Бямба, 4 сар 20, 2024
6.1 C
Ulaanbaatar

Б.Боорчи: Үеийн залуустайгаа уран мэхийг уралдуулан энэ тэнцүүхэн л барилдана даа

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харъяат “ Хан Хэнтий” аварга дэвжээ, ШШГЕГ-ын 419-р анги, Сүлд спорт хорооны  бөх  сумын заан Б.Боорчитой ярилцлаа.  Сумынхаа наадамд хоёр түрүүлж бөхийн өргөөнд зохиогддог сумын заануудын барилдаанд амжилттай барилдаж буй залуу хүчтэн юм.

-Энэ  Зургаан сарын сумын заануудын хаалтын барилдаанд амжилттай сайхан барилдаж шөвгийн наймт шалгарсанд нь баяр хүргэе?

Баярлалаа. Энэ сарын сумын заануудын барилдаанд ээлжит их шөвөгт шалгарсандаа баяртай байна.  Өнгөрсөн жилийн 11 сараас эхлээд сумын заануудын барилдаанд багагүй амжилттай барилдсан.

-Амжилтуудаасаа дурьдвал?

 Намрын нээлтийн барилдаанд шөвгийн гуравт үлдсэн. Шөвгийн гуравт үлдээд  тухайн барилдааны түрүү бөх сумын заан  Буяндэлгэрт унасан. Харин 12 сард Хэнтий аймгийн Бэрхэд очиж барилдсан учир 12 сарын сумын заануудын барилдааныг өнжсөн. Харин цагаан сарын барилдаанд шөвгийн наймд үлдсэн. Хоёрдугаар сард Өмнөговь аймгийн  сумын заан Б. Бат-Эрдэнэтэй үзүүр түрүүнд үлдэж барилдаад  мордуулж өвдөг шороодож үзүүрлэж байсан. Дөрөвдүгээр сарын сумын заануудыг өнжсөн.Тавдугаар сарын барилдаан дээр зургаа даваад долоо дээр унасан.Үе тэнгийн залуустайгаа бүгдэнтэй нь сайхан барилдаж хаях   боломжтой л гэж боддог. Тэрийг хаяхгүй болов уу гэсэн бодол байдаггүй. Өөртөө итгэлтэй байж л барилдана.

-Сумын заануудын барилдаанд хэзээнээс эхлэж барилдав?

Сумын заануудын барилдаанд  анх 2017 оны намраас барилдаж эхлэсэн.Тэр жилдээ амжилт сайн үзүүлээгүй хоёр гурав л давдаг байлаа.Дараа жил нь мөн л адилхан хоёр гурав дээр л уначихдаг байлаа.  Харин 2019 оны таван сард Монгол улсын бололвсролын их сургуулиас зохион байгуулсан сумын заануудын барилдаан спортын төв ордонд  болж байсан юм.Тус барилдаанд анх шөвгийн наймт шалгарч байлаа.Тухайн барилдаанд  одоогийн Архангайн аймгийн арслан Ням-Очир,, Увсын сумын заан Х.Бумбаяртай, Төв аймгийн Жамсрандорж зэрэг залуучуудыг давж шөвгийн наймт шалгарсан.Шөвгийн наймт үлдээд Увсын аймгийн харцага Т.Мөнх-Эрдэнэд унаж байсан.2020 онд ковид гээд бөхийн өргөөнд барилдаан зохион байгуулагдаагүй.

-Үеийн олон залуустай нэг дэвжээнд барилдаж байна. Өөрт тань үлдсэн сургамжтай барилдаан байдаг уу?

-Мэдээж байлгүй яахав.  Хоёрдугаар сарын сумын заануудад зургаа давчихаад долоогийн даваанд Баян-Адарга сумын заан Баяржаргалыг амлаж авсан юм. Тэр барилдаан их сургамжтай болсон. Би шуудган дээрээс ихэвчлэн барилддаг хүн.Сугадаж хөнтрөөд ард нь гарч байгаад этүүлээд уначихсан.Бүүр хөндөлсүүлээд ард нь гарчихсан байсан юм. Энэ барилдаан л их сургамжтай болсон доо. Ахиж хүнд тэгж унахааргүй л сургамж авсан даа.

-Сумын заан цолыг хэзээ хүртэв?

 Сумын заан цолыг   2016 онд Дэлгэрхаан сумандаа авсан.Анх сумандаа түрүүлж үзье гэж боддог байлаа.Ер нь  хамгийн сайхан наадам сумын наадам шүү дээ. Сумандаа анх түрүүлж байхад өрсөлдөгч бүхэн л чанга байсан.Түрүүлсэн жилээ бөхийн бэлтгэлдээ хамрагдчихсан учир   дараа жил нь ахин сумандаа  түрүүлэхэд гайгүй  санагдаж байлаа.

-Та хүүхэд байхаасаа л бөх болохыг мөрөөддөг байв уу?

 Би хүүхэд байхаасаа барилдаж эхлэсэн. Хүүхэд байхдаа бөх болно эсвэл цэрэг цагдаагийн хүн болно л гэж боддог байсан.Багаасаа л бөх үзэж өссөн.Том цолтой хүмүүсийг ойроос нь харж үзэх юм сан.Ямар байдаг бол гэж боддог байлаа.Тэр бүхэн надад их сонирхолтой санагддаг байлаа.Монголчууд бөхийг их дээдлэдэг айлд орсон ч идээ будаагаа дэлгэж тавьдаг. Энэ бүхэн маш сайхан олон түмний хайр хүндэтгэлийг татдаг юм байна даа гэсэн ойлголт төрөөд бөх болохоор шулуудаж байсан. бөхийн удам гэвэл сумын заан Ц.Чинзориг ах маань л байна даа.

Анх Бөхийн сууриа жудо бөхөөр барилдаж эхлэсэн. Спортын төв ордонд спортын дунд сургууль гэж байдаг байсан юм.Тэнд арван жилээ төгссөн.Тэр дундаа жудо бөхийн ангийг сонгон суралцсан.Анх олимпын аварга төрөхийг хараад л илүүтэй бөхөд дурлах болсон доо.2008 оны олимпыг үзээд л жудо бөхөөр хичээллэе гэсэн бодолтой болсон.

-Жудогоор ямар тэмцээнүүдэд амжилт үзүүлж байв?

-Жудо бөхөөр барилдаж байхдаа улсын хэмжээнд зохиогддог тэмцээнүүдэд оролцож медаль авч байсан.Залуучуудын улсын аваргаар шагналт тавдугаар байранд ороод л мөрөндөө бэртэл аваад л  жудогоор барилдахааа больчихсон.  Бэртэлээсээ болж хоёр жил завсарласан. Хэсэг завсарласаныхаа дараа л үндэсний бөхөөр хичээллэх болсон. Аварга дээд сургуулийг төгссөн.Үндэсний бөхийн багш улсын начин Б.Адъяахүү багш маань. Их сургуульд суралцаж байхдаа “Үндэсний бөхийн сургуулийн аварга” шалгаруулах барилдаанд барилдаад үзүүрлэж байсан.

-Өөрийн тань үндсэн мэх юу вэ?

Миний үндсэн мэх гэвэл хөл мэх хийдэг хутгадаг мөн хонгоддог, сугаддаг, морддог.Барилдааны явцад цаад бөхөө сугадсан тохиолдолд надаас илүү их барилдаан гардаг.

-Долоо хоногийн хэдэн өдрийг бэлтгэлдээ зориулж байна?

Бэлтгэлдээ долоо хоногийн бүх л өдрийг бэлтгэлдээ зориулж байна.Үндэсний бөхийн бэлтгэл хоёр өдөр хийгээд үлдсэн өдрүүдэд нь штанг хийдэг.Бүтэн сайн өдөр ууланд алхдаг. Одоогоор Хан Хэнтий дэвжээний бөхчүүдтэйгээ хамт бэлтгэлээ хийж байна:Манай дэвжээний багш аймгийн арслан  Б.Ганцоож ах.

-Таныг барилдаан бүрт тань таныг хамгийн их хурцалдаг хүн  тань хэн  бэ?

Бөх хүн барилдахаа дэвжээн дээр гарахад бяр мэх, сэтгэл зүй, бэлтгэл гээд бүгд чухал. Энэ гурвийн аль нэг нь дутуу бол дэвжээн дээр гарахад учир дутагдалтай.Хичнээн бэлтгэл нь ханачихсан хэрнээ сэтгэл зүйгээр дутуу өрсөлдөгч бөхөөсөө айдаг ч юм уу тийм байвал хүн хаяхад хэцүү.Миний сэтгэл зүйг манай аав л их хурцалдаг.Барилдаан дээр унасан ч давсан ч бүх зүйлд аав маанв надтай ярилцдаг.Ингэж ярилцсаны дараа дараагийн барилдаанд аавын хэлсэн үг амжилттай барилдахад маань их нөлөөлдөг.Аливаа нэг барилдаанд амжилт үзүүллээ гэхэд аав тэгтэлээ их магтахгүй.Амжилтаа ахиулж ахиад ч сайн барилдахыг захьдаг.Бөх бол байгалын унаган авъяасаараа төрдөг гэж боддог.Хүний хүсэл мөрөөдөл гэдэг чинь хязгаарлагдахгүй зүйл шүү дээ.Хүн ямар ваа нэг зүйлийн төлөө зориод хичээхэд болохгүй юм байхгүй л гэж боддог. Мөн бөх хүнийг уул ус нь түшнээ ч гэж ярьдаг шүү дээ. Намайг дэмждэг  эутгийнхаа зон олонд баярлаж явдагаа илэрхийлье. Намайг үргэлж дэмжиж дэвжээн дээр барилдах болгонд урам хайрлаж байдагт нь баярлаж явдаг. Энэ зун манай сумын 90 жилийн ой болох гэж байна.  Итгэлийг нь алдахгүй сайн барилдахыг хичээнээ гэдгээ илэрхийлье.  Энэ жил би Хэнтий аймгийнхаа наадамд зодоглоно.

-Таны хүрэхийг хүсдэг цол гэвэл?

-Улсын заан цол хамгийн сайхан цол санагддаг. Заан цол авахыг хүсдэг.

-Өнөөгийн бөхийн хөгжилийн талаар ямар бодолтой явдаг вэ?

Өнөөдрийн бөхийн хөгжилийн талаар зарим зүйл дээр санал нийлж байгаа. Тухайлбал барьц сонгоог халсанаар барилдааны агуулгын хувьд ч тэр чигээрээ өөрчилөгдөж байгаа юм. Цаашдаа бөхийн холбоо ажиллах юм гэвэл шударга өрсөлдөөн талаасаа ажиллах болов уу гэж бодож байгаа.Мөн аймгийн наадмуудад нэг өдөр тэмдэглэх болсоныг зөв гэж бодож байна. Үнэн хүчээр улсынхаа наадамд залуу сайхан арслангууд цолоо нэмж хөдөө орон нутагт ч олон залуус харгүй сайхан барилдаж цолоо нэмээсэй .Үүнээс гадна харъяалал харгалзахгүй барилдуулна гэчихээд очихоор бүртгэл дууссан аль эсвэл гадных гээд барилдуулдаггүй. Энэ бол маш буруу санагддаг. Монгол хүн эх орондоо хаана ч очоод барилдчихдаг байх ёстой. Үүнийг анхаараасай.

ЯРИЛЦСАН А.ДОРЖХАНД

Шинэ мэдээ