Баасан, 3 сар 29, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Засгийн газар цэнгээнт аялал жуулчлалыг дэмжинэ

Засгийн газрын өнөөдрийн /2022.11.16/ ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлахтай холбогдуулж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг боловсруулж байна.

Хуулийн төслийг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарыг ДНБ-ийн 30 хүртэл хувийг үйлдвэрлэдэг болгох, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, Монгол Улсад ирэх аялал хамгийн хямд байх, ирсэн хойноо жуулчдад үзүүлдэг соёлын болон бусад нэр төрлийн үйлдвэрлэлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт түлхүү анхаарч байна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол хоёр хүндрэл байна. Тиймээс нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тийзний үнийг буулгах, визний хөнгөлөлт үзүүлэх. Нислэгийн давтамжийг нэмэгдүүлэхэд агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа авиа компаниудад хөнгөлөлт үзүүлэх. Визний хөнгөлөлтийг эргэн харж, визгүй зорчуулдаг улс болно. Хамгийн олон улс орны иргэдийг визгүй зорчуулдаг улс болно. Улс орнуудын жагсаалтыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Аялал жуулчлалын байгууллагыг түр оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага гэх мэт ангиллуудтай болгож, тус байгууллагууд нь Монгол иргэдийн өмчлөлтэй компаниуд /50-иас доошгүй хувь нь/ байх шаардлагыг тавьж байгаа юм. Аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчид байх ёстой.

Аялал жуулчлалын хуультай хамт цэнгээнт аялал жуулчлалыг дэмжсэн хуулийн төсөл өргөн барина. Морин бооцоот уралдааны тухай хууль, Казиногийн тухай хуулийн төслүүдийг өргөн барина гэлээ.

-Богд ууланд аялал жуулчлалын зориулалтаар газар авчихаад орон сууц барьдаг асуудал байна. Энэ асуудлыг яах вэ?. Казиногийн тухай хууль, Морин бооцоот уралдааны тухай хуулийн төслүүдийг олон нийтээр хэлэлцүүлсэн үү, санал авсан уу? 

-Цаашид Богд ууланд газар олгохгүй гээд хуульчилъя гэсэн бодолтой байдаг хүмүүсийн нэг. Байгаль орчны үе үеийн сайд нарын алдаа завхрал Богд уулын хэдэн амыг отго байдлаар хаусны хороолол болгоод дууссан. Сургууль, эмнэлэг, дэд бүтэц зэрэг асуудал нь Улаанбаатар хотын захиргааны асуудал болоод үлдчихсэн. Цаашид Богд ууланд дахиж газар олголт хийхгүй, Богд уулыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах хэрэгтэй гээд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд саналаа өгсөн.

Казиногийн тухай хуулийн төслөөр энэ жил маш олон хэлэлцүүлэг хийсэн. Аялал жуулчлалын тухай хуулиа дагуулан багц байдлаар хамтад нь УИХ-д өргөн барина. Казиногийн тухай хуульд Монгол хүн орохгүй байна, маш цөөн тоогоор лиценз олгоно. Лиценз олгохдоо зөвхөн Монгол газар дээр бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх, гадаадаас оруулж ирэх хөрөнгө оруулалтынх нь дүнгээр  лиценз олгоно гэсэн агуулгатай.  Хуулийн төсөл боловсруулагдаад яамны вэб сайт дээр байршаад таван сар болж байна. Удахгүй Аялал жуулчлалын тухай хуультай цуг Морин бооцоот уралдааны тухай хууль, Казиногийн тухай хууль, Төлбөр тааварт тоглоомын тухай хуулийн төслийг багц байдлаар энэ ондоо хэлэлцэх эсэхээ шийдэж явахаар төлөвлөгдсөн.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул: Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барихад бэлэн болж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Хуулийн төсөлд хэд, хэдэн шинэ заалтууд багтсан. Хүний үйл ажиллагаа, оролцоог бууруулна. 2019 оноос хойш бид цахим шилжилт хийж байна. Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий. Эдгээр баримтыг тухайн компаниас дахин нэхэхгүй, харин компани үнэн зөв мэдээлэл өгсөн гэж баталгаа гаргана.

Нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерийн бүх үе шатыг оролцогч компаниуд, олон нийт тодорхой цаг хугацаанд харах боломжтой. Гэхдээ олон нийтэд тендерийн үнэлгээ хийх явц харагдахгүй. Тендерийн хариуцлагатай холбоотой маргаан их гардаг. Хэрэв тендер авсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн, чанаргүй гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийг дахин тендерт оруулахгүй, удирдлагуудын хамт хар жагсаалтад бүртгэнэ.

2021 оны эцсээр эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл буюу хар жагсаалтад орсон 46 аж ахуйн нэгж байгаа. Илт худал мэдээлэл ирүүлсэн буюу тендерт хуурамч материал үйлдэж ирүүлсэн 34 аж ахуйн нэгж, гэрээний үүргээ зөрчсөн, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан 12 аж ахуйн нэгж байна.

Орон нутгийн аж ахуй нэгжид давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулна. Төрийн байгууллагууд захиалга өгөх замаар бараагаа авна.

Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаанаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд Tender.gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, санд мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй болно.

Тендерт хамгийн бага үнэ санал болгосныг биш бодит үнэ санал болгосон аж ахуй нэгжийг шалгаруулна. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ өгсөн аж ахуй нэгжийг хасна. Анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасна гэлээ.

Өнгөрсөн хугацаанд зарлагдсан нийт тендерийн 3 хувьд нь гомдол гарсан байна.

Төрийн худалдан авах ажиллагааны газраас энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан юм байна. Жагсаалтаар Төрийн худалдан авах ажиллагааны газар 591 тэрбум төгрөгийн 173 төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд 1090.6 тэрбум төгрөгийн 342 төсөл, арга хэмжээ, 1412.0 тэрбум төгрөгийн 202 төсөл, арга хэмжээг төсвийн ерөнхийлөн захирагчид хэрэгжүүлэх ажээ.

Шинэ мэдээ