Даваа, 4 сар 15, 2024
2.1 C
Ulaanbaatar

Б.Нансалмаа: Үлгэрийг хүмүүс сэтгэл дүүрэн сонсож байгаасай гэж хүсдэг

Хэнтий аймгаас “Нүүдэлчин Монгол” соёлын биет бус өвийн их наадамд оролцож буй өв соёл тээгчдийн дундаас үнэхээрийн сонирхол татсан нь “үлгэрч эмээ” байв. Эрт дээр үеэс л үлгэрийг үр хүүхдүүдээ хэлж оюун ухааныг нь тэлж ирсэн гайхалтай түүхтэй ард түмэн билээ бид. Эдүгээ цагт мөн л үлгэрээ хүүрнэсээр яваа Б.Нансалмаа гуайтай хэсэг хором хөөрөлдсөнөө сонирхуулъя.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу.Энэхүү фестивальд хэддэх удаагаа оролцож байна вэ?

-Миний  уул гарал маань Дорнод аймгийн Баян-Уул сумын харъяат хүн.Одоо бол Хэнтий аймгийн Дадал суманд гэр бүлийнхээ хамт амьдардаг.Сувилалд бариа засалчаар ажилладаг.

Нүүдэлчин Монгол наадамд анх удаагаа оролцож байна.  Харин буриадын “Алтаргана” наадамд 2014 оноос эхлэн амжилттай  оролцож байна. Би хүүхэд байхаасаа шүлэг их уншдаг байсан.Харин 2014 оноос үлгэрийг илүүтэй хэлж байна.

-Үлгэр хэлдэг тань сонирхол татаж байна. Ямар ямар үлгэр хэлдэг вэ?

-Би буриад хэл дээрээ үлгэр магтаалаа хэлдэг. Буриадын “Алтаргана” наадамд “Сагаадай мэргэний үлгэр”-ийг хэлж тэргүүн байр эзлэсэн . Харин энэ наадамд “Тохойн чинээ хөвүүн” хэмээх буриад ардын үлгэрээр оролцож байна.

-Энэ наадамд оролцож буй үлгэрийнхээ тухай товчхон дурьдвал?

-Одоо хэлэх үлгэо бол Тохойн чинээ хөвүүн буюу жижигхэн биетэй хүүгийн тухай үлгэр юм.Гэр нь тонтоолгон чинээ гэр буюу адууны хомоолон гэртэй.Тохойн чинээ хөвүүн. Хартагнаан буюу хогийн шүүрний үс шиг жижигхэн нумтай.Тэр шувуу шонхор харваж идэн өөрийгөө тэжээдэг. Нэг удаа тохойн чинээ хөвүүн дээр муу санаатай хүн ирээд “чи миний малыг харваж байна,тэрний чинь төлөө чамайг би барлаг болгоно” гэдэг юм.

Тэр хүн тохойн чинээ хөвүүнийг аваачаад өдөр шөнөгүй зарж тэгж зарагдсаар байгаад  нөгөө хөвүүн улам жижигхэн биетэй болдог. Нэг удаа малаа хариулж яваад ядраад хээр унтаж байтал  шүрэн эвэртэй могой өөрийг нь тойрч цагираглаад хэвтэж байдаг юм. Үүнийг хараад тохойн чинээ хөвүүн айгаад хөдлөж чадахгүй хэвтэж байтал могой хүний хэлээр “ чи миний дайсаныг дарж өг надтай хамт явъя” гэж хэлээд хүүг аваад явдаг.

Могой том хавцалд Аваачин “Өглөөний нарнаар зүүн урд зүгээс миний дайсан ирнэ. Чи түүнийг дарж өг” гэдэг. Гэтэл өглөө нь  нар гарахтай зэрэгцэн том луу гарч ирдэг. Үүнийг тохойн чинээ хөвүүн жижигхэн хартагнаан нумаараа харваж алдаг. Тэгтэл тэр могой гарч ирээд “чи миний дайсныг дарж өглөө.Би өөрийнхөө шүрэн эврийг чамд өгье. Чиний хүссэн бүхнийг биелүүлнээ гэж хэлдэг”. Хөвүүн шүрэн эврийн аваад гэртээ харитал жижигхэн гэр нь салхинд хийсээд үгүй болчихсон байдаг.Тэгээд гэрийнхээ буурин дээр унтаад өглөө нь сэртэл их том гэрт  сэрэх ба гоёл үзэсгэлэнтэй эхнэр хүн цай чанаад зогсож байдаг.Хөвүүн гайхаад” би хаана байна “ гэж тухайн эмэгтэйгээс асуутал өөдөөс нь “та гэртээ байнаа” гэж хариулдаг.Тэгээд гэрээсээ гараад хартал дүүрэн адуу мал багширалдаж олон хүмүүс ажил хийж байдаг.Өөрийг нь зарж байсан муу санаатай хүнийг дарж нөгөө олон хүмүүстэйгээ найр хийж байгаагаар үлгэр төгсдөг.

-Харин “Алтаргана “наадамд оролцсон “Сагаадай мэргэний үлгэрийнхээ тухай яривал?

-Сагаадай мэргэний үлгэрийн гол утга нь ганц хүүтэй өвгөн эмгэн хоёрын тухай.  Ганц хүү нь нас биенд хүрээд олон хоног сар жилээр ан авд морддог юм.Тэр хооронд аав ээж  хоёрт нь муу совин татаж муухай зүйл зүүдлэдэг.Гурван орой, гурван шөнө дараалан муухай зүүд зүүдлээд хүүдээ санаа зовниж эхэлдэг.хэрэв энэ хүүхэд ирэх юм бол бид нарт хор хөнөөлтэй байх юм байна гэж бодоод. Энэ хүүхдийг амьд  эргэж ирвэл амь голыг нь таслахгүй бол болохгүй юм байна гэсэн бодолтой байдаг.

Тэгтэл тэр хүүгийн багаасаа унаж эдлэсэн унаган морь нь хүний хэл ойлгодог морь байдаг. Тэр хүү эх нутаг ээж ааваа ихээр санасан ч яагаад ч юм сэтгэлд хүйтэн санагдаад байна аав ээж маань сэтгэлд яагаад тийм хор тотгор төрөөд байна гэж мориндоо хэлдэг. Харин морь нь хариуд нь “Чиний хонгор цагаан хойморт чинь малтсан нүх хүлээж байна,хорон голоос хураасан хор чамайг хүлээж байнаа гэж хэлдэг. Үүнийг мэдээд хүү гэртээ орохгүй үүдэндээ суудаг.

Аав ээж нь тэгтэл гэртээ орооч “ бид хоёрын санасан сэтгэлийг дэвтээж, ээжийнхээ бэлдсэн идээ ундаанаас ам хүрээч” гэдэг. Хүү хариуд нь аав ээж минь яагаад ийм хүйтэн санаглдах болов гэж асуудаг. Үүний хариуд ээж нь “Арван сар тээсэн санасан сэтгэлийг маань ойлгохгүй юм, идээ ундааг минь идэхгүй байгаа юм бэ,идэхгүй юмаа гэхэд долоовор хуруугаа хүргээд амсахгүй яасан юм бэ гэж ээж нь уйлдаг.Гэтэл хүү гэнэт бодож “ нээрээ би хүний үр шүү дээ  ээжийнхээ бэлдсэн идээ ундаанаас хуруугаа дүрээд амсах минь яав даа гэж бодсоор төгсөж буй үлгэр юм.

-Үлгэрийн юу нь хамгийн сайхан санагддаг вэ таньд?

Үлгэр өөрөө их гоё л доо.Эхлэл нь гунигтай байх тохиолдол байх боловч төгсгөлл нь бүх зүйл үргэлж сайн сайханаар төгсдөг. Жаргалтай баясгалантай төгсдөг. Өнгөцхөн харахад үлгэрийн үйл явдал мэт боловч бидний амьдрал дээрч тохиолддог зүйл.Ямар ваа нэгэн зүйл дандаа сайн сайхан руугаа тэмүүлж байдаг шүү дээ.Үлгэрийг хүмүүс сэтгэл дүүрэн сонсож байгаасай гэж хүсдэг.

А.ДОРЖХАНД

Шинэ мэдээ