Баасан, 3 сар 29, 2024
-0.9 C
Ulaanbaatar

Дараагийн МАН-ын генсек хэн байх вэ?

МАН-д Ерөнхий нарийн бичгийн даргын сул орон тоо гарч ирлээ. Учир нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах шинэ Засгийн газар бүрдэх үеэр тус намын генсек Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын дарга болгохыг Удирдах зөвлөл дэмжсэн юм.

Нам дотроо хоёр дахь албан тушаалтан нь Ерөнхий нарийн бичгийн дарга байдаг. Шинэ генсек одоо цагт хамгийн хүчирхэг буй намын хоёр дахь хүн болно гэсэн үг.

Тэгвэл уг албан тушаалд хэн байх вэ гэдэг асуудал намын амбицтануудын жинхэнэ хорхойг хөдөлгөнө. Эх сурвалжийн мэдээллээр дараагийн намын генсект дэвших боломжтой дөрвөн хүн байгаа гэнэ.

ЕТГ-ын дарга Я.Содбаатар: -Туршлагатай, тулхтай улс төрч. Монголын парламентад 2012-2016, 2016-2020 онд хоёр удаа сонгогдож, Зам, тээврийн хөгжлийн сайдын албыг дөрвөн сар хашсан. Гэхдээ түүнийг МАН-ын залуу, дунд үеийнхэн үеэ өнгөрөөсөн гэж үздэг. Арга ч үгүй биз. ЖДҮХС-гаас эхлээд төрийн болж бүтэхгүй ихэнх асуудалд түүний нэр холбогдсон. Тиймээс улс төрчийн хувьд үеэ өнгөрөөж байгаа гэж хэлж болохоор. Одоогийн албан тушаал нь үеэ өнгөрөөсөн улс төрчид тохирох суудал юм.

МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар: -Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн туслахаар Шадар сайд байхаас нь эхлэн ажиллаж байсан ойрын хүн. МИАТ-ын дэд захирлаар ажиллаж байгаад МАН-ын нарийн бичиг болж байв. Гэхдээ түүнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохгүй нэг том шалтгаан бий. Тэр бол тооноор орж ирсэн хүн. Нам хэмээх бүтцийн байгууллагад байгаагүй, түүнээс зохион байгуулсан ямар ч ажилд оролцож байгаагүй, ялалт ялагдлын аль ч талд оролцоогүй нөхөр. Хаалгаар бус тооноор орж ирэгч юм.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд: -МАН  бусад улс төрийн хүчнээс түрүүлж, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах том шинэчлэлийн суурийг Д.Амарбаясгалан тавьж чадсан. Харин Ц.Чулуунзагд түүний туслах юм. МАН цааш өсч, дэвшихийн тулд шинэ генсек сонгох гэж байгаа. Тэгэхээр энэ шаардлагыг тэрээр хангаж чадахгүй гэсэн үг. Түүнчлэн улс төрч хүнд байх характер, харизм түүнд байхгүй гэж ойр тойрныхон нь ярьдаг билээ. Тэрээр намын цахим хөгжил, IT программ чиглэлд түлхүү ажиллах нь намын ирээдүйд хэрэгтэй гэж намынхан нь үзэж байна.

Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал эрхэлсэн Тамгын газрын дарга Ц.Бат-Энх: -Тэрээр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дэд дарга,  Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, "Эрдэнэт" үйлдвэрийн Ерөнхий захирлын орлогч, МАН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2021 оны наймдугаар сард “Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч захирлаар томилогдсон байдаг. Улс төрчийн хувьд арвин түүхтэйгээс гадна, улс төрч хүнд байх нятрашгүй зан характертай гэж намын гишүүд нь үнэлдэг. Тиймээс дараагийн Генсект тохирох улс төрч гэдэг юм билээ. Ирээдүйтэй улс төрчөө төв рүү, гал тогоо руугаа татах сонирхол намын удирдлагуудад байгаа нь тодорхой юм.

Шинэ мэдээ