Пүрэв, 4 сар 25, 2024
3.1 C
Ulaanbaatar

Мандах төрийн малгай урладаг эмэгтэй

Хэнтий аймгийн уран гартай үйл арвинтай Б.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Та үйл урлаад хэдэн жил болж байна вэ?

-Би залуу цагаасаа л эхлэж үйл урлаж байна.Миний эмээ, манай ээж аль аль нь их уран хүмүүс л дээ. Тэднийгээ л дууриасан хэрэг.Бие дааж үйл урлаад 30 гаран жил болж байна.Хэнтий аймагийнхаа төвд үндэсний хувцас болон малгайн оёдолын цех ажиллуулдаг.Үүнд дээл,хантааз,хүрэм зэрэг үндэсний хувцаснуудаа оёдог. Мөн малгайны урлантай.Одоо бол илүүтэй малгай илүүтэй урлаж байна.

-Энэ удаагийн  “Нүүдэлчин Монгол “соёлын  өвийн их наадамд малгайн урлалаараа оролцож байгаа харагдаж байна.Та ямар ямар төрлийн малгай оёж байна?

-Малгай урлахад өөр бусад дээл хувцас хийхээс арай өөр онцлогтой гэж боддог.Монголчууд малгайг мандах төрийн малгай гэж эрт дээр үеэсээ нэрийдэж хүний тэргүүн дээр залж өмсдөг болохоор илүү их хүндэтгэлтэй . Тухайлбал хатан малгай гэхэд 32 ширээстэй үүнийг урлахад гурав хоногийн хугацаа орно. Энэ хатан малгайн дээрх оройны зангилааг авч үзвэл галын дөлөөр авч үзэн монгол улс тэнгэр өөд  мандан бадарч байг гэсэн бэлгэдэлтэй.Харин дөрвөн тал руугаа буусан тоног болохоор халх, дөрвөн аймгийг бэлгэддэг.Тойрсон 32 ширээс нь 32 хошуу гэсэн бэлгэдэлтэй бөгөөд нарны цацрагийг ч бас  бэлгэдэлтэй.Үүнээс гадна өнгөний бэлгэдэл байдаг улаан ба шар байдаг.  Мөн малгайны хөвөө нь цэнхэр байдаг нь тэнгэрийн өнгийг бэлгэдэж байгаа хэрэг.Малгайны залаа  нь мөн л улаан өнгөтэй байдаг нь монголчууд эв нэгдэлтэй байхыг бэлгэддэг. Харин манай халх боржигин эмэгтэйчүүд тоорцогон малгайг бол эртнээс өмсөж ирсэн.

-Таньд малгай оёулах захиалга их ирдэг үү?

-Надад ганцхан нутгийн хүмүүсээс малгай оёх захиалга ирдэггүй.Өөр аймгуудаас  олон  ястангуудаас ч мөн  захиалга ирдэг.  Малгай оёулах захиалга өгсөн хүмүүсийнхээ сэтгэлд нийцүүлэн оёхыг хичээдэг. Тэднээс маань ч урмын сайхан үг ирдэг. Тэгэхээр  өөрийгөө зөвхөн Хэнтий аймгийн оёдолчин биш гэж боддог. Хийж байгаа малгайныхаа чанарыг улам сайжируулаад хийж байна.

А.Доржханд

Шинэ мэдээ