Мягмар, 4 сар 23, 2024
11.1 C
Ulaanbaatar

А.Доржханд: Солонго шиг дурлал

Цонхны цаана шаргал намрын уйтайхан өдрүүд үргэлжилнэ. Царцаа цар цар дуугарч, цас эсвэл бороо холилдон орсон саарал хоногууд миний хамгийн нандин дурсамжийг сэмэлж орхив.

Гуравдугаар анги төгссөн зунаа ахындаа ортол, хойморт нь байдаг арслантай улаан авдар дээр нь “Сувдан хэлхээ” хэмээх монгол бичгээр бичсэн, цэнхэр хавтастай зузаан ном байв.Түүнийг хараад уншихын хүсэлд автаж, ахыгаа эзгүй хойгуур хэлэлгүй аваад гарчихаж билээ. Түүний дотор олон сайхан өгүүллэг байсны нэг нь Ч.Лодойдамбын Солонго нэртэй өгүүллэг байв. Үүнийг уншаад арван нэгхэн настай би учиргүй уйлж байснаа санадаг. Дэврүүн залуу насны сайхан хайрын төгсгөл "явчихлаа" гэсэн өгүүлбэр сэтгэлд минь бууснаас л тэр байх. Харин яг үүнтэй ижил тийм нэгэн учрал надад тохионо гэж зүүдэлсэнгүй явжээ..

Би гэж хүн гурван настайдаа морь унаж сурч хурдан морь зургаан настайгаасаа унаж эхэлсэн. Эмнэг хангалыг ч ажрахгүй уначихдаг охин байлаа. Эрэгтэй голдуу найзтай. Ер нь л эрэгтэй гэж хэлж болохоор охин байв...Гэтэл 16 нас хүрсэн зун зуныхаа амралтаар хөдөө гэртээ иртэл хажуу айлд маань өөрөөс маань нэг насаар дүү, нүдээрээ инээсэн, жоохон элбэгдүү ногоон тэрлэг өмссөн биерхүү хөөрхөн бор хүү ирсэн байв.

Харин би түүнийг анх харсан мөчид нэг л өөр мэдрэмж төрж билээ. Гэхдээ түүнийгээ "хайр" гэх зүйл байсныг яахан мэдэх билээ.Тэр мөчөөс хойш би өөрийгөө анх удаа эмэгтэй хүн гэж бодсон байх гэж санадаг.

Яагаад гэвэл морины нуруун дээрээс салдагүй би түүнээс санаа зовсондоо ч юм уу тэр зун ганц удаа морь унаагүй.Тогоо шанагатай л зууралдаж зуныг барахад ээж минь охинтой хүн ч сайхан юмаа гэж ойр хавийн айлд сайрхан ярьж байхыг сонсож билээ.Арга ч үгүй биз дээ.Зуны гурван сарын амралт надад гурван жилийн дайтай урт санагдаж үхэр тугал эргүүлж ээжийн гар хөлийн үзүүрт зарагдах тийм ч сайхан санагдаггүй байв..

Харин тэр нэгэн зун л маш хурдан өнгөрч билээ. Өдөр хоног ээлжлэн өнгөрч түүнтэй үг сольж амжаагүй байтал хүүхэд хөгшидгүй хүлээдэг сумын наадам болж уясан хүлгийхээ шандасыг сорихоор манайхан ч бас хөдөллөө. Тэр минь ч бас уяа морьд хөтлөн сумын наадамд явав. Харин надад явах хүсэл хэдий байсан ч гурван гэр сахиж үлдэх ажилтай хоцорлоо. Наадам хоёрхон хоног болдог байтал түүнийгээ харах гэсэн хүслээс минь болоод ч тэр үү цаг хугацаа яг л зогсчихсон мэт... Гэтэл миний хүслийг сартай саруулхан шөнө биелүүлж, хүлгийн үүрсээ сонсогдож наадамчид буцаж ирэв.

Бие минь гэрт ч, сэтгэл минь аль хэдийн наадамчдын баяр хөөр дунд ууссан шингэсэн мэт би аль хэдиийн гадаа зогсож байлаа. Харин маргааш нь түүний дүү сэргэлэн жоохон шар охин намайг дуудаж гэртээ оруулаад сумын наадмын сонин сайханы тухай хуучлав.. .

Түүнийг минь хүүхдийн барилдаанд хоёр дугаар байр эзэлсэн тухай ч дуулгаж амжив...Мөн байр эзэлсэн мөнгөөрөө тэр надад шоколад авсан мөн надтай танилцана гэдэг тухай ч ярив.Өөрийгөө л татагдаад байна гэж бодож байсан би энэ үгийг сонсоод балмагдаж суутал гаднаас тэр орж ирэв. Зуны намуухан орой түүнтэй үг сольж элдвийг ярилцан суутал тэр минь сэтгэлээ надад илчлэв. Ингэнэ чинээ бодож байгаагүй миний хацар нүүр улайж хөдөө нутгийн тэр сайхан агаар хүртэл нэг л давчуу санагдаж билээ. Юу гэж хэлэх ухаанаа олохгүй сандрахдаа үг дуугүй гараад явчихсанаа л санадаг. Түүнээс хойш өдөр хоног өнгөрөх тусам бид хоёр ижилдэн дасаж өглөө босоод л түүний тухай түмэн бодлууд намайг ээрч нүд минь түүнийг үргэлж дагаастай.

Гэрийхний хий гэсэн бүхнийг маш хурдан хийж чих минь хүртэл тун зөөлөн болсон байсан сан. Гол нь түүндээ л таалагдах гэж ажлаа хурдан дуусгачихвал орой нь хурдан уулзах гэж амьхандаа яарч байгаа нь тэр. Үдэш болохоор хоёулахнаа гэрээс буйдхан сууж намрын шөнийн жиндүүг ч үл анзааран элдвийг ярилцдагсан. Хэрлэн голийн эрэг дээр суугаад ирээдүйн мөрөөдлийнхөө тухай инээмсэглэн ярьж суусан минь сэтгэлээс огт гардаггүй ээ.

Тэр надад "Би том болоод сайн бөх болноо бөхчүүд мисс хүүхэнтэй суудаг харин би өөр хүнтэй сууна' гэхэд нь би хариуд нь "өө тэгвэл би чиний хуриманд очноо" гэж хэлчихэж билээ. Яагаад тэгж хэлсэнээ өөрөө ч мэддэггүй.

Тэр маш намуухан зөөлөөн дуутай. Бас цээлхэн хоолойгоор маш гоё дуулдаг. Чих рүү минь биш сэтгэл рүү минь дуулаад байх шиг санагддаг сан. Эрх танхи дураараа элдэв зүйлийн нарийн ширийнийг мэддэгүй миний хажууд ээжийгээ үнэн голоосоо хайрладаг. Ямар нэгэн ядарсан хүмүүст туслахыг хичээдэг гэж ярьдаг зөөлөн сэтгэлтэй нэгэн байлаа.

Тэр л гэнэн цайлган бага насанд минь жигүүртэн шувуугаар даль жигүүр болон ирсэн тэр минь яг л ийм сэтгэл сэмрүүлсэн намраар явна гэдгээ дуулгаллаа. Дахиж хэзээ ч уулзахгүй байж мэднэ гэж бодоход араас нь үг дуугүй гүйж очоод битгий яваач гэж хэлээд эхэр татан уйлмаар.

Гэхдээ бид хүүхэд байжээ. "Солонго" өгүүллэгийн төгсгөлд Солонгоог гол гатлахад хайртай залуугаас нь нуух мэт өмнө зүг яаран нүүж байгаа хэсэг үүл дундуур нь ордог шиг.Одоо ч хүүхэд насны минь гоёхон дурсамж амь бөхтэй оршсоор л байдаг.Яг л гудамжинд хөглөрөх навчис шиг. Тэр минь одоо хаана явдаг юм бол доо....

Шинэ мэдээ