Баасан, 4 сар 19, 2024
8.1 C
Ulaanbaatar

ЭМЭГТЭЙ ХҮН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРДАГГҮЙГ ЭНЭ ХОЁР ЭЭЖЭЭС ХАРЖ БОЛНО…

Монголын энэ цаг үеийн домогт эрсийг бүтээсэн хоёр эмэгтэйн агшнийг та бүхэн харж байна. Өчигдрийн зураг. Х.Баянмөнх аваргын гэргий Н.Дэжинбээ, Д.Долгорсүрэн зааны гэргий Х.Пүрэвбадам…
Энэ нэрсийг сонсоод юу бодогдож байна. Сумогийн ертөнцийн амьд домог Асашёорюү, залуу зургаан зааны хэсэг Б.Гантогтох, Д.Сумьяабазар… Д.Сэржбүдээ, жижиг А.Сүхбат… гоё уу, дуулиант эрчүүд мөн үү. Эдгээр чамин эрс энэ цаг үеийн түүхийг бүтээлцэхэд энэ хоёр ээж ихийг хийсэн, өөрсдийгөө зольсон. Энэ хоёр ээжийг та нар үргэлж дуулж явсан гэж бодно уу, үгүй тэдэнд уйлах үе олон бий. Энэ зуны их ойгоор Монгол төрийн наадмыг арвантай магнайлж, тавинтай түүчээлсэн их аварга ханиа, буурал тэргүүнээ мэхийн зодог тайлахад, дээлийг нь өмсгөн нулимсаа арчиж зогссон тэр жаахан эмэгтэй бол түүний гэргий Н.Дэжинбээ. Босоо явсан ханийнхаа “Бөхийн дэвжээ минь баяртай, би явлаа” гэж хэлэхийг хамгийн ойроос сонссон энэ эмэгтэйн дотор юу бодогдож байсныг бид мэдэхгүй. Хүү, хүргэн хоёроо төрийн наадмын үзүүр түрүүнд барилдахад энэ ээжийн дотор юу бодогдож байсныг мэдэхгүй... Охиных нь ярьсанаар “Сүхбат, Гантогтох хоёрыг үзүүр түрүү булаалдахаар гарч ирэхэд ээж тогтож харж чаддаггүй юм. Хүүхэд шиг нүднийхээ булангаар сэм сэм хараад. Барилдаан дууссаны дараа санаа нь бүр нэг амарсан байдалтай, тайван гэх чинь алхаад гал тогоо руу ордогсон” гэж. Манцуйтай байхдаа тайван байлгасан, магад түүнээс хойш сэтгэлийг нь мөнхөд үймүүлж яваа тийм эрсийн ээжүүд. Тод яваа хүн бүрийн ээжүүд шаналж явдаг.
Арлын Япон, түүхт Сумогийн харгис дэвжээ. Монгол аавын хүү Дагвадоржийн хөмсөг зангидаж, шүд зуусан тулаан… заримдаа түүний барилдахыг харахаас ч халгам байсан шүү дээ… Ийм эрийг төрүүлсэн Х.Пүрэвбадам гуай тэр аймаар барилдаануудыг хэрхэн тэсч үздэг байв. Энгэрт нь саяхөн мөөмийг нь залгилж үнэгэчилсэн мантгар цагаан банди нь шүү дээ. Өмнөөс нь монголчууд өвддөг, дуу алддаг, сумо дахь нүд дальдирам Асашёорюү…
Өнөөдөр төгсшгүй бнаа, Х.Пүрэвбадам гуайн замнал. Хотын энэ их ачаалал, нерв бүрийн ард хүү Д.Сумьяабазар нь цоллуулж явна. Үрийнхээ өмнөөс үрээсээ илүү шаналж яваа монгол ээж. Шаналаад, шаналаад л… ач зээ нараа харж тайвшраад л… Бөхийн хатуу дэвжээнээс улс төрийн тэвчээр барсан шалгуур хүртэл… энэ их бүгчим зайд ээжийгээ ямархан яваа гэж боддог юм болдоо, Сумьяабазар.
Н.Дэжинбээ, Х.Пүрэвбадам гуай хоёрыг би “Монгол ээжүүдийн ариун түүх, хүн бүтээхүйн ухаан, Алдар-Адлал хоёрын тэнцвэр, Аавын хөвгүүдийг гэрэл гэгээ зүгт авч явж чаддаг бүсгүй чанар” гэж хардаг. Ийм л эмэгтэйчүүдийн хүчинд эх орон, элгэн садан, энэ буй бүхнээрээ бүтэн зөөлөн байдаг, уян хатан үлддэг.
Энэ хоёр ээжийг утсан дээрээ юу харан хөөрөлдөж сууна гэж та бодно. Өнөөх цуутай эрчүүдийн хүүхэд насных нь зураг уу, аль эсвэл аатай, эртэй явсан эр нөхрүүдийнх нь цоглог агшин уу… алин ч үгүй, ач зээ нарынх нь зурагнууд юмаа. Доржоо (Асаг дууддаг нэр)-гийн өнөө муу жаахан чинь ийм том болсон, Ганаа (Гантогтох)-гийн жаахан энэ шүү дээ гэлцэн сууцгаана. Тэднийг нийгмийн хүмүүс, олны танил болгосон ээжүүд одоо өөдөсхөн үрсийнх нь төлөө амьдарч байна. Монгол ээжүүд ингэж л түүхийг үргэлжлүүлдэг, эх орны өмнө үүргээ нэр төртэй биелүүлдэг. Эрчүүд өөрсдийгөө бүтээсэн юм биш, энэ хоёр эмэгтэй, энэ хоёр шиг монгол бүсгүйчүүд, монгол ээжүүд Монголын сортоотой яваа аавын хүү бүрийг бүтээсэн юм. Ээжийгээ, эхнэрээ, эмэгтэй хүүхдээ, бүсгүй хүн бүрийг хүндэлж, дээдэлж явцгаа. Тэд хэзээ ч өөрсдийнхөө төлөө амьдардаггүй юм, та нарын төлөө л амьдардаг юм…

Шинэ мэдээ