Бямба, 5 сар 25, 2024
8.8 C
Ulaanbaatar

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнөөдөр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, Сургалт, Хөгжлийн төв” УТҮГ-ын удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар МХҮХ-ны дэргэдэх хараагүй иргэдийн сургалтын төвийн асуудлыг хөндсөн юм.  Долоон мэргэжлээр сургалт явуулдаг, хөдөө орон нутгаас суралцагч, суралцах хүсэлтэй хараагүй иргэн олон байдаг ч төвийн байр шаардлага хангахгүй, зарим сургалтаа орон сууцанд явуулж байна. Холбооны дэргэдэх сургалтыг “Хараагүй Хүмүүсийн Хөдөлмөр, сургалт, Хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын байранд явуулах боломжтой ч үйлдвэрийн байрыг сургалтынх болгохын тулд яамны зүгээс дэмжлэг хүсэж буйгаа тэд сайдад уламжиллаа.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв ирэх жил ашиглалтад орохоор МХҮХ-нд байр гаргаж өгөх боломжтой. Сургалтыг орон сууцанд биш зориулалтын байранд явуулах нь зүйтэй. Үйлдвэрээс гаргах танхимыг нөөц боломждоо тулгуурлан сургалтынх болгож засварлах, тэнд сургалтын үйл ажиллагаа явуулахыг дэмжье” гэлээ.

Ингэснээр олон хүүхэдтэй, эсвэл өрх толгойлсон хараагүй хоёр иргэн хараагүй иргэдийн орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.

Уулзалтаар мөн тус холбооныхон хөдөө орон нутагт ажилласан талаараа болон, орон нутагт хараагүй иргэдэд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар мэдээлэл өглөө.

Шинэ мэдээ