Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Үе, үеийн үхээнц сайдуудын адилаар ажиллаж байгаа Н.Тавинбэхэд эрчим хүчний салбарыг ГИЙГҮҮЛЭХ бодлого алга

УИХ-ын ээлжит бус чуулган Үндсэн хуулийн асуудлаар хуралдаж байгаа энэ өдрүүдэд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүний томилгоо хөшигний ард ид өрнөж байна. Л.Оюун-Эрдэнэ танхимдаа хэрхэн сэлгээ хийх нь нийгмийн анхаарал татсан асуудал болов. Нэгэнт засаг хөдөлгөөнд орох нь ойлгомжтой болсон энэ үед сайд нараас хэн нь үлдэж, хэн нь явах талаар ард түмэн хэлэлцэж бас дүгнэж суугаа. Энэ удаагийн “Явах уу, үлдэх үү” булангаараа Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийг онцолж байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед томилогдсон түүнийг эрчим хүчний салбарынхан маш таатай хүлээж авсан. Өмнөх сайдуудыг бодвол мэргэжлийн хүн ирлээ хэмээн алга ташиж байв. Монгол Улсын шүдний өвчин болсон эрчим хүчний салбар одоо л мэргэжлийн хүний, алсын хараатай онч шийдлээр гацаанаас гарах нь гэж хэн хүнгүй харж байлаа.

Үнэн хэрэгтээ эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал үе үеийн Засгийн газрын жижүүрийн үг. Ерөөсөө эрчим хүчний үнэ тарифтай холбоотой асуудал энэ салбарын хамгийн том хүлээлт гэдгийг аль ч нам, засаг мэддэг болохоор улс төрдөө ашигладаг гэмтэй. Харин Н.Тавинбэхийн хувьд үе, үеийн сайд нарын уриа лоозонг бодитоор хэрэгжүүлж, эрчим хүчний салбарыг зах зээлийнх нь жамаар хөгжлийн замд хөтөлж чадна гэж итгэж байсан хүн олон. Гэтэл тэрбээр өдөр хоногийг аргацаасан өнөө л байдаг сайд нараасаа ялгарч чадсангүй. Хөрсөнд буух гавьтай бодлого түүнээс үнэртсэнгүй.

Тэрбээр өнгөрсөн хаваржин “Эрчим хүчний өнөөгийн байдал туйлын хүнд байгаа, ирэх өвөл хязгаарлалт хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Тиймээс эрчим хүчнийхээ үнийг нэмэхээс өөр гарцгүй” гэж шаргуу ярьж эхэлсэн.

Тэг зогсолт хийхэд ойрхон болсон энэ салбарыг эмчлэх цаг нь болсныг мань хүн мэдэрч эхэллээ гээд л учир мэдэх хүмүүс баярлаж байсан сан. Харамсалтай нь түүний шийдэл Засгийн газрын босгыг давж чадаагүй. Эрчим хүчний үнийг долдугаар сарын 1-нээс эхэлж нэмэх асуудлыг тэнхимийн нөхөд нь тодорхойгүй хугацаагаар хойшлуулчихав. Давхар дээлгүй Н.Тавинбэхийн хүч үнэндээ хүрсэнгүй. Тэгээд ч эрчим хүчний эх үүсвэрүүдээ бариагүй байж үнэ нэмэх асуудал ярих нь тийм оновчтой шийдэл биш гэдгийг мэргэжлийн сайд уг нь мэдмээр юм.

Менежмэнтгүйгээр эрчим хүчний үнийг өсгөөд ямар ч нэмэргүй. Суурь эх үүсвэр нь хомс байхад мянга үнэ нэмсэн ч ашиг олохгүй. Өнөөдөр бид ОХУ-аас жилдээ 40-өөд сая ам.долларын цахилгаан худалдаж авч байна. Уг нь дотоодын эрчим хүчний хямралаас гарах байгалийн нөөц боломж нь манай улсад хангалттай бий.

Даанч энэ салбарт социализмын үед баригдсан ДЦС-3, ДЦС-4-өөс өөр дорвитой бүтээн байгуулалт юу ч хийгдсэнгүй, өнгөрсөн 30 жилд. Том төслүүд нь ч гадна, дотны нөлөөллөөр гацдаг. Ажиллаж байгаа хоёр том станц нь байн байн гэмтээстэй.

Өнгөрсөн тавдугаар сард гэхэд “ДЦС-4”-ийн 120 МВт-ын блок трансформатор гэмтээд ажилгүй болчихсон гэж байсан. Өвөлтэй уралдаж засах хэрэгтэй байдаг. Гэтэл Орос-Украины дайн, хил гаалийн хаалт том саад бэрхшээл болж байна гээд ярьж суух юм. Улаанбаатар хэзээ мөдгүй хөлдөхөд ойрхон байхад Н.Тавинбэх сайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яг юу хийв. Эрчим хүчний үнийг чөлөөлнө гэж дэмий лоозогнохоос цаашгүй үхээнц сайдуудын адилаар ажиллаж ирлээ, тэр. Улс эх орныхоо эрх ашгаас урьдаар намдаа таалагдах гэж долдойддог, шийдлээ зоригтой ажил хэрэг болгож чаддаггүй үе, үеийн сайд нарын л нэг шив дээ. Иймд эрчим хүчний салбарыг гийгүүлэх бодлогогүй тэрбээр явах ёстой сайд нарын тоонд зүй ёсоор багтана.

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Шинэ мэдээ