Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

ОХУ-д дайчилгаа зарлаж, Буриад иргэд Монгол руу зугтаж эхлэв

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгааг зарласан. Дайчилгааны зорилгыг Путин “Эх орон, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүн ардын аюулгүй байдлыг хамгаалах” гэж тодорхойлсон.

Оросоос визгүй улсууд руу явах нислэгүүд ойрын хэд хоногт тэр дороо зарагдаж дуусч байна. Турк, Армени, Азербайжан зэрэг зарим чиглэлд тасалбарын үнэ 2000 евротой тэнцэж байна.

Оросын сөрөг хүчний Медуза сонинд “Оросоос яг одоо хаашаа зугтах вэ?” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Энэ нийтлэлд улс орнуудын жагсаалт, нэвтрэх шаардлага зэргийг дэлгэрэнгүй тусгасан байна. Европын холбооны гишүүн Латви, Литва, Эстони улсууд дайчилгаанаас зугтаж ирсэн оросуудад орогнол олгохгүй гэдгээ мэдэгдээд буй.

Харин Балтийн орнуудын хоригт тэрс үзэлтнүүд болон дүрвэгсэд хамаарахгүй аж. Оросын сөрөг хүчний нэрт улстөрч Дмитрий Гудков зургадугаар сард эх орноосоо дүрвэсэн. “Би Путины тушаалыг бүхэлд нь анхааралтай уншсан. Тэд хүн бүрийг дайчилж байна. Энэ бол Путины зарласан хамгийн сүүлийн оршуулгын кампанит ажил” гэж тэр хэлжээ. Мөн “Залуус аа, эх орноо орхи” гэж тэр уриалав.

Буриад иргэд Монгол руу олноороо явахаар дугаарлаж эхэлсэн гэх мэдээлэл Оросын зарим хэвлэлээр гарч эхлээд байна. “Буриадууд цэргийн дайчилгаанаас зугтааж, зэргэлдээх улсууд руу зугтааж эхэлсэн. Хамгийн боломжтой хувилбар нь Монгол” гэх зэргээр мэдээлэл тархжээ.

Энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газраас тодруулахад "Алтанбулаг боомтоор 2022.09.20-ны өдөр ОХУ-аас Монгол Улс руу 263 иргэн орж ирсэн бол 2022.09.21-н буюу өчигдрийн байдлаар тус улсаас манай улс руу 261 иргэн орж ирсэн байна." гэх мэдээллийг өглөө. Мөн боомтод ямар нэг бөөгнөрөл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэлээ.

Энэ асуудлыг Гаалийн Ерөнхий газраас тодруулахад “Гаалийн байгууллага дээр үүссэн асуудал одооогоор алга. Өчигдөртэй харьцуулахад зорчих хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн. Гэхдээ хил дээр очер үүсэх хэмжээний асуудал үүсээгүй. Өнөө өглөөний байдлаар, Оросын талд 60 гаруй автомашин Монголын тал руу нэвтрэхээр дугаарлаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ мэдээ