорсон юм. Далай багш тухайн үед Ламын гэгээний наймдугаар дүрээр Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Болдын ганц хүү Эрдэнэбатыг нэрлэж байлаа. Төгс буянтын зурхайг үндэслэгчдийн нэг, өндөр гэгээн Занабазарын дотны шавь, Төвдөд судар, тарнийн гүн ухааны ном үзэж судалсан, анагаах ухааны номонд мэргэшсэн оточ нарт олгодог Лхажэ зэрэгт хүрч байсан Ламын гэгээн өмнө нь Энэтхэг, Төвд оронд Гаваабал, Галсандов, Чойжи лонбо, Гэлэн Жанцан зэрэг эрдэмтэн мэргэд болон хувилан төрж байсан юм. Дараагийн дүрүүд нь бүгд Монголд хувилан төржээ.

Ламын гэгээний найм дахь дүрийг тодруулах ажлыг 2000 оноос эхэлсэн гэдэг. Гэгээнтнийг тодруулах эрэл нэлээд хэдэн жил үргэлжилж шалгуурт орсон хүүхдүүдээс 600 хүүхдийн нэрийг Далай багшид явуулжээ. Далай лам тэднээс гурван хүүхдийг нь тодруулан судалж, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн жил буюу 2009 онд найм дахь дүрийг нь тодруулсан түүхтэй. Ламын гэгээн наймдугаар дүр Лувсан­дан­занжам­бал­чойжиш­инэн Энэтхэгээс Монголд түр хугацаагаар ирээд байгаа юм. Гэгээнтнийг Баянхонгор аймгийн Заг суманд ирж сүсэгтэн олонд сургаалиа айлдах үеэр нь уулзаж ярилцлаа.

-Та Баянхонгор аймгийнхаа сумдаар орж сургаалиа айлдаж байгаа юм байна. Сум бүрээр орох болсон цаад шалтгаан бий байх?

-Надад бурхны шашныг олон түмэнд зөв талаас нь ойлгуулахсан гэсэн чин хүсэл байдаг юм. Хүмүүс ном уншуулаад засал хийлгэчихлээ гэдэг. Энэ талаас нь биш л дээ. Бурхны шашны номын утгыг энгийнээр тайлбарлаж байж хүмүүст хүрнэ. Ингэж байж л энэ агуу ухаанаас сүсэгтэн олон хэрэгтэй зүйлээ олж авна. Ухаарна. Ийм ч учир агуулгаар аймгийнхаа сумдаар явж байна. Төрсөн аймгийнхаа сумдаар явах их сайхан сэтгэгдэл төрүүлж байна.

-Хүмүүс таныг ном уншина, засал хийнэ гээд идээ будаагаа зэхээд ирчихсэн харагдсан...?

-Манай монголчууд их сүсэгтэй ард түмэн. Чин сүсэг нь сум бүрт л мэдрэгдэж байна. Мэдээж ном уншина. Гэхдээ ном уншиж засал хийнэ гэхээсээ илүү Бурхны шашныхаа ухааны суурь шим хэсгийг нь тайлбарлаад явж байгаа. Энэ л миний хийх ёстой гол зүйл юм болов уу гэж боддог.

-Баянхонгорчууд энэ жил Ламын гэгээний мэлмий гийсний 375 жилийн ойг тэмдэглэж байна. Та ойдоо оролцоод буцах уу?

-Тэгнэ, наймдугаар сар гээд буцчих болов уу. Энэ жил миний визний хугацаа дууссан юм. Аймгийн ИТХ-аас ой хийнэ гэсэн мэдээг сонсоод олзуурхсан. Ламын гэгээн бол шашны том зүтгэлтний нэг. Энэ утгаараа мэлмий гийсний ой нь ард иргэдэд бурхны шашныг ойлгуулах тал руу чиглээсэй гэсэн бодолтойгоор аймагтаа ирлээ.Баяр цэнгээнээ голлох биш шашнаа түлхүү сурталчилбал зүгээр болов уу.

-Бурхны шашны ухааныг энгийнээр ойлгуулъя гэдгээс улбаалж сонирхох нэг асуулт байна. Сүүлийн үед бурхны номыг хийд хүрээ газар төвдөөр биш монголоор орчуулж хуръя гэж их ярих болсон. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Зүгээр, байж болох санал. Гэхдээ шууд орчуулчихад ойлгох, буух талаасаа бас хэцүү. Монголоор буулгалаа гэхэд хуучны хэллэг ямар утгатай буухыг шууд таах аргагүй. Нэг үг янз бүрийн утгаар явдаг учраас хэцүү бэрх талдаа. Бурхны шашны ухааныг олонд хүргэхийн тулд тайлбарлаж таниулах л хэрэгтэй.

-Лам хуврагууд өөрсдөө тайлбарлах ёстой гэсэн үг үү?

-Тийм ээ, лам нар сургааль, номын утгыг сүсэгтэн олонд хэлж таниулаад байвал үр дүн нь гарна.

-Та гэгээнтнээр тодрох үедээ ямар сургуульд сурч байсан бэ?

-“Номгон” сургуулийн су­рагч байсан. Тэр үед би 13 настай байсан юм. Гэгээнтнээр тодрохын өмнөх өдөр нь манайд хэсэг хүмүүс ирсэн л дээ. “Маргааш өглөө дээлээ өмсчихөөд байж байгаарай” гэчихээд яваад өгсөн. Тэгээд л Ганданд хоёр хоноод Энэтхэг явсан.

-Очоод шууд ном үзээд эхэлсэн үү?

-Тэр үед цагаан сарын үе таарсан учраас бараг хагас сар амарч байж ном үзэж эхэлсэн.

-Төвд бичиг мэдэхгүй болохоор эхэндээ амар биш байсан байх?

-Дунд сургуульд сурч байгаад шууд очсон болохоор үсэг бичиг сурахаас эхлээд хялбар биш байсан. Би Балданбэрээвэн хийдийн Гомон дацанд анх очсон. Одоо ч дацандаа ном үзэж байна. Тав дахь жилээ ном үзэж байгаа.

-Дахиад хичнээн жил ном үзэх вэ?

-Нэлээд хэдэн жил болно оо.

-Яг одоо ямар ухаанд суралцаж байна?

-Философи дотроо олон ухаантай. Нэг ухаан нь болох шалгадаг ухаанд суралцаж байгаа.

-Ирээд хийд хүрээ байгуулъя гэсэн бодол бий юу?

-Тийм бодол бий. Ямартай ч эхлээд ном эрдмээ сайн суръя гэсэн зорилгыг өмнөө тавиад хичээн судалж байна.

-Дацангийн ном үзэх дэг гэж байдаг байх. Өглөө их эрт босдог гэж сонссон...?

-Оройдоо л зургаан цаг гэж босдог юм. Дацангийн дэглэм гэж бий. Өглөө босоод цайлчихаад номоо үзнэ. Философийн хичээлтэй өдөр өглөөний есөөс 11.00 цаг хүртэл ном үзнэ. Өдрийн хоол арваннэг хагаст. Арванхоёр цагаас хичээлтэй нь номоо үргэлжлүүлж үзнэ. Ер нь бол арванхоёр цагаас өдрийн нэг хагас хүртэл унтлагын цаг байдаг. Хичээл өдрийн хоёр цагаас ахиад үргэлжилнэ. Гэхдээ энэ үеэр номоо бие дааж үзэцгээдэг. Оройны тав хагас бол хоолны цаг. Оройн хоолны дараа өглөөний цээжилсэн номоо сэргээж уншдаг. 19.00 цагаас философийн хичээлтэй. Оройны есөн цаг хүртэл үргэлжилнэ. Дараа нь гэртээ ирээд уншлага ном байвал уншчихаад амардаг.

-Гомон дацанд монгол хүүхдүүд олноор сурдаг гэсэн. Одоо хичнээн хүүхэд сурч байгаа вэ?

-Намайг анх очиход зуугаад монгол хүүхэд байсан бол одоо 300 давсан.

-Монгол хүүхдүүд хамтдаа амьдардаг уу?

-Амьдрах байр нь тусдаа. Нэг байранд бүгдээрээ байна гэж үгүй. Гэхдээ сая намайг Монголд ирэхээс өмнө тусгай байр барьсан л даа. Тэр байранд монголчуудын ихэнх нь орсон.

-Номын багш тань ямар хүн байдаг вэ?

-Манай багш 2012 онд гэвш лхарамбын мяндаг хамгаалсан. Өнгөрсөн жил нууц тарнийн ёсоор аграмбын дамжаа барьсан мундаг хүн бий.

-Далай багшийн хэлсэн сургааль айлдвараас сэтгэлд ойр санагддаг үг гэвэл юуг нь онцлох вэ?

-Багштай уулзахаар өөрийн эрхгүй сүрдэх сэтгэл төрдөг. Сандрах, баярлах зэрэгцээд ирдэг юм. “Номоо сайн үзэж олон хүний итгэлийг даагаарай” гэдэг үгийг намайг очих болгонд хэлнэ. Яагаад ч юм өдөр бүр энэ үг нь бодогддог. Ном сайн үзээд ард иргэддээ хэрэгтэй зүйл хийхсэн гэдэг л миний чин хүсэл. Багшийн өнгөрсөн онд хэлсэн нэг айлдвар санаанд тод байна. “Монголчууд омогтой хүмүүс, архи зохихгүй. Айргаа бол хүссэнээрээ уух хэрэгтэй” гэж хэлсэн. Өмнө нь ч гэсэн “Архиа бага ууж айргаа тааваар ууцгаагаарай” гэж хэлж байсан шүү дээ. Далай багшийн энэ айлдвар л түмэн олонд минь хэрэгтэй гэж боддог. Хэрэгжүүлбэл их сайхан айлдвар.

-Таныхаар Бурхны шашны гайхамшиг нь юу вэ?

-Цаад гол шим нь төгс гэгээрлийг олох. Богд Зонховын айлдсан “Их бодь мөрийн зэрэг” гэж бий. Энгийн бидэнтэй адил хүмүүнээс бурхны шашны төгс гэгээрлийг олох чиг зам тэр номонд бий. “Бодь мөрийн зэрэг”-ийг уншиж ухвал их хэрэгтэй. Бурхны шашинд утгаар нь ойлгоод сонсох, санах, бясалгах гэж ярьдаг юм. Тэгж байж гол зүйлдээ ордог.

-Сонсох, санах, бясалгах гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Сонсох гэдэг нь багшаас ном сонсохыг хэлж байгаа юм. Сонссон номоо гэртээ ирээд санах хэрэгтэй. Санасан зүйлсээ бясалгах хэрэгтэй гэсэн санаа л даа.

-Бясалгалыг хүмүүс их хүндээр ойлгоод байдаг. Тусгай орчинд, тусгай багштайгаар хийдэг айхтар эд гэж ойлгоод бясалгал гэдэг үгийг тэр бүр ухахыг хичээдэггүй. Ер нь бурхны шашинаар бясалгал гэж юу вэ?

-Зарим хүмүүсийн хувьд бясалгалыг гаднаас нь хараад чимээгүй, юу ч бодохгүй аг чиг суух гэж ойлгоод байх шиг санагддаг. Далай багшийн нэг үг санаанаас гардаггүй юм. Багшийн таньдаг хүн бясалгал хийхээр ууланд гараад сууж л дээ. Гурав, дөрвөн жил суугаад бууж ирснийхээ дараа “Огт юм мэдэхгүйгээр бясалгана гэдэг хэцүү эд юм. Юу ч бодохгүй, юуг ч толгойндоо эргэлдүүлэхгүй болохоор оюун ухаан мууддаг юм байна” гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр сонссон номынхоо гол зүйлсийг сэтгэлдээ хэрэгжүүлэх л бясалгал юм.

-Ярилцлагын төгсгөлд сүсэгтэн олондоо хандаж айлдвар, сургаалиа хэлнэ үү?

-Шашныг мухар сүсгээр биш зөв талаас нь ойлгож, чин сэтгэлээсээ хандан, буян, нүглийн цаад утгыг ухаарч, буян их хураагаарай.

Ц.БААСАНСҮРЭН

Exit mobile version