-  Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэйтэй ярилцлаа. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улс орон даяар зохион байгуулагдаж буй “Unsend-Бүү шилжүүл” нөлөөллийн аяны талаар мэдээлэл өгнө үү?

- Танд мөн адил өдрийн мэнд хүргэе. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 31,320 гэмт хэрэг бүртгэгдсэний 32,8 хувь буюу 10,300 гэмт хэрэг нь “Залилах” гэмт хэрэг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 97,3 хувиар өссөн дүн юм. Нийт бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 88,2 хувь буюу 8,056 нь цахим орчинд үйлдэгдсэн залилах гэмт хэрэг байна. Иймд цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Монголын банкны холбоотой хамтран “Unsend - бүү шилжүүл” нөлөөллийн аяныг энэ оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай улсын хэмжээнд зохион байгуулж байна.

- Иргэд өөрийн фэйсбүүк хуудас болон имэйл хаягаа бусдад алдсаны улмаас найз нөхдөөс нь мөнгө зээлж, хохирсон асуудлууд байдаг. Таны сая хэлсэн мэдээлэлд залилах гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байна. Шалтгаан нь юу байна вэ?

Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оноос хойш “Ятгах тусам нягтал” нөлөөллийн аяныг жил дараалан зохион байгуулж ирсэн. Гэвч залилах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Ялангуяа, төлбөр тооцоог хялбар аргаар, цахимаар шилжүүлэх боломжтой болсны улмаас цахим орчинд уг гэмт хэрэг өсөх шалтгаан болж байна. Иймд ард иргэдийг цахим орчимд үйлдэгдэж байгаа залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд санхүү, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор “Unsend - Бүү шилжүүл” гэсэн уриатайгаар уг аяныг зохион байгуулж байна.

-  Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд ямар сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг өгөх шаардлагатай байна вэ?

-  Судалгаанаас харахад цахим орчимд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн  хохирогчид нь 35-аас дээш насны, цахим хэрэглээний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг хүмүүс байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөлийн нэг болж байгаа юм. Цахим орчинд түгээмэл үйлдэгдэж буй хэргүүдийн хувьд, фэйсбүүк хуудсанд хууль бусаар нэвтэрч тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийг хуурч мөнгө залилах, бараа бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр авах зэрэг гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Жишээ нь фэйсбүүк найзаас нь “яаралтай мөнгөний хэрэг байна. Түр зээлээч, одоогоор өөрийн дансыг ашиглах боломжгүй байна. нэ данс руу шилжүүлнэ үү” гэсэн захидал илгээх, мөн өөрт нь илгээгдсэн нууц үг, кодыг ирүүлнэ үү хэмээн хуурч, бусдад итгэл төрүүлэх байдлаар залилах гэмт хэргийг үйлдэж байна. Иймд иргэд та бүхэнд өөрийн найз нөхөд, ойр дотны хүнээс мөнгө зээлээч, нууц үгээ явуулна уу гэсэн чат ирсэн тохиолдолд тухайн хүнтэйгээ утсаар холбогдож, заавал тодруулах нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.

Түүнчлэн, гадаад улсын иргэд Монгол эмэгтэйчүүдийн фэйсбүүк хаяг дахь мэдээ мэдээллийн хүрээнд дотно харилцаа үүсгэж, улмаар өөрийгөө гадаад улсад амьдардаг, бэлэг, бэлэн мөнгө илгээе, өөрийн эд хөрөнгөө өөрт чинь шилжүүлэх хүсэлтэй байна, татвар, илгээмжийн хураамжийг шилжүүлсэн тохиолдолд илгээмжийг авах боломжтой хэмээн хуурч, урьдын харилцаанд үүссэн итгэлийг урвуулан ашиглан залилах гэмт хэргийг үйлдэж байна. Үүнийг “romans” төрлийн залилах гэмт хэрэг гэдэг бөгөөд хохирогчид нь ихэвчлэн эмэгтэйчүүд байдаг. Тиймээс өөрийн имэйл хаяг, фэйсбүүк хуудсанд үл таних хүнээс ирсэн мэдээ, мэдээллийг нягталж, амар хялбар нууц үг оруулахгүй байх хэрэгтэй.

  • Ярилцлага өгсөн танд баярлалаа.