Пүрэв, 4 сар 25, 2024
4.1 C
Ulaanbaatar

Нутгийн наадмаа зорих сайхан

Миний үзсэн хамгийн сайхан наадмууд хүүхэд ахуй цаг буюу 1990-ээд оны дунд үеүдэд Ховд аймагт тохиосон юм. Манайх наадмын талбайгаас зүүн урагш нэг км гаруйхан зайд байдаг байлаа. Наадам болохоос хэд хоногийн өмнөөс л асар майхан барьж хуушуур хайрах, наадмын бэлтгэл хангах хүмүүс хашааны хажуугаар хөвөрч, наадмын уур амьсгалыг эрт мэдрүүлнэ. Өдрийн хэд хэдэн удаа наадмын талбай руу гүйж, бэлтгэл хэр хангагдаж, хаана ямар асар майхан барьж, хэн хэрхэн худалдаа наймаа эрхлэхээр бэлтгэл базааж байгааг “шалгадаг” ажилтай болно. Үүндээ ч дуртай. Ээж, эгч наадмын бэлтгэл хангаж гэр орноо эмхэлж цэгцлэн, их угаалгын ажилд ордогсон. 90-ээд оны үед айл гэрийн арчаатай анхиатайг мэдэх төвөггүй байв. Гэрт ороход л цаваг, хөшгөө цэмцийтэл угааж, янз бүрийн сайхан хатгамал урласан дэр, орны бүтээлэг зэргийг тун донжтой тавьж, унь хэлхүүлэн 12 жилийн амьтны хатгамал тууз өлгөсөн нь цаанаа л цэгцтэй, сайхан харагдана. Харин харчуудын хувьд аавд мал гаргахад өвчүү түшиж өгөх, хашаа хороогоо цэгцэлж цэвэрлэх, цаашлаад хоточ банхрынхаа хэвтрийг тухтай болгож, гинж, хүзүүвчийг нь засч тордох зэргээр анхаарал хандуулна. Хамаг ажлаа амжуулсны дараа наадмаар хүүхэд болгондоо заавал нэг шинэ хувцас өмсүүлэх гэр бүлийн уламжлалын дагуу аав, ээжээ дагаад зах явна. 1990-ээд он, юм ховор цаг. Цалин пүнлүү ч даржин байв. Тиймээс мөрөн дээрээ шинэ хувцас тохно гэдэг тухайн үеийн хүүхэд бүрийн том баяр байлаа. Манайх ам бүл зургуулаа. Эгч дүүг харан үлдсэнээр хоёр залуу аав, ээжээ даган зах хэсэх эхний эрхийг авна. Ингээд ихэвчлэн эрээн мяраан зураг бүхий шорт, цамц зэрэг хослолоор гангарна. Хажуугаар нь усан буу, машин тэргүүтэн заавал авахуулж сэтгэл “цадна”.

Тухайн үед машин ховор байв. Гурван дугуйт буюу шаахайт нийтийн тээврийн гол үүргийг гүйцэтгэнэ. Анх хаашаа ч явсан 200 төгрөг байж байгаад 300, 500 болж нэмэгдсэн санагдана. Ер нь хүмүүс хүнд ачаа бараагүй л бол аймгийнхаа гудамжаар тоос татуулаад алхчихдаг байсан цаг.

Аймагт наадмын өглөө хачин сайхан эхэлнэ. Үүр тэмтрэх үеэс л эхлээд хашааны хажуугаар морь унасан хүмүүс хөлхөлдөж, адуу тургилах нь сонсогдоно. Бид ч энэ чимээнээр эрт гэгч сэрнэ. Өмнөх орой нь бэлдэж тавьсан шинэ хувцсаа өмсөөд бүгд л гоёдогсон. Нар ээх тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, наадмын талбай руу цувах олон сэтгэл зүрхийг улам догдлуулж орхидог. Ээж, эгч цай чанаж чихэр жимс тэргүүтэй идээ өрж, хоол хийдэг ч “хөөрсөн” бидний хоолой руу давахгүй. Наадмын талбай дээр очиж “тансаглах”-ын тулд гэдсээ сойж байгаа нь тэр л дээ. Хам хум цайлж дуусаад бидний хүлээдэг нэг сайхан дурсамж бий. Аав минь наадмын өглөө бүр хүүхдүүдээ суулгаж байгаад дуртай зүйлээ аваарай хэмээн мөнгө өгнө. Ингэхдээ банкнаас аваад огт задлаагүй, цаасан туузтай боодол дэвсгэрт (1, 5, 10-тын дэвсгэрт) өгдөг юм. Өмнөх өдрүүдэд нь аав банкинд зорьж очин мөнгөө боодолтой шинэ дэвсгэртүүдээр солиулдаг байв. Хуруу зүсэм, боодол дэвсгэрт өвөртөлсөн бид бөөн баяр. Ингээд бид наадмын нээлт эхлэхийн өмнө талбай руу гарна. Ховд аймгийн наадмын талбай тухайн үед Улаанбаатарын төв цэнгэлдэхийн бараг л жижгэрүүлсэн хувилбар байв. Дээшээ хэд хэдэн эгнээ бүхий сандалтай учир бөх сонирхогчдод суудал хүрэлцэхгүйн зовлонгүй. Болохгүй бол зүлгэн дээгүүр зулчихна. Талбайгаа тойроод олон модтой тул бөхийн завсарлагаанаар сүүдэр бараадаж хуушуур, бууз эргүүлэхэд нэн таатай. Наадмын талбай бага голын эргээс холгүйхэн байрлана. Голын эрэг дагуу цагаан гэрүүд барьж, сүүдрэвч зоож хуушуур, будаатай хуурга, бусад хоолоор үйлчилнэ. Голын усанд хөлөө дүрэнгээ хуушуур зооглож, наадмын талбай дотроос хүчит бөхчүүдээ уухайлан түрж дэмжих олны дууг сонсох жаргал ажээ. Наадмын талбайгаас урагш морь барианы газартай. Наадамчин олон энэ өдрүүдэд наадмын талбай, хуушуурын асар, морь бариа гэсэн маршрутыг элээнэ.

Хүүхдүүд бөх сонирхож базаахгүй. Харин хааяа гэнэт уухайлан орилох наадамчин олны түрлэгт дуртай. Хэн нэгэн сайхан мэх хийсэн, эсвэл цолтой бөхийг нэг цэрэг тонгорч орхиж дээ гэсэн ухааны юм бодож талбай тойрч гороолно. Манай аавыг Б.Галтсүх гэдэг. Бөхөд үнэнхүү дуртай хүн. Наадмын өглөө бидэнтэй талбай дээр очоод ээж, эгчид бид хэдийг даатгачихаад бөхөө үзэхээр тухалж авна. Бөх хэзээ дуусна тэр үед л гарч ирнэ. Бөх барилдаж л байвал бороотой, нартай, шөнө орой болсон ч үл анзаарна. Сууж л байна. Нэг их зузаан дэвтэртэй. Тэр дэвтэртээ тэмдэглэл хөтөлнө. Хэн хэдийн даваанд хэрхэн давав, дэвшүүлсэн таамаг нь яаж зөрөв гэх зэргээр А, Б-гүй хөтөлнө. Одоо ч тэмдэглэлээ хөтөлсөөр. Дэвтрүүд нь авдрын мухарт байж л байгаа. Аав бас айрганд дуртай. Сав дүүрэн айраг аваад нөгөөхөө ууж, сонирхол нэгтэй найзуудтайгаа наранд түлэгдтэл наадмын талбайд сууж уран мэхэнд босон харайж орилолдохыг жаргал гэж үзнэ.

Харин бид хэд гэр, наадмын талбай хоёрын хооронд өдрийн 10 гаран гүйнэ. Гэр ойрхон тул очиж бага зэрэг амсхийгээд дахиад л морь бариа, наадмын талбай, цаашлаад гол руу гүйлдэнэ. Хуушуур гэхээс илүү тухайн үед хуйлсан цаасанд будаатай хуурга хийж зардаг байв. Түүнд нь дуртай. Аавын өгсөн мөнгө наадмын эхний өдөр “конец” болно. Уг нь хоёр өдрийн төсөв л дөө. Гэхдээ буу, тоглоом зэрэгт хөрөнгө оруулалт хийгээд нөгөөхөө дуусгаж орхино. Наадмын хоёр дахь өдөр ээжийг “холгоно”. Угаас ээж энийг мэддэг болохоор цааргалж базаахгүй. Аав ойлгомжтой. Хэзээ бөх дуусна, тэр үед л орж ирнэ. Биднийг заавал бөх, морь, сур, шагайн харваа зэргийг сонирхож үзэж байгаарай гэж аав захидаг байв. Тиймээс захиасыг нь биелүүлж байгаа нь энэ гээд би дүүтэйгээ хамт шагайн харваа, бөх, морь, сур зэргийг тав хүрэхгүй минут харсан болоод тоглохоор гүйгээд алга болчихно. Иймд тухайн үед хэн түрүүлж, ямар хурдан хүлэг торгон жолоо өргүүлж, хэний сум мэргэн байсныг санах гээд ч чадахгүй нь ээ.

Наадмын хоёр өдөр нүд эрмэх зуур л өнгөрчихсөн мэт санагддаг байв. Наадмын түрүү бөх тодорч, маргааш наадамлахгүй гэж бодохоор багахан гунигтай. Эрийн гурван наадам гэчихээд яагаад гурван өдөр болдоггүй юм гэж их асууна. Уяачдын наадам болдог ч энэ нь мань мэтийн сонирхлыг ер татахгүй. Зуны дэлгэр цагт гэрээс зуухаа гаргаж, хашаанд том амбаарт (саравчирхуу) гаргаж тавина. Үдэш орой ээж хоол хийж, аргалын утаа май энд тэнд тавьж, бид хашаан дотор гүйлдэн тоглох хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байв. Ер нь бид хүүхэд байх үедээ аз жаргалыг эд мөнгө бус эргэн тойронд байгаа эерэг сайхан орчноор мэдэрдэг аж. Нутгаасаа гараад олон жил болжээ. Тээр жилүүдийн дурсамж, аз жаргал дүүрэн наадмууд сэтгэлд минь тодхон бууж байна. Ирэх жил ижий, ааваа аваад нутагтаа очиж сайхан наадамлана аа.

Г.БАТЗОРИГ

Шинэ мэдээ