Баасан, 4 сар 26, 2024
1.1 C
Ulaanbaatar

"Би л ахмад настай. Надад л суудал тавьж өгөх ёстой" гэх ялархсан хандлагаа зогсоо

Өнгөрсөн долоо хоногт хилийн чанадад суралцдаг найзтайгаа онлайнаар холбогдлоо. Аж амьдралаас нь авахуулаад хүмүүсийн харилцаа хандлага зэргийн талаар нээлттэй хөөрөлдсөн юм. Манай хүн сурахын хажуугаар ажилладаг. Хоногийн 24 цагийн тэн хагаст нь ажиллаж, 3-4 цагт нь суралцана. Үлдсэн хугацаанд нь унтаж амардаг гэнэ. Сүүлийн гурван жил орчмын хугацаанд ийм хэмнэлээр яваад нэлээн ядарч.

Саявтар метронд явахад нь настай эмэгтэй хажууд нь ирээд зогсож. Манай хүн ядарч байсан ч “монгол зангаараа” шууд л суудлаа тавьж өгөхөөр ухасхийгээд боссон байгаа юм. Хариуд нь өнөөх эмэгтэй “Хэрэггүй ээ. Надаас илүү ажилласан чи ядарсан байх. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн хөлөө амраагаад буу” гээд мөрөн дээр нь зөөлхөн хүрч л дээ. Энэ үйлдэл нь харийн оронд ажиллаж яваа найзад маань эерэг сэтгэгдэл төрүүлж.

Манайд ийм хандлага яг эсрэгээрээ байх шиг. Нийтийн тээврээр зорчиход "Би л ахмад настай. Надад л суудал тавьж өгөх ёстой" гэх ялархсан хандлага ахмадуудаас түгээмэл харагддаг. Энэ хандлагаа илэрхийлэхдээ залуусыг үгүйсгэж, олны өмнө хүмүүжилгүйгээр нь дуудан шившиглэж хуучин нийгмийн үзэл суртал харуулна.

Нийтийн тээвэр ахмадуудын өмч биш. Дээрх жишээнээс үлгэрлэж энэ ялархсан муухай хандлагаа засах цаг болсон юм шиг. Наанадаж л түүнийгээ эелдгээр илэрхийлж байвал.

Өглөөнөөс үдэш хүртэл завсаргүй ажилласан залуус, хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийж буй оюутнуудад ялархдаг хандлагаа ахмадууд өөрчлөх цаг болжээ.

Шинэ мэдээ