Баасан, 4 сар 19, 2024
13.1 C
Ulaanbaatar

Ирэх намар ядуусын эгнээнд 211 мянган иргэн шилжинэ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж гишүүн нар үг хэлэв. 

-------------------------------------------------

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Эрдэнэтэд очоод иргэдтэй уулзалт хийлээ.  Иргэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэхээсээ илүү  бензин, шатахууны үнэ, хоол, хүнс гэх зэрэг бүх төрлийн барааны үнийн өсөлтөд дарлуулж байгааг хэлж байна. Ихэнх иргэдийн зүгээс ийм л гол мессеж ирлээ. Эрдэнэт гэлтгүй нийт иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.  Бидний гарыг харсан, царайг харсан, УИХ-ын гишүүн гэхээр мөнгө хуваарилдаг гэх бодол иргэдэд хатуу суужээ. Хоёрдугаарт иргэд гадаад өр, зээлийн асуудалд  маш их санаа зовж байна. Энэ талаар ч их ярих болж. Дайран дээр давс гэгчээр өчигдөр 655 сая ам.долларын зээл авна гээд орж ирж байна. Иргэд Хятадаас хэдэн тэрбумаар зээл авах гэж байгаа юм уу гэхээр нь би "Албан ёсоор УИХ дээр ийм зүйл яригдаагүй" гэж хэлсэн. Гэтэл Хятадаас 655 сая ам.долларын зээл авна гэсэн нь  үнэн юм байна лээ.  Ингэж болохгүй дээ. Тиймээс гадаад өр, зээлийн асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулмаар байна. Би өөрөө ахлаад явья.

МАН-ын гишүүд шийдвэр гаргаад өгөөч. Та нар надаар ганц хороо ахлуулчаач. Хэдүүлээ улстөржих биш  өр зээлийн асуудлыг яримаар байна.

Бондыг бондоор дараад явж болохгүй. Төсвийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наядын хөрөнгө оруулалт хийж байгаа бол 500 тэрбумаар гадаадын өр, зээлийг  төлнө гэж тоооцоолоод хасч тавих ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл  ганц ч төгрөг хасч тавиагүй. Харин ч төсвийнхөө алдагдлыг нэмэгдүүлээд явж байна. Тиймээс авсан зээлийнхээ үр ашгийг  ч нэг ярих цаг болсон шүү. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Та нарын уулзалтан дээр дандаа МАН-ын гишүүд ирсэн учраас иргэдийн үг та нарт сонсогдоогүй байх л даа. Ховд аймгийн Дуут сумын иргэн н.Төртүвшин  "Дуут суманд 4050 төгрөгөөр дизель түлш зарж байхад зарим гишүүд 700 төгрөгөөр зарж байна гээд донгосоод сууж байна.  Амьдралаас дэндүү хол тасарчижээ" гээд ярьж байна лээ. Зарим гишүүд хөдөө, орон нутгаар явахдаа миний өргөн барьсан долоо  биш таван  жилээр тэтгэвэр тогтоох хуулийн төслийг буруугаар мушгиж ярьсан байна лээ шүү.

Долоон жилийг таван жил болгох нь шинээр тэтгэвэрт гарч байгаа ахмадад л  хамаатай. Түүнээс биш нэг жилийн дотор хоёр удаа тэтгэвэр нэмэх талаар ярьдаг тэнэг популист би  лав биш.

2018 оноос өнөөдрийг хүртэл 150 мянган ахмад тэтгэвэрт гарчээ. Тэдгээр хүмүүсийн тал нь бага тэтгэвэр авч байна. Энэ тогтолцоог л өөрчлөөд өгөөч гэсэн. Чуулган миний өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй тарах шинжтэй. Гишүүд тойрогтоо очиж ихэнх нь наадамлаж, найрлах биз.  Ажил хийдэг хүн ч бараг байхгүй байх. Орон нутагт очихдоо ядаж миний санаачилсан хуулийн төслийг битгий баалаарай.  Ахмадуудын 60-70 хувь нь 300-400 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үнийн өсөлт тэдэнд хүнд цохилт болж байна. Улсад 30-40 жил өндөр хувиар нийгмийн даатгал төлчхөөд, маш бага хэмжээний тэтгэвэр авч байна. Миний бие тэтгэврийг долоон жил биш, таван жилээр тогтоолгох тухай хуулийн төслийг, мөн түүнчлэн 2018 оноос хойш долоон жилээр тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийг таван жилээр нөхөн бодох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү  хууль батлагдсанаар тэтгэвэр дунджаар 120 мянган төгрөг нэмэгдэнэ.Нийтдээ 140 мянга орчим иргэнд 16 тэрбум төгрөг зарцуулна. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Өнгөрсөн долоо хоногт гишүүд иргэд, сонгогчдын үгийг сонсч, санал бодлоо хуваалцсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд  олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ. Гишүүдийн яриаг дүгнэж үзвэл хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулсан байна. Амжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Ядуурал, тэгш бус байдал улам даамжирах нь. Энэ нь хэдийгээр гадаад хүчин зүйлсээс шалтгаалах боловч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-ын гишүүдэд байхгүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөгөөр бий болсон тээврийн нийлүүлэлтийн тасалдал, Орос, Украины асуудал нь 1990 оноос хойш буюу шилжилтийн үеэс хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.

Инфляцийн түвшин 2021 оны тавдугаар сарын дүнгээр 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хув болсон. Нийслэлд 16.2 хувьд хүрлээ. 

Төв банкны УИХ-аас баталсан зорилтоос давсан. Инфляци  өсөхөд бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ нөлөөлж байна. Үүн дотроо хүмүүсийн амжиргааны хүнсний бүтээгдэхүүний өсөлт 18 хувьд хүрсэн байна. Үнийн өсөлт бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ. Тухайлбал, нэг кг төмс 970 төгрөг байсан бол 2500 төгрөгт хүрсэн. Лууван 2000 төгрөг байсан бол 4700 төгрөг, ургамлын тос 4300 төгрөг байсан бол 9500 төгрөг, байцаа 3000 төгрөг байсан бол 5200 төгрөг болжээ. Элсэн чихэр 2700 төгрөгөөс 3750 төгрөг болтлоо өсчээ. "Атар" талх 1280 төгрөг байсан бол 1700 болж өссөн байна. Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай гэдгийг олон улсын банк, санхүүгийн байгууллагын шинжээчид анхааруулж буй. Импортоос хамааралтай  манай эдийн засаг ирэх намраас эхлээд оны эцэс хүртэл хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нэрвэгдэж болзошгүй.

Дэлхийн банк болон үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар амжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч 211 мянган хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэж үзсэн. 

Тиймээс инфляцийг бууруулах, үнийн өсөлтийн улмаас иргэдэд ирэх дарамтыг бууруулах зорилгоор УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй. Эрхэм гишүүд ээ. УИХ-ыг ард түмэн шүүмжлээд байна. Миний ярьж байгааг анхааралтай сонсох хэрэгтэй байна. Янз, янзын хууль хэлэлцэх зуур ард иргэдийн амьдрал доройтож байхад та нар баяр наадам ярилаа гэж шүүмжилж байна. Үнийн өсөлтийг хязгаарлах хууль, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг ядаж судлах хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг шатахууны үнийг бууруулах, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулахад ямар арга хэмжээ авч болохоор байна. Татвар бууруулах, бусад чиглэлээр арга хэмжээ авах, гадаад , дотоодын яриа хэлэлцээг хийх  Засгийн газрын холбогдох яамтай хамтран хийх ажлын хэсгийг байгуулна. УИХ тарахаар хамаг асуудал орхигдоно. Тиймээс дипломат болон бусад бүхий л арга хэрэгслээр хамтарч ажиллана шүү. Халамжийн бодлого, арга хэмжээг эргэн харж, зөвхөн эмзэг, амьжиргааны түвшин доогуур бүлэгтээ хандах хэрэгтэй гэж олон улсын шинжээчид сануулсан. Тиймээс энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулна. 

Шинэ мэдээ