Баасан, 4 сар 19, 2024
-2.9 C
Ulaanbaatar

Арслангийн эрэмбэтэй гарьдад энэ жилийн наадмаар цолыг нь өгөөсэй...

"Том" хэмээх П.Сүхбат агсанд арслан цолыг нь нөхөн олголоо. Амьд сэрүүн байхад нь олговол уг нь зүгээр. МУГТ, үндэсний бөхийн улсын гарьд Баянмөнхийн Гантогтох бол үндэсний бөхийн арслан цолын болзлыг хангасан бөх. Түүнд арслан цолыг нь гардуулж бөхөд дуртай Монголын ард түмнийг баярлуулах хэрэгтэй байна. Монголын ард түмний хайртай тамирчин өдгөө 50 нас хүрсэн байна.

Түүний эцгийг Монголд мэдэхгүй хүн үгүй. Увс аймгийн Хяргас сумын харьяат, Монгол Улс, ЗХУ-ын гавьяат тамирчин, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ХХ зууны манлай бөх, даяар дуурсагдах далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн бага хүү болж төрсөн Гантогтоход бөх болох сэтгэлзүй ухаан орсон цагаас нь суусан. Тэрбээр 1984 оноос Т.Батчулуун багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэж, энэ спортоор дотооддоо үеийнхнийхээ толгой нь болсон байв. Пионер сурагчдын спартакиадад нэг, өсвөр үеийн  УАШТ-д хоёронтаа аваргалаад байсан түүний олон улсын хэмжээний анхны амжилт нь 1991 оны өсвөр үеийнхний ДАШТ-ээс хүрсэн хүрэл медаль юм.

1992 онд спортын мастер, хойтон нь ОУХМ болсон тэрбээр ХХ зууны сүүлч, XXI зууны эхэн үеийн Монголын чөлөөт бөхийн гол төлөөлөл байсныг олон хүн дурсан ярих дуртай байдаг. Чухам Ганаа тэр үед ид мандан бадарч явсан ОХУ-ын Махарбек Хадарцев, Ираны Расул Хадем нарын дэлхийн томчуудын зүрхэнд шар ус хуруулж явсныг бөхийн хорхойтнууд мартаагүй. Алдарт их аваргын хүү тэрбээр Туркийн Анкарад 1994, АНУ-ын Атлантад 1995 онд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д шагналт тав, дөрөвдүгээр байр эзэлж, дэлхийн энтэй хүчтэн болохоо нотолсон билээ. Сүүлчийнх нь тэмцээнд АНУ-ын Мелвин Дугласыг нутгийнх нь дэвжээнд гарцаагүй ялсан ч шүүгч манай хүний ялалтыг луйвардчихсан нь тун харамсалтай. Хэрвээ тухайн үед медалийн тавцанд гишгэсэн бол зохих амжилтаа эрт үнэлүүлж, амжилтын зам нь дардан болох байсан нь гарцаагүй гэсэн бодол сэтгэлийг минь үе үе эзэмддэг.

Гантогтох ДАШТ-д түрүүлж, олимпод үзүүрлэсэн аавынхаа амжилтыг давтаж, эвдэж чадаагүй ч гэсэн хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй тамирчин. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 1993, 1997 онд мөнгө, 1995 онд хүрэл, Зүүн Азийн наадмаас 1997 онд алтан медаль хүртэж, МБАТС-д нэг, “Монголь говь” олон улсын нэр хүндтэй тэмцээн гурав, УАШТ-д зургаан удаа аваргалж, “Атланта-96” зуны олимпийн наадам болон “Анкара-94”, “Атланта-95”, “Красноярск-97”, “Анкара-99” гэсэн дөрвөн ДАШТ-д зодоглосон дэлхийд данстай бөх билээ. Одоогийн байдлаар түүний оролцсон сүүлчийн ДАШТ нь “Хернинг-2009”. Тэрбээр шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувиар оролцож, Монголын эмэгтэй бөхчүүд мөнгө, хүрэл медальтай ирснийг бид мэднэ.

Тэрбээр үндэсний бөхөөр арслангийн эрэмбэтэй гарьд. 1994 онд сумын заан цолтойдоо байхдаа цоорч, шууд улсын заан цол хүртсэн. Ингэхдээ зааны даваанд Монгол Улсын гавьяат тамирчин, өдгөөгийн улсын гарьд П.Сүхбатыг давсан мэх нь Монгол бөхийн түүхэн дэх мартагдахааргүй агшин болж үлджээ. Эелдэг даруу зантай гарьд маань 2000, 2002, 2004 он гэсэн тэгш тоотой жилүүдэд найм даван үзүүрлэж, Монгол Улсын арслан цолны болзол хангасан ч зохих амжилтаа үнэлүүлээгүйд олон хүн харамсдаг. Энэ болон бусад хүчин зүйл түүнийг бөхийн спортоо эрт орхиход нөлөөлсөн нь тодорхой.

Б.Гантогтохын зөвхөн чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан гэвэл эндүүрэл. Сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-д 1994 онд түрүүлсэн нь япончуудыг гайхашруулж байв. Учир нь энэхүү тэмцээнд түрүүлсэн япон биш анхны бөх болсон юм. Тэрбээр үүнээс дөрвөн жилийн дараа хүрэл медаль хүртсэн. Өдгөө хувиараа бизнес эрхэлж буй гарьддаа хамгийн сайн байхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ мэдээ