Лхагва, 4 сар 24, 2024
6.9 C
Ulaanbaatar

Нэг сая төгрөгийн орлоготой хүн 47 мянган төгрөгийг буцаан олгот авна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.

УИХ-ын гишүүн Д.Батлут, Тендер нь зарлагдаад гэрээ байгуулаад эхлэх гэж байсан ажлын хөрөнгө оруулалтыг хассан нь ямар учиртай юм бэ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь зөв ч хот, хөдөөгийн хүүхэд гэж ялгаж болохгүй гэлээ. Нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгоно гэж байна.

Нэг сая төгрөгийн орлоготой хүнд 47 орчим мянган төгрөгийг буцаан олгох нь. Энэ нь амьдралд дэмжлэг болж чадах уу гэж асуусан. Тэрбээр нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгохоос илүүтэй, уг шимтгэлийг бууруулахад анхаарч ажиллах ёстой гэсэн байр суурьтай байлаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаалт Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын харилцаатай холбоогүй. Улсын төсвөөс бага орлоготой иргэдэд үзүүлж байгаа богино хугацааны дэмжлэгийн арга хэмжээ юм. Цаашид нийгмийн даатгалын шинэчлэлийг хийх шаардлага үүсээд байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан. Шимтгэлийг бууруулахаас илүү хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжүүлнэ гэсэн бодлогыг баримтлан ажиллаж байгаа гэсэн хариултыг өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар  хэмнэх нь зөв боловч, орлого нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолж байлаа. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Байнгын хороо УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Мөн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл сонслоо.

Шинэ мэдээ