Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

“Чилагун хөгжил“ ХХК мэргэжлийн сурталчилгааны агентлаг ШӨХТГ-тай үнэ төлбөргүй хамтран ажиллах гэрээ байгууллаа

"Чилагун хөгжил" ХХК мэргэжлийн сурталчилгааны агентлаг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай үнэ төлбөргүй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь 36 албан хаагчтай, 9 хуулийн хүрээнд хяналт шалгалт хийдэг байна. Энэ нь Монгол Улсын иргэн бүрт хүрч ажиллахад хүртээмж муу байдаг учраас мэргэжлийн пи-ар үйлчилгээ үзүүлдэг компанитай үнэ төлбөргүй ажиллах болсондоо баяртай байна гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун онцолж байсан юм.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Мөнхчулуун “Энэхүү гэрээ нь нийгмийн хариуцлагын хүрээнд "Чилагун хөгжил" ХХК мэргэжлийн сурталчилгааны агентлагийн зүгээс ШӨХТГ-ын захиалгаар шударга хариуцлагатай нийгмийг бүтээхийн төлөө үнэ төлбөргүй хамтран ажиллана. Бидний зүгээс маш их баяртай байна. Цаг үе, эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хэрэглэгчийн зөрчигдөж байгаа олон асуудлууд байдаг. Бид 3,400,000 орон тооны бус байцаагч гэдэг санаачлагыг дэвшүүлсэн. Иргэн бүр хэрэглэгч. Хэрэглэгч болгон өөр өөрийнхөө хүрээнд хуулийн хүрээнд хяналт тавьж, мэдээлэлтэй байснаараа хэрэглэгчийн эрх, өрсөлдөөний хууль зөрчигдөж байгаа асуудал байвал бидэнд хандаж ажиллаарай. Чилагун агентлаг нь ШӨХТГ-аас гаргасан шийдвэр, мэдээ мэдээллийг иргэдэд түгээх, хууль сурталчлах, иргэдийн гаргасан гомдол мэдээллийн мэргэжлийн агентлагын зүгээс бүх сувгуудаар дамжуулах зэргээр хамтарч ажилахаар болсонд таатай байна” гэв.

“Чилагун хөгжил” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Пүрэвдорж “ШӨХТГ төрийн байгууллагуудаас хэрэглэгч нарын эрх ашгийг хамгаалах, бизнесийн орчинд зөв өрсөлдөөнийг бий болгоход хамгийн түрүүнд иргэдтэй нүүр тулж ажилладаг. Иргэн хүний хувьд ч гэсэн ШӨХТГ-ын явуулж байгаа үйл ажиллагааг дэмжиж, олон зөрчлийг шийдэж ажилладагт нь талархаж явдаг. Өнөөдрийн хувьд "Чилагун хөгжил" ХХК мэргэжлийн сурталчилгааны агентлагийн зүгээс хамтран ажиллахаар гэрээ байгууллаа. Бид 2018 оноос хойш нийгэмд чиглэсэн олон аянд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэ төлбөргүй хамтарж ажиллаж байсан. ШӨХТГ-тай гэрээ байгуулж байгаа гол санаа нь 3,400,000 орон тооны бус байцаагчтай болъё гэсэн санааг дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Иргэд шударга бус, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа асуудлуудыг соёлтой, баримттайгаар зохих ёсны шийдвэрлэх байгууллагад мэдээлдэг байвал шударга өрсөлдөөн бий болно гэж харж байна. Бид ШӨХТГ-аас явуулж байгаа бүхий л хяналт үйл ажиллагаа болон хууль дүрмийн мэдээлэл, шударга өрсөлдөөнд уриалж байгаа уриалга мэдээллийг үнэ төлбөргүй иргэдэд дамжуулу ажиллая гэсэн гэрээнд гарын үсэг зурж, хамтын ажиллагаагаа эхлүүлсэнд баяртай байна” гэлээ.

Иргэн бүр хэрэглэгч байдаг учраас орон тооны бус байцаагч байж, хуулийн хүрээнд хяналт тавьж, хэрэглэгчдийн эрх, өрсөлдөөний хууль зөрчигдөж байвал 115 дугаарын утсанд мэдээлэл өгч, эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой юм.

Шинэ мэдээ