Нэг эмэгтэй цахим хуудастаа “Хүү минь алга болчихлоо” хэмээн сэтгэгдэл бичсэн байдаг. Тодруулбал, тэрбээр 4-5 настай эрэгтэй хүүхдийн зураг тавьж, “Хүү минь дөнгөж сая алга болчихлоо. Хамт тоглож байсан хүүхдүүд нь “Машинтай хүн аваад явсан” гэж хэллээ. Би яг галзуурлаа. Над руу битгий залга хүмүүсээ, гуйя” хэмээн бичсэн юм. Хүүгийн хаанаас алга болсон, хэзээ явсан, хэдэн настай гэх тодорхой мэдээлэл нь байхгүй байсан ч иргэд хайлтын ажиллагааг байгаа байгаа газартаа эхлүүлсэн билээ. Харин тус эмэгтэй 30-40 минутын дараа “Хүүгээ олчихлоо” хэмээн пост бичсэн юм.
Энэ талаар ЦЕГ-ын мэргэжилтнээс тодруулахад “ Цагдаагийн байгууллагад иргэн Э-ээс өчигдөр “Хүүхэд алга боллоо” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу эрэн сурвалжлах шалгалтын ажиллагаа хийсэн. Шалгалтын үеэр иргэн худал дуудлага, мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн” гэлээ.