Баасан, 3 сар 29, 2024
-5.9 C
Ulaanbaatar

Европын хоёр хүчирхэг багийг хожсон Японы шигшээ баг шөвгийн 16-д шалгарч үлдлээ

Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн сүүлчийн тоглолтдоо Японы шигшээ баг дэлхийн нэг удаагийн аварга Испанийн багийг 2:1 харьцаагаар буулгаж авлаа.

Япончууд өмнө нь ижил стадионд, ижил оноогоор дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ багийг бас хожиж байсан юм.

Испанийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтдоо хожигдсон ч Японы багийн дараа хэсэгтээ хоёрдугаар байранд шалгарч, шөвгийн 16-ын шатанд шалгарч байна.

Харин Коста-Рикагийн багийг 4:2 харьцаатай хожсон Германы шигшээ баг Испанитай оноогоор тэнцсэн ч гоолын тоогоор бага тул энэ удаагийн ДАШТ-ийг орхиж байгаа юм.

“Хөх самурайнууд” хочтой Японы шигшээ баг түүхэндээ анх удаа хоёр ДАШТ дараалан хасагдах шатанд шалгарч үлдлээ.

“Дэлхийн шилдэг хоёр баг болох Испани, Германы шигшээ багуудыг хожиж, Японд төдийгүй Ази тивд ихээхэн итгэл найдвар төрүүлсэндээ бид маш их баяртай байна. Мэдээж бидэнд сурах зүйл олон байгаа ч дэлхийн тавцанд Ази тив, Япон улс түрүүлж чадна” гэж Японы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хажиме Мориясү тоглолтын дараа ярьжээ.

Тоглолтын эхний үеийг Испани нэг гоолоор тэргүүлсэн ч хоёр дахь үеийн эхний хэдхэн минутад Японы баг дараалан хоёр гоол оруулсан юм.

Хожлын гоолыг Японы тоглогч Танака ойрын зайнаас өрсөлдөгчийнхөө хаалганд оруулжээ. Гэхдээ гоолын бөмбөгийг дамжуулах үед бөмбөг талбайгаас гарсан байж болзошгүй байсан тул шүүгч нар дүрс бичлэгийг нягтлан шалгахад хоёр минут орчим хугацаа зарцуулсан байна.

Эцэст нь Танакагийн гоолыг тооцсон нь хоёр багийн аль алины тоглогчдыг гайхшируулсан шийдвэр байлаа.

“Миний өнцгөөс харахад бөмбөгний тал нь талбайгаас гарсан байсан. Гэхдээ маш хурдтай байсан тул би үүнээс цааш харж чадаагүй. Би гоол хийхэд бүх анхаарлаа хандуулсан байсан. Бөмбөг гарсан байх боломжтой ч эцэст нь гоолыг тооцсонд баяртай байна” гэж Танака тоглолтын дараа ярьжээ.

Е хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан Японы шигшээ баг одоо хасагдах шатанд Хорватын багтай тоглоно. Харин хоёрдугаар байраар шалгарсан Испанийн баг Мароккогийн шигшээ багтай тоглох юм.

Өчигдрийн E хэсгийн тоглолтууд зэрэг явагдсан ба хэсгээс ямар багууд шалгарах нь дуусах хүртлээ эргэлзээтэй байв.

Тухайлбал Коста-Рикагийн баг хоёрдугаар үеийн сүүлч хүртэл Германы багаас нэг гоолын илүүтэй хожиж явсан юм. Хэрвээ тоглолт энэ хэвээр дууссан бол Испанийн шигшээ хэсгээсээ шалгарч чадалгүй нутаг буцах байлаа.

Коста-Рикагийн баг хожиж явсныг Испанийн багийн дасгалжуулагч тоглолт дуусах хүртэл мэдээгүй байжээ. “Хэрвээ үүнийг сонссон бол миний зүрх зогсох байсан байх” гэж дасгалжуулагч Луйз Энрике сүүлд ярьсан байна.

Хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарснаар Испанийн баг дараа дараагийн шатуудад Бразил, Аргентины хүчирхэг багуудтай таарахгүй байх магадлалтай болж байгаа.

Гэхдээ маргаантай хожлын гоолыг тооцсонд сэтгэл дундуур байгаа Энрике “Баярлах зүйл юу ч алга. Би гомдолтой байна. Бид хожиж, хэсэгтээ нэгдүгээр байрт шалгарах зорилготой байлаа” гэх ярьжээ.

Эх сурвалж: Associated Press

Шинэ мэдээ