Баасан, 4 сар 19, 2024
-6.9 C
Ulaanbaatar

Ажлын ах хүчээр порно үзүүлж, "Чи хүнтэй унтаж үзсэн үү" гээд чих рүү орилдог

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг Хүний Эрхийн Үндэсний Комиссоос олон нийтэд нээлттэй танилцуулаад байна.

Судалгаанаас ажлын байрны бэлгийн дарамт, бэлгийн мөлжлөгт өртсөн гэсэн хариултыг шүүж үзэхэд анхаарал татахуйц дараах тохиолдол илэрчээ.

Хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлж бэлгийн мөлжлөгт оруулахад зарим тохиолдолд гэр бүлийн гишүүд нь хамсаатан болж байгаа бөгөөд өмнөх жилүүдэд эцэг, эхийнх нь гарын үсэг зурж байгуулсан гэрээний дагуу ажиллаж буй уран нугараач монгол охидыг Монгол Улс болон гадаадын зарим улсад албадан хөдөлмөр эрхлүүлж байсан нь бэлгийн мөлжлөгт өртөх өндөр эрсдэлд хүргэсэн гэж дүгнэсэн байна.

КЕЙС

..Ажлын байрны бэлгийн дарамт охидод их хэцүү. Нэг ажил хийсэн чинь тэр ажлын газрын нэг ах намайг байнга өддөг. Тэгээд байж байгаад хажууд ирээд сонин сонин юм яриад байдаг. Юу ярих вэ гэвэл чи гарч орж яваач, чиний насан дээр ууж идэж, наргиж явах нас. Хүнтэй суучихвал гоё сайхныг мэдрэхгүй гэх мэт. Заримдаа ирээд хажууд зогсоод чи хүнтэй унтаж үзсэн үү? гээд асуудаг. Тэгээд +18 гэсэн сайт үзүүлээд, энийг ороод үзээч, ийм юм үзсэн үү? гээд л....Тэгээд чимээгүй байгаад, хариу хэлэхгүй болохоор байж байгаад чихэн дээр ирээд шууд чанга хашхирдаг...(Бэлгийн дарамтад өртсөн хүүхэдтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын судалгааны тэмдэглэлээс)

Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлд заасан бэлгийн дарамт учруулах зөрчилд хохирсон насанд хүрээгүй хүн 2018, 2019 онд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бол 2020 онд 5 тохиолдол бүртгэгджээ. Судалгааны дүнгээс бэлгийн дарамтад хохирсон насанд хүрээгүй хүн өөрөө гомдол гаргахгүй л бол хууль бус үйлдлийг илрүүлэх боломжгүй,нөгөө талаас хэргийг шийдвэрлэхдээ өгсөн мэдээллийн нууцлалыг хадгална гэдэгт тэд итгэдэггүйгээс хэргийн тоон үзүүлэлт улсын хэмжээнд бүртгэгддэггүй байх магадлалтай гэж үзэж байна.

Орон нутгуудын хувьд охидын бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөрчигдөж бэлгийн хүчирхийллийн хохирогч болох, жирэмслэх тохиолдол цөөнгүй гарч, насанд хүрээгүй, ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд садар самуунд уруу татагдах, бага хэмжээний мөнгө, утасны нэгж зэрэг хэрэглээний зүйл авч хариуд нь бэлгийн харьцаанд тогтмол орох байдал түгээмэл байгааг судалгаанд дурджээ.

Илтгэлийг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.

Эх сурвалж: ХЭҮК

Шинэ мэдээ