Пүрэв, 5 сар 30, 2024
5.1 C
Ulaanbaatar

Хуулиар 19 нас хүрсэн бол архидан согтуурахыг зөвшөөрнө

Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн асуулт асууж, үг хэлсэн тул өнөөдрийн хуралдаанаар төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 51 саналаар санал хураалтыг явуулав.

Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлд “тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулж, энэ талаар цагдаагийн байгууллагын саналыг авсан байх.” гэсэн заалтууд тус тус нэмэх, төслийн 7 дугаар зүйлд “Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдэгтэй сав, баглаа, боодол импортлох бол энэ хуулийн 7.1-д заасан төхөөрөмжгүй байж болно.” гэсэн 7.2 дахь хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.

Мөн төслийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “этгээдэд” гэсний өмнө “ашгийн төлөө хуулийн” гэж, мөн зүйлд “Энэ хуулийн 17.2-т заасан тусгай зөвшөөрөл бүхий этгээд нь олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээ, урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, олон улсын чанартай тэмцээн, уралдаан зохион байгуулах, түүнийг дамжуулан нэвтрүүлэх газарт 18 хүртэлх хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчилж болно.”, “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь энэ хуулийн 17.3-т заасан арга хэмжээ зохион байгуулагчтай гэрээ байгуулсан байна.”, “Энэ хуулийн 17.3-т заасан үйл ажиллагаанд согтууруулах ундаагаар үйлчлэхдээ энэ хуулийн 17.2-т заасан цагийн хязгаарт нийцсэн байна” гэсэн агуулгатай 17.3, 17.4, 17.5 дахь хэсэг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 65.9 хувь нь дэмжлээ.

Мөн төслийн 24 дүгээр зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн 24.1-д зааснаас гадна гэмт хэрэг, зөрчил, гамшиг, ослын үед, эсхүл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутгийн онцлогийг харгалзан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг харьяа нутаг дэвсгэртээ хориглох шийдвэрийг гаргаж болно.” гэсэн 24.2 дахь хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн Ажлын хэсгээс төслийн 45 дугаар зүйлд “Энэ хуулийн 22.1.7-д заасан 18, түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглох газарт үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд энэ заалт нь 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарахгүй.”,“Энэ хууль батлагдахаас өмнө согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл авсан этгээдэд энэ хуулийн 5.2, 5.3-т заасан зохицуулалт хамаарахгүй бөгөөд тусгай зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу сунгуулж болно.” гэсэн 45.5, 45.8 дахь хэсэг, мөн төсөлд “Энэ хуулийг 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж, мөрдөнө” гэсэн агуулгатай 46 дугаар зүйл нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Ингээд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар хийв.

Тэрбээр танилцуулгадаа, Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй гэдгийг тодотгоод хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан санал хураасан бөгөөд зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж заасны дагуу Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шинэ мэдээ