Баасан, 4 сар 19, 2024
6.1 C
Ulaanbaatar

С.Мөнхчулуун: “МАК“ цемент компани цементийн үнээ огцом нэмсэн тул зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас цементийн үнийн өсөлттэй холбоотой хяналт шалгалтын ажил эхлээд байгаа талаар өнөөдөр /2022.09.23/ мэдээлэл хийлээ.

Тодруулбал, ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун "Цементийн үнийн асуудлаар 2022 онд гурван удаагийн хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Гурван сард цементийн үнэ тонн тутамдаа 58.000-68.000 төгрөг буюу 28.6-31.3 хувиар нэмэгдсэн байсан. Үнийн өсөлтийн шалтгаан нь цемент үйлдвэрлэгч ААН-үүд голлох түүхий эдийг дотоодоосоо хангадаг бөгөөд төмрийн хүдэр, гөлтгий, шохойн чулуу, нүүрс, дизель түлш, тэсрэх бодисын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор өссөн байна гэж үзсэн.

Мөн зургаан сард зах зээл дээрх цементийн үнэ тонн тутамдаа 380.00-430.000 төгрөг хүрч өссөн. Энэ үед дотоодын цемент үйлдвэрлэгч компаниуд үнээ нэмээгүй харин дамжуулан борлуулдаг гэрээт борлуулагчид үнийг нэмж зарсан болох нь тогтоогдсон. Ингээд 6-8 сар хүртэлх хугацаанд 15 аж ахуй нэгжийг хамруулан зөрчлийн хэрэг нээж шалгаад зургаан аж ахуй эрхлэгчдэд тус бүрд нь 20 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээг авсан.

Эдгээр хяналт шалгалтын дараа 9 сард дахин цементийн үнэ өссөн, хомсдол үүссэн гэх асуудал гарсан. Энэ нь дотоодын дөрвөн томоохон цементийн үйлдвэрийн хоёр нь үйл ажиллагаа явуулахгүй байсантай холбоотой. "Мөнхийн Баянгал" компани 3 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 8 сарын 15-аас хойш төлөвлөгөөт засвартай тул үйл ажиллагаа явуулаагүй байна. Харин үлдсэн "Монцемент" болон "МАК" цемент нарын үйл ажиллагаа нь хэвийн явж байсан. Иймээс хоёр үйлдвэр л үйл ажиллагаа явуулж байгаа тул зах зээл дээр цементийн хомсдол үүсээд байгаа юм.

Гэтэл өчигдөр буюу 9 сарын 22-ны өдөр "МАК" цемент компаниас гэрээт борлуулагчдадаа 1тонн тутамд задгай цементийг 529.500 төгрөг, савласан цементийг 550.000 төгрөг болгон нэмэгдүүлж байгаа талаар мэдэгдлийг хүргүүлсэн байна. Өмнө нь задгай цемент 283.600 төгрөг, савласан цементийг 335.600 төгрөгийн үнэтэй байсан. "МАК" цемент компани ийнхүү нэг өдрийн дотор задгай цементдээ 86.7 хувь, савласан цементээ 63.8 хувиар өсгөсөн. Тус компани өнгөрсөн 3 сараас хойш үнээ нэмж ирсэн. Тэр үеэс өнөөдөр задгай цемент тонн тутамдаа 185 хувь буюу 2.9 дахин, савласан цементээ 171.5 буюу 2.7 дахин өсгөсөн ийм дүнтэй байна.

Ийнхүү үнэ нэмсэн байдалд нь үндэслэлтэй нөхцөл шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл харагдахгүй байна. Учир нь цементийн түүхий эдүүдийг дотоодын зах зээлээс нийлүүлдэг тул валютын ханшны өсөлт нөлөөлөхгүй байна. Шатахууны үнэ тогтвортой байна, дизел түлшний үнэ 8 дугаар сараас литр тутамд 450 төгрөгөөр буурсан. Эндээс харахад үнэ нэмэгдэх шалтгаан нөхцөл байхгүй байгаа юм. Харин 9 сарын 14-ний өдрийн Засгийн газрын 348 дугаар тогтоолоор цементийн гаалийн татварыг тэглэсэн. Үүнтэй холбоотойгоор тус компани үнээ огцом нэмсэн байх магадлалтай.

Тиймээс энэ удаагийн үнээ огцом өсгөсөн байдал нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгч өөрийн давамгай байдлаа хууль бусаар ашиглаж хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан, хэрэглэгчдийн аргагүй байдлыг далимдуулан хясан боогдуулсан, хэрэглэгчдийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй зөрчлүүд тогтоогдсон үндэслэлтэй байгаа тул зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 зүйлийн 4.7, 10.7 зүйлийн 8, 10.7 зүйлийн 9 дэх заалтуудад холбогдуулан зөрчлийн хэрэг нээн шалгахаар болоод байна.

Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч нь зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргээр ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох”-оор заасан байдаг. Хэрвээ давамгай байдалтай аж ахуй эрхлэгч Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн, өрсөлдөөнийг хязгаарласан хясан боогдуулсан, картел хийх буюу үгсэн хуйвалдаж үнэ тогтоосон зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдвол хуульд зааснаар өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувиар торгууль ногдуулах, мөн хууль бусаар олсон орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна" гэв.

Шинэ мэдээ