Баасан, 4 сар 19, 2024
10.1 C
Ulaanbaatar

Болушка: Тамгагүй төр урлаг ч биш, тайз ч биш, улаан цагаандаа гарсан эрх мэдэл, хэвлэл мэдээллийн манипюляц, олон нийтийн оюун санааны хүчирхийлэл

Тамгагүй төр жүжгийг үзээд олон хүний нөр их хүч хөдөлмөрт алга ташсан. Өнөөдөр бол үзсэндээ ч, алга ташсандаа ч харамсаж байна. Тамгагүй төр урлаг ч биш, тайз ч биш, улаан цагаандаа гарсан эрх мэдэл, хэвлэл мэдээллийн манипюляц, олон нийтийн оюун санааны хүчирхийлэл болж хувирлаа. Тайз тайзаараа үлдэхгүй юм бол би ч бас үзэгчээрээ үлдмээргүй байна. Баатар бурхан болсон шүлэгч ахаараа хүртэл эрх мэдлийн улстөр хийж байгаа бол би бас улстөрийн комментаторын ажлаа хийе. Хүн болгон ажлаа хийнэ.
Жүжиг үзсэн бол зохиол ойлгомжтой биз дээ? Баатарын гол давуу тал болох нүд эрээлжилсэн өнгө будаг, түр зууртаа хүний сэтгэл баясгасан шоу үзүүлбэрийн цаадах зохиолын утга санааг. Нуль атаа жөтөө, хорон санаа, үзэн ядалт, араар тавилт, эрх мэдлийн төлөө солиорол, эцэг эх үр хүүхдийн үнэт зүйл үгүй, хайр үгүй хар ертөнц.
Харахад хачин тод өнгө будагтай хэрнээ нэх хачин хав хар. Урлагаас, тэр дундаа драмын театраас хүмүүний оюун санаанд өгдөг бодрол, ухаарал, бясалгалт шинж нэгээхэн үгүй. Хөшиг хаагдмагц Тамгагүй төр жүжиг нийгмийн оюун санаанд юу үлдээв энэ зун? Юу үлдээв гэвэл төрийг хувь хүний оршихуйн дээгүүр эрэмбэлэх хорт үзэл. Төрийн залгамж чанарын төлөө төрсөн эцэг нь тэнэг үрээ хөнөөнө. Хүмүүний эрхэм чанарыг төрийн дээр эрэмбэлье. Төрийн хүчирхийллээс хувь хүний эрх чөлөөг хамгаалъя. Хөгжлийн бэрхшээлтэй, сул дорой, бэлгийн чиг хандлага өөр юутай хээтэй нь хүний эрхэм чанарыг хүлээн зөвшөөрье.
Ийм хүмүүнлэг үзлийг бүтээж бий болгох гэж хүний оюун санаа мянга мянган жил хичээсэн. Харин энэ жүжиг фашизм, коммунизм, тоталитаризм гээд улстөрийн түүхэнд хийгдсэн хамгийн зэрлэг харгис туршилт болгоны суурь болж өгдөг хүмүүнлэгийн эсрэг үзэл санааг зунжин сурталдлаа. Цаагуураа бол монголчуудыг төрийн дор бөхий, энэ засаг яаж ч байсан хүлцээд төрөө шүт гэж янаглан угааж буй улстөрийн пропаганда. Оюук миний найз, миний нэг үе. Би Оюукыг дэмжсээр ирсэн, гэхдээ итгэл үнэмшил үзэл санааны түвшинд нийгмийг угаартуулахыг хүлцэхгүй.
Ийм утга агуулга бүхий пропагандагаа хүний мөнхийн үнэт зүйл болох хайр дурлал, эхийн сүү хоёроор хучиж цацлаа. Хүний амийг алж хайрлана гэж байхгүй. Цусаар будаж сүүг магтан дуулахгүй. Монголын нэгэн нэрт сэтгэгч, сэхээрэлт хүмүүн надад саяхан Лхагваагийн сүүнээс цус амтагдаад байдаг юм гэж хэлж билээ. Эмэгтэйчүүд бидний хөхний сүүнд тийм цустай илд, өс хонзон дагуулж, хувь хүний оршихуйг цавчсан төрийн тамга энэ тэр нуугдсан тийм юм байхгүй. Драмын трагеди жанр гэж ийм хахир, бузар юм байдаггүй. Шекспирээс эхлээд эмгэнэлт зохиолын агуулгад хэчнээн цус урссан ч цаанаа хүнлэг үзэл, сэхээрэлт шинжийг заавал агуулж байдаг. Мэргэжлийн судлаачид дуугараач!
Дуугарах байтугай бүгд очиж тойрон хүрээлж долоосоор байгаад Баатар Амундра хоёр энэ зунжингаа нэг улсын хэвлэл мэдээлэл, соёл урлаг юутай хээтэй нь зайдалж олон нийтийн оюун санааг хүчирхийллээ. Ямар их бяртай юм. Энэ хүмүүсийн бяр булчин ихдээд хэм хэмжээний мэдрэмж, эрүүл ухаан гэж юм байхгүй болсон байна. Б.Лхагвасүрэн агсан өөрөө "Үг болгоныг дагаж жиргэхийг итгэл гэдэггүй юм" гэж бичжээ.
Баатарын бантагнуулсан үзэгдэл болгоныг салбараараа дагаж хуйлрахыг урлаг гэдэггүй байх. Ардчилал бол бүр биш. Өмнө нь нэг бичсэн. Хар нүх шиг том эрх мэдлийн масс үргэлж нийгмийн эрх чөлөөнд заналхийлж байдаг шүү гэж. Херо Баатарыг тойрсон уян хүчний хар нягт масс нийгмийг нэг сэдвээр хүч түрж, мэдэх бодох сэтгэх эрх чөлөөнд заналхийлэх хэмжээнд хүрсэн бн. Энэ нь бараг хатуу хүч буюу бодит эрх мэдэл хэрэгжүүлж байгаа Оюукаас ч хүнд масс болсон байна. Ийм бүлх шиг centralized массыг олон нийтийн саруул ухаан, decentralized буюу жигд тархсан ардчиллын масс давах ёстой гэж би хувьдаа итгэж байна. Итгэж байгаа учраас бичлээ. Уншиж тунгаах, улстөр хэвлэл мэдээлэл, соёл урлаг дамнасан массыг давтал нь түгээж аль масс нь том болохыг эд нарт үзүүлэх хэсгийг уншигчийн мэргэн ухаанд найдаж үлдээе.
May be an image of 2 people and text

Шинэ мэдээ