Баасан, 3 сар 29, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Д.ГАНХУЯГ: ЗАСГИЙН ГАЗАР ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТУЛД “ПЕТРОЧАЙНА”-ТАЙ ӨМНӨХ ХЭЛЭЛЦЭЭРЭЭ СЭРГЭЭХ ЁСТОЙ

-Стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэг ч хоёроос доошгүй байж эрсдэл буурна-


Уул уурхайн сайд асан Д.Ганхуягтай дизель түлшний асуудлаар ярилцлаа.


-Монгол орон даяар дизель түлш тасраад удаж байна. Хөдөө аж ахуй, уул уурхайн орны хувьд хамгийн өргөн хэрэглээ нь дизель түлш. Гэтэл хот хөдөөгүй хүнд байдалд орчихлоо. Ямар аргаар дизель түлштэй болох талаар энэ салбарыг удирдаж байсан хүний хувьд шууд асууя?

-Уг нь энэ дэлхий дээр түүхий нефтьгүй олон орнууд байдаг. Тэр орнууд хэд хэдэн нийтлэг аргуудаар шийддэг. Тодруулбал түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүн энд тэндгүй боомт дээр байдаг. Иймд бензин, дизель түлш нийлүүлэх үүсвэрийг ядахдаа хоёроос доошгүй байлгавал худалдан авагч талд буюу Монгол Улсад ашигтай тусна. Нөгөө талаар зах зээлийн зарчмаар нийлүүлэлт дээр өрсөлдөөн бий болгоно гэсэн үг.

Өнөөдөр ийм байдалд хүрсэн нь олон шалтгаантай байгаа байх. Ажил хариуцаж байгаа хүмүүс нь сайн мэдэх болов уу. Минийхээр бол эрх баригчид маань нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэгчээ бас дахиад л ганцхан “Роснефть” болгочихсонтой холбоотой. Нөгөө талаас ОХУ дайны байдалтай байгаагаас дайны машин механизмд дизель их хэрэглэдэг тул дотоодод нь дизелийн эрэлт ихэссэн байх. Энэ эрсдэлийг урьдчилж хараагүй байж магадгүй. Бас Монгол Улсын бүхий л салбарыг гамшгийн байдалд оруулж байгаа томоохон хүчин зүйл болох улстөржилтөөр сонгуулийн дараа мэргэжлийн сайн хүмүүсийг халаад цүнх баригчид, сонгуулийн менежерүүдээ хариуцлагатай албан тушаалд томилсонтой шууд холбоотой.

Ер нь дээр үеэс л гурав дахь хөршүүдийн Монгол Улсад амьдарч байгаа иргэдийн дунд ОХУ-ын Элчингийн хүн “Монголыг манайх нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүч, төмөр замын тээвэр гурваар байдалд оруулж чадна” гэж ярьсан гэх аман яриа байдаг. Энэ үнэний ортой. Ер нь дэлхийн хэмжээнд стратегийн бүтээгдэхүүнд ордог шатахуун бензин гэх мэт бараан дээр хоёр орны дарга нар сайн найз нар учраас утсаар яриад шийдчихнэ гэдэг арга барил найдвартай биш байх. Байнга дарамттай. Тийм л учраас нефтьгүй орнууд зах зээлийн болон бизнесийн зарчмаар энэ асуудлыг шийддэг бололтой юм.

-Шинэчлэлийн Засгийн газрын үед бас түлш шатахууны үнэ нэмэгдэж, хомсдол үүсэх эрсдэлд тулж байсан гашуун туршлага бий. Ямартаа ч үнийг нь тогтвортой барьж шийдвэрлэж байсан санагдаж байна. Өнөөдөр ч харж болох шийдлүүд хэрэгжүүлж байсан байдаг шүү дээ?

-Бид хийх ёстой ажлаа хийсэн санаатай.Нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй бусад орны туршлагыг уйгагүй судалсан юм. Хомсдол үүсгэж байгаагүй. Ийм бүтээгдэхүүн дээр нэгдүгээрт хомсдол үүсгэхгүй байх, хоёрдугаарт, зах зээлийн үнээр бензинийг авах, гуравдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэнд нөлөөлдөг тул аль болох урт хугацаанд тогтвортой байдлыг хангах нь хамгийн чухал байдаг. Уг нь Монгол Улс Үндсэн хууль болон бусад хуулиараа стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүний үнэд иргэдийнхээ амьжиргааны өртгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор зохицуулалт хийх үүрэгтэй. Нефтьгүй ардчилсан, хөгжилтэй орнууд ч адилхан байдаг юм билээ.Энэ хуулийн орчин хэвээрээ байгаа болов уу. Одоо ч бас сайн мэдэхгүй байна. Шалтгаан нь зарим үед Засгийн газар болон Засгийн газрын төлөөний хүн бензиний үнийг чөлөөлсөн гэж ярих. Би мулгуу болохоор энэ байдлыг сайн ойлгоогүй байж магадгүй шүү.Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний хилийн үнийн өсөлт хэцүү байсан. Бензиний үнийг өсгөхгүйн тулд Онцгой албан татвар, гаалийн татварыг бууруулна, дагуулаад л “Роснефть”-ийн бүтээгдэхүүний хилийн үнэ, мөн экспортын татвар нь нэмэгдэнэ. Гэхдээ энэ байдлыг манай баг давж чадсан.

-Ярилцлагын эхэнд та стратегийн ийм бүтээгдэхүүн дээр улс орон хоёроос дээш нийлүүлэгчтэй байх ёстой гэлээ. Яг л энэ асуудал өнөөдөр тулгарчихлаа шүү дээ. Ганц эх сурвалжаас хараат байснаас ямар нөхцөлд хүрэв. Япон, Казахстан, Хятад, Солонгос гээд гуравдагч хөршүүдээс импортлох боломжтой гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Таныхаар ямар боломжийг харж байна вэ?

-Эхний ээлжинд ойрхноор нь “Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээхийг зорьсон нь дээр болов уу. Ер нь нефтийн бүтээгдэхүүн дээр хомсдол үүсгэх нь маш хариуцлагагүй байдал. Энэ үед яам, агентлаг хариуцлага хүлээдэг нь олон улсын жишиг. Бензиний хомсдол нь эдийн засгийн бүх үйл ажиллагаанд нөлөөлдөг хор уршиг ихтэй учир Шинэчлэлийн Засгийн газрын үед нефтийн бүтээгдэхүүний нөөцийн хугацаа нэг сар байсныг дахин уртасгаж хоёр сар болгож байсан. Хэрэглээ ихтэй Япон, Солонгос зэрэг орнууд бараг зургаан сарын нөөцтэй байсан санагдаж байна. Тэд нефть хямд үед нь нөөцөө түүхий нефтиэр бүрдүүлдэг. Шалтгаан нь түүхий эд нь бүтээгдэхүүнээсээ ууршилт багатай байдагтай холбоотой.Тэгээд нефть боловсруулах хувийн хэвшлийн олон үйлдвэртээ боловсруулаад явчихдаг юм билээ.

-“Петрочайна” компанитай өмнөх гэрээ хэлэлцээрийг сэргээх гэдэг бодох л шийдэл байна. Ер нь үеийн үед үүсдэг нефтийн хараат байдлаас Монгол Улс бүрэн ангижрах боломж байна уу?

-Нэгд, хамгийн найдвартай арга нь нефть боловсруулах үйлдвэртэй болох л чухал шүү дээ. Энэ үйлдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед барьж эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажил нь явагдаж байгаа гэж ойлгосон. Тэгээд хямд үед нь түүхий нефтиэр хангалттай бүрдүүлэх учиртай. Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг дуусгаж, төр хувийн хэвшлийн хамтарсан хөрөнгө оруулалтаар барих саналыг ҮАБЗ-д оруулсан боловч түүхий эдээ хэрхэн бүрдүүлэх дээр асуудал гарч, дэмжигдээгүй зогссон түүхтэй. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад шаардлагатай түүхий нефтийн хэмжээ нь “Петрочайна”-гийн олборлон экспортолж байгаа түүхий нефтийн хэмжээнээс бараг хоёр дахин илүү тул энэ түүхий нефтийг хаанаас авах вэ? гэдэг асуудал гарсан. Байршил нөхцөл байдлыг бодоход дахиад л “Роснефть” компаниас авах гарц байсан. Өөр хувилбарууд ч байж болох талтай. Иймээс ҮАБЗ нефтийн бүтээгдэхүүн дээрээ “Роснефть”-ээс хамааралтай, дахиад түүхий нефтьнээс хамааралтай болсноор давхар дарамт үүсэх нь тодорхой юм байна гэж үзсэн. Харин хувийн хэвшилтэйгээ хамтарч үйлдвэр барихыг дэмжсэн. Ийм үйлдвэрүүд 100 хувь төрийн өмчийнх болохоор үйл ажиллагааны болон нэгж бүтээгдэхүүний өртөг зардал өндөр тусдаг.

Дээр нь энэ салбарт технологийн дэвшил хурдацтай явагддаг учир хоцрогдчихдог, тогтвортой сайн, шинэлэг менежмэнт шаардлагатай байдаг. Өнөөгийн байдлаас харахад манайд бол шахаа хийсээр байгаад дампууруулчихаж магадгүй. Эсвэл амьдралдаа компани авч явж үзээгүй, туршлагагүй цүнхчин аваачаад тавьчихвал тэгээд бараг дуусна даа. Жишээлбэл, одоо манайх гадны орны зээл болон, төсвийн хөрөнгөөр нефть боловсруулах үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг барьж байх шиг байна.Энэ нь яваандаа томоохон скандал үүсгэж магадгүй. Иймээс ашиглалтад орохоос нь өмнө энэ үйлдвэрийн эзэн төрийн өмчийн компанийн 50 хувийн хувьцааг дотоод, гадаадын хувийн хэвшилд зараад тэднийг оруулчихвал маш сайн явах тал бий. Үүгээр дамжаад түүхий эдийн асуудлыг дарамт багатай шийдэх боломж ч гарч магадгүй. Тэр тусмаа гурав дахь хөршийн нефть боловсруулах салбарын томоохон хөрөнгө оруулагчийг оруулж чадвал илүү сайн байх талтай.

-Нефть боловсруулах үйлдвэрийг төр хувийн хэвшил хамтарч авч явах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Өмнөх агуулгаа үргэлжлүүлээд дуусгая. Хоёрт, стратегийн нефтийн бүтээгдэхүүн дээр нийлүүлэгч нь хоёроос доошгүй байж эрсдэл буурна. Үүний тулд худалдан авагч нь байнга эдгээр нийлүүлэгчдээсээ тодорхой харьцаагаар сайн нөхцөлийг уралдуулж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан авна гэсэн үг. Нэгийг нь хаячихаад ганцхан нийлүүлэгчтэй сайжирч явж байгаад нөгөөдөхдөө дарамтлуулахаараа нөгөө хаясан нийлүүлэгчээ гуйж гувшина гэдэг бол зарчимгүй ажил хэрэг юм. Голсон юм голд орж, шилсэн юм шилд ордог гэдэг байх аа.

Гуравт, санхүүгийн аргачлалууд буюу бирж дээр ирээдүйд авах бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээ, үнийг урьдчилж тохирох санхүүгийн fitures болон биржээр дамжуулж бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулах, мөн даатгал ашиглах Hedging зэрэг үүсмэл хэрэгслүүдийг ашиглах ёстой. Мөн төр,хувийн хэвшлийн хамтарсан сангаар дамжуулж нефтийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах гээд зөндөө хувилбарууд байна.

Шинэ мэдээ