Баасан, 3 сар 29, 2024
-0.9 C
Ulaanbaatar

 Б.Өнөржаргал: Арван хоёр настайгаасаа эхлэж уртын дуу дуулсан

“Нүүдэлчин Монгол” соёлын өвийн их фестиваль энэ сарын 12-14-ний өдрүүдэд зохиогдож байгаа билээ.  Харин уг фестивальд Хэнтий аймгийн уран бүтээлчид нутгаа төлөөлөн 60-70 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн иржээ. Эдгээр соёлын өвөө тээж яваа залуус дотроос  Р.Чойномын нэрэмжит номын сангийн номын санч, уртын дуучин Б.Өнөржаргалыг онцолж ярилцлаа.

-“Нүүдэлчин Монгол” фестивальд хэд дэхь удаагаа оролцож байна вэ?

-Энэхүү фестивальд анх удаагаа уртын дуу дуулж оролцож байна. Анх удаагаа оролцож буй учраас сэтгэгдэл өндөр байна. Сайхан наадам болж байна.

-Та ямар дуу дуулах гэж байгаа вэ?

-“Хэрлэнгийн баръяа” уртын дуугаа дуулах гэж байна. Уг дууг би сураад дөрвөн жил болж байна. Энэхүү уртын дуу айзам уртын дуу учираас шууд сурах боломжгүй. Урт хугацааны бэлтгэл сургуулилтын хүчинд сурдаг. Дуулж сурахад шигшээ, цохилго гээд нарийн зүйлүүд их бий. Энэ хавар хоёр манай аймгийн төвд ардын жүжигчин уртын дуучин Ч.Шархүүхэн гуай  мөн уртын дуучин Д.Нансалмаа багш хоёрын уртын дууны сургалт болсон. Уг сургалтаар “Хэрлэнгийн баръяа” уртын дуугаа сум сумдаас хүрэлцэн ирсэн уртын дуучидад зааж сургасан.

-Хэзээнээс эхлэж  уртын дууг  дуулж сурсан бэ?

-Уртын дууг багаасаа буюу 12 настайгаасаа эхлэн дуулсан. Миний багш Хан Хэнтий чуулгын дуучин, МУГЖүжигчин уртын дуучин Д.Нансалмаа гэж хүн байдаг. Миний хамгийн анх сурсан дуу бол “Оломгүй далай” уртын дуу байсан. Уртын дуу дуулж байгаа хүн бүхэн ихэвчлэн энэ дууг дуулдаг. Харин манай Хэнтий аймгийхан Хардэл буюу  хуучинаар Хардэлийн сунагар тавиу аялгуугаар сурдаг.

-Өмнө нь тэмцээн уралдаанд оролцож байсан амжилтаа дурьдвал?

-Өнгөрсөн жил Хэнтий аймагтаа зохион байгуулсан “Хэрлэнгийн баръяа” уртын дууны уралдаанд оролцож тусгай байр эзлэсэн. Өв соёлоо улам их түгээн дэлгэрүүлэхийг хүсч явдаг даа.

Ярилцсанд баярлалаа.

А.ДОРЖХАНД

Шинэ мэдээ