Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

А.АРИУНЗАЯА: ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ ХӨДӨЛСӨН

Тогтолцооны шинэчлэл шаардсан олон асуудал манай нийгэмд бий. Тэдгээрийн нэг нь тэтгэврийн шинэчлэл. Олон жил ярьсан энэ шинэчлэл гараанаас гарах цаг хугацаа ойртож буй. Нийгмийн даатгалын тогтолцоог өөрчлөх багц хуулийн төсөл үндсэндээ бэлэн болсон. Саяхан Сингапур Улсаас мэргэжлийн баг Монголд ирж Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн туршлагаа танилцуулахын сацуу бидний байгаа нөхцөл байдлыг үзэж хараад явсан. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

-       Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангаас санаа авч тогтолцоог нь Монгол Улсад нутагшуулах ажил эхэлж байгаа юм байна. Сингапурын энэ сан юугаараа онцлог вэ?

-       Сингапур Улс 1955 онд хуримтлалын сангийн хууль баталсан. Тэгээд сангаа байгуулж хуримтлал бий болгосон. Улмаар 13 жилийн дараа буюу 1968 онд хуримтлалын сангаа орон сууцны, 1984 онд эрүүл мэндийн, 1989 онд боловсролын хөтөлбөртэй холбосон байна. Хуримтлалын нэгдсэн сан нь үйл ажиллагаатайгаа уялдуулан Орон сууцны даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Насан туршийн орлого даатгалын сан, Халамжийн тэтгэмжийн сан гэсэн 4 даатгалын санг удирддаг. Хуримтлалын нэгдсэн сангийн орлого нь:

  • Засгийн газрын тусгай үнэт цаасны хүүгийн орлого
  • Хуримтлалын шимтгэлийн орлого
  • Хөрөнгө оруулалтын өгөөжийн орлого гэсэн гурван төрлийн эх үүсвэрээс бүрдэж байна. Харин зарцуулалтын хувьд сангийн хөрөнгийг:

  • Өндөр насны тэтгэвэр
  • Орон сууц худалдаж авах
  • Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөр
  • Сургалтын зээл гэсэн дөрвөн чиглэлд зарцуулж байна.

Өөрөөр хэлбэл, Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоогоор дамжуулан иргэдийн нийгмийн суурь хэрэгцээ, асуудлыг цогцоор нь шийдэж чадсан онцлогтой байгаа юм.

-       Тэгвэл Хуримтлалын нэгдсэн сан байгуулснаар Монголд ямар асуудлуудыг шийдэж болох вэ?

-       Тухайн үед Сингапурт тулгамдаж байсан нийгмийн асуудлууд яг одоо манайд байна. Бид инженерийн байгууламж, дэд бүтэцгүй газарт нүүрсээ түлж амьдарч байна. Үүнээс үүдсэн хөрсний болон агаарын бохирдол дээд цэгтээ хүрсэн. Өөрөө болон гэр бүлийн хэн нэг нь хүндээр өвдөхөд эмчилгээний өртөг зардлаа төлж дийлэхгүй мухардаж байна. Ахмадуудын тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна. Хүүхдээ мэргэжилтэй болгох гэж сургалтын төлбөрт халаасаа хоосолж байна. Монголчуудын дийлэнх нь хуримтлалгүй байна. Энэ бүх асуудлыг тус тусад нь шийдэх гэж өнгөрсөн хугацаанд явж ирсэн. Өөр өөр арга замаар их оролдсон. Олон хууль баталж, янз бүрийн бодлого хэрэгжүүлсэн. Гэвч гэр хорооллын айл өрх нэмэгдсэнээс биш буураагүй. Гадагшаа эмчилгээнд явахын тулд хүмүүс хандив гуйсаар. Тэтгэврийн шинэчлэл хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, эдгээр асуудлын араас олон замаар үр дүнгүй гүйсэн байна. Тэр хэрээр төсөв мөнгө ч багагүй зарцуулсан. Иргэдийн итгэл алдарсан. Тэгвэл бидэнд нарийн, бартаатай олон салаа зам хэрэггүй юм байна гэдгийг Сингапурын туршлагаас харж болно. Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан энэ бүх асуудлыг сууриар нь шийдэх боломжтой.

-       Сингапурын жишээ Монголд хэр тохирох вэ, манай хөрсөнд амжилттай бууна гэсэн найдлага хэр байна?

-       Мэдээж зуун хувь шууд хуулбарлаад тавьж болохгүй. Манай нийгмийн болоод хүн ам зүйн бүтцийн онцлог бий. Хамгийн гол нь одоо ашиглаж байгаа тогтолцоогоо бас харах ёстой. Шууд хуулбарлаж ирээд тавихад хэв загвар нь таарахгүй тэс өөр хоёр систем шүү дээ. Тиймээс энэ тогтолцоог амжилттай  хэрэгжүүлж, алдаа оноог нь туулсан улс, хүмүүсээс маш сайн зөвлөгөө авах хэрэгтэй. Бидэнд сохроор турших, бодлогогүй алхам хийх эрх байхгүй. Ул суурьтай хандахгүй бол сэлэм эргүүлж хийдэг шинэчлэл биш л дээ. Тиймээс бид Монгол Улсын онцлогт нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо бий болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Сингапурын хамтын ажиллагааны байгууллагатай 2021 оноос удаа дараа харилцан санал солилцож, цахимаар уулзаж, ажлуудаа ярьсан. Улмаар 2022 оны 7 сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур Улсад айлчлах үеэр энэ чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүний дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын Зүүн өмнөд Азийн газрын захирал Тан По Тек, Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн ТУЗ-ийн гишүүн Юү Ёон Кан Дон, Со Чен Хэн, менежер Чиа Зао Рү, зөвлөх Лим Чи Киа нарын төлөөлөгчид буюу зөвлөх үйлчилгээний багийнхан Монгол Улсад энэ оны 8 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ажиллалаа. Засгийн газрын зүгээс шаардлагатай бүх мэдээлэлээ танилцуулж нөхцөл байдлаа харуулсан. Тэд нутаг буцаж очоод ажлын тайлангаа боловсруулна. Бидэнд санал болгох зөвлөмжүүдээ гаргаад энэ намар ирүүлэх юм. Түүнд үндэслэн дараа дараагийн ажлуудыг хийнэ. Хуримтлалын нэгдсэн сангийн санхүүгийн, үйл ажиллагааны болон бизнесийн загвар гаргах, хуулийн төсөл боловсруулах гээд ажлууд бий.  Шаардлагатай бол Сингапураас шинжээчдийн баг дахин ажиллуулна. Энэ ажлыг бид заавал үр дүнд хүргэх ёстой. Нийгмийн даатгалын багц хуулийг боловсруулж өргөн барьсан. Одоо Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Аль алиныг нь алгуурлах цаг хугацаа байхгүй. Хойшоо алхах орон зай үлдээгүй. Өөрөөр хэлбэл галт тэрэг нэгэнт хөдөлсөн.

-       Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан хоёр хоорондоо яаж уялдах вэ?

-       Шинээр боловсруулсан Нийгмийн даатгалын багц хуульд хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих талаар, мөн олон тулгуурт буюу хувийн нэмэлт тэтгэврийн тухай суурь зохицуулалт орсон. Энэ нь нэг талаас бидний зорьж буй шинэчлэлд нээлттэй эрх зүйн орчин болж өгнө. Нөгөө талд Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийг бид шинээр боловсруулах юм. Шинэ тогтолцоог Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн орчинд нийцүүлэх тал дээр тохиргоо хийх хэрэгтэй болно. Үүн дээр ч гэсэн Сингапурын мэргэжилтнүүд санал, зөвлөмжөө ирүүлнэ. Бид ч бас төр, хувийн хэвшил, иргэд, судлаачдыг хамруулсан хэлэлцүүлгүүд өрнүүлнэ. Бүгд Найрамдах Казакстан Улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын яамны болон энэ салбарын төлөөлөгчид ойрын өдрүүдэд бас манай улсад ажиллаж байна. Бид хоёр улс хоорондын Тэтгэврийн тухай хэлэлцээр байгуулахаар  бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Казакстан Улсаас ч гэсэн авах сайн жишээ байж болно. Бид аль нэг загварыг тулгаж бусдынх нь өмнө хаалгаа цоожлохгүй. Авах гээхийн ухаанаар хандаж Монгол Улсын онцлогт нийцсэн тогтолцоо бий болгохын төлөө явна.

-       Монголд Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог бий болгож үр ашгийг нь хүртэж эхлэхэд хэр их цаг хугацаа шаардлагатай гэж үзэж байгаа вэ?

-       Сингапурын зөвлөх баг манайд ажиллаж дуусаад дүгнэх уулзалтыг олон яамдын төлөөллийг байлцуулан хийсэн. Тэр үеэр эхний байдлаар ерөнхий дүгнэлтээ танилцуулсан л даа. Нэгдүгээрт, тогтолцоогоо цаг алдалгүй шинэчлэх шаардлагатай. Хоёрдугаарт шинэчлэлийг шат дараатай, аажим хийхгүй бол одоо байгаа систем, шинээр бий болгох тогтолцоогоо давхар нураах эрсдэлтэй. Гуравдугаарт, шилжилтийн цаг хугацаа зайлшгүй байх хэрэгтэй гэдэг анхааруулгыг хэлсэн. Сингапур Улс өөрөө Хуримтлалын сан байгуулснаас хойш 13 жилийн дараа орон сууцны, 29 жилийн дараа эрүүл мэндийн, 34 жилийн дараа боловсролын хөтөлбөртэйгөө уялдуулсан байгаа юм. Бид заавал ийм хэмжээний цаг хугацаа хүлээнэ гэсэн үг биш. Аль болох хурдан хугацаанд үр ашгаа өгөх тогтолцооны төлөө ажиллана. Гэхдээ өнөөдөр туршлага судлаад, маргааш хуулиа батлаад нөгөөдөр нь тогтолцоогоо солино гэж дайрвал бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. Эхлэлээ зөв тавьж чадвал дараагийн алхмууд зөв байх суурь нь болж өгнө.

-       Та дээр Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн орлого ямар эх үүсвэрүүдээс бүрддэгийг хэлсэн. Харин Монголын нөхцөлд Хуримтлалын нэгдсэн сангийн орлогыг яаж бүрдүүлэх вэ?

-       Хамгийн чухал асуудал бол энэ. Бидний шинээр хийх гэж буй тогтолцоо ямар загвартай байх нь эндээс эхэлнэ. Орлогоо хаанаас бүрдүүлэх вэ гэж. Бид өнгөрсөн хугацаанд хуримтлалын нэгдсэн сангийн тухай судалгааг нэлээд хийлээ. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуримтлалын нэгдсэн сангийн тандан судалгааг өөрсдийн хүч боломжоор хийж дуусгасан. Манай улстай ижил бусад улсууд хуримтлалын тогтолцоонд хэрхэн шилжиж байгааг мөн судаллаа. Эдгээр улс одоо төлж байгаа тэтгэврийн даатгалын шимтгэлийн тодорхой хувийг бодит хуримтлал болгож хүн бүрийн дансанд төвлөрүүлж байгаа юм байна. Манай улсын хувьд тэтгэврийн даатгалын шимтгэл 17 хувь байгаа. Үүний тодорхой хувийг бодитоор хуримтлал болгох концепцийг бид Засгийн газрын хуралдаанд танилцуулж байсан.    Үүнээс гадна энэ бодит хуримтлалын менежмент ямар байх нь нарийн ярих, шийдэх асуудал болж байна. Үүн дээр нэмээд Монгол Улсын Засгийн газрын барьж буй нэг бодлого бол уул уурхайн баялгийн орлогын тодорхой хэсгийг хуримтлалын нэгдсэн сантай уялдуулах тухай юм. Бидэнд хамгийн тод харагдаж байгаа боломж, давуу тал бол энэ. Мөн хөрөнгө оруулалт, санхүүгийн салбарын хөгжлийг шингээсэн өөр хувилбарууд байж болно. Сингапурын зөвлөх багийнхан манай онцлогийг судалж үзээд үүнд бас тодорхой зөвлөмж ирүүлэх байх.

-       Тэгвэл зарцуулалтын тухайд?

-       Ерөнхий зургаараа Сингапурын жишээтэй ойр. Мэдээж орон сууцанд ороход энэ сангаасаа санхүүжилтээ шийдэж болно. Залуус орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж болно. Эрүүл мэндийн үйлчилгээний төлбөрөө төлнө. Боловсролдоо хөрөнгө оруулалт хийнэ. Тэтгэвэрт гарахад санхүүгийн баталгаатай болно гэх мэт. Энэ бол хуримтлалын сангийн орлого, зарлагын ерөнхий төсөөлөл. Загвар нь тодорхой гарч, хуулийн төслөө боловсруулахад энэ бүхнийг нарийн ярина.

-       Мэдээлэл өгч ярилцсан танд баярлалаа.

-       Баярлалаа. Амжилт хүсье.

Шинэ мэдээ