Мягмар, 4 сар 16, 2024
17.1 C
Ulaanbaatar

Конкурс хэмээх наян минутын баривчилгааг болимоор байна

Хүүхдүүд ерөнхий бо­ловс­рол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян мину­таар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй.  Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монгол­чуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шал­галт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз хоёрын аль нь ч тохиож бол­но. Энэ бол хүүхдүүдийн хувьд рулиттэй гар буу шанаа руугаа тулгаад гох дарах лугаа маш аймшигтай үзэг­дэл юм. Сумтай тал нь таар­сан байвал яана. Өчнөөн жил хичээнгүйлэн суралцсаны үр дүн өөр бас бус жижиг шалт­гаанаас болж тухайлбал, замд түгжрэл үүсээд шалгалт­наасаа ялимгүй хоцорчихвол тэгээд л өнгөрөө.

За яахав “Элсэлтийн шал­галтаар хүүхэд ба сургуулийн ерөнхий ноён нуруу гардаг гэж бодъё. Тийм юм бол шоо орхиж байгаа юм шиг заавал ингэж илүү ажил хийхийн хэрэг юу байна. Өмнөх сур­лагын дүн, улсын шалгалтын материал гээд баахан үзүү­лэлтүүд байгаа. Тэрнийг нь үндэслэж байр эзлүүлэх кон­курсдэх хоёр зарчмын хувьд ялгаагүй байх ёстой. Ялгаа байх бол аз, гай хоёрыг нь хураасан мэдлэгнээс илүү чухалд үзсэн болж таараад байна. Энэ үеэр шашин, бөө үзмэрч төлөгч нарын ачаалал эрс нэмэгдсэн байдал ажиг­лагдах боллоо. Багш, сур­гууль сурагчдын үнэлгээнүү­дийг худлаа гэж үзээд түүнд үнэмшдэггүй учраас элсэл­тийн шалгалт үүссэн ч юм шиг.

Захиргаадалтын үед кон­курс хүний хувь заяаг орвон­гоор нь өөрчилж орхидог байв. Онц сурлагатнууд оноо дутан сургуульгүй хо­цорч байхад дундчуудад “арын хаалга” нээгдэн их дээд сургуульд орон улмаар дарга даамал болох тохиолдол маш их гарч байсан. Одоо бол конкурс нь дотоодын аль ч сургуульд ороход тийм аймаар хадны мангаа биш. Тэгээд ч их дээд сургуульд ороод төгсөх суралцах нь өөрөө улам үнэ цэнэгүй бол­соор байна. Оюутнууд  дотор шал өөр зорилго, учир шалт­гаанаар элссэн, бүр дунд сургуулиа завсардсан этгээд хүртэл шургаад орчихсон, хичээлдээ бараг суулгүйгээр дипломоо авчихдаг завхар­сан явдал хэвийн үзэгдэл болоод байгаа. Гэтэл өнөө­дөр нийгмийн бүх салбар мэр­гэжилтний хомсдолд орчих­лоо. Сургууль төгсөж ирсэн залуугаас мэргэжлийн судалгааг үндэслээд, үгүй ядаж холбогдох хууль дээр тулгуурлаад журам боловс­руулаадах гэхээр өөдөөс мэл гайхаж байгаа юм даа. Санаа нь бол тухайн салбарын зүгээр л удирдах ажилтан болж аваад “тэг, боль” гээд сууж байх юм гэнэ. Батаа, Болороо нар “хүнд үзүүлэх” зорилгоор ямар нэгэн дээд сургуулийн дипломтой бол­сон болохоос сурсан юм байхгүй.

Олон улсын хэмжээнд танигдсан нэр хүндтэй сур­гуулиудад тохиолдлоор тэнц­сэн оюутан байдаггүй. Мөн баян айлын тэнэг хүүхэд ороод ирэх вий гэж маш болгоомжилдог. Тийм нөхөд олширвол дараа нь сургуу­лийн нэр хүнд унагаж орхино гэж үздэг. Элсэлтийн ерөнхий зарчим нь тамирчин олимпод өрсөлдөх эрх авах гэж байгаа мэт элсэгчид тухайн сур­гуульд орох оноо цуглуулдаг. Жилийн өмнөөс манайх энэ жил төчнөөн элсэгч авна гээд ичнээ шалгалтуудаа явуулна. Эхний удаа тестүүдийг манай одоогийн конкурсны хэл­бэрээр явуулаад дараа нь эссэ бичүүлээд эхэлдэг. Эссэ­нээс бүх тар нь  танигддаг. Хүүхдүүдэд энэ дашрамд сануулахад бичих маш өндөр ур чадвар эзэмших хэрэгтэй болоод байгаа юм шүү. Сайн бичнэ гэдэг нь мэддэг ба мэдэхийг хүсч буй зүйлээ ухаалаг, ойлгомжтой илэр­хий­лэх явдал юм. Эцэст нь сургуулийн шалгалтын комисс элсэгч нэг бүртэй нүүр тулан уулзаж амаар шалгалт аван сая үүд хаалгаа нээнэ. Хүнээр л гэрийн даалгавраа хийлгээд байгаагүй бол сайн бичдэг хүн муу ярина гэж байхгүй. Энэхүү шалгалтын дэс дараалал нь сурах эвээ олчихсон, тодорхой мэдлэг цуглуулсан хүүхдэд итгэл баярыг авчирдаг.  Дараа нь сургуульдаа орчихсон хой­ноо санаа амраад үлгэн сал­ган яваад байвал төгсгөлгүй хасч орхино.

Ёстой нөгөө диплом үзээд шууд ажилд авчих хэмжээний сургуулиудын жилийн дун­даж төлбөр 15000 доллар хавьцаа байх шив. Манай­хаар бол хорь гаран сая, төгстөлөө зуун саяыг төлнө гэсэн үг. Энэ их мөнгийг идсэн багш сурагч хоёр хоёулаа бөөн хариуцлага хүлээх тул аль нэг нь муу байх ёсгүй. Тэгэхлээр бүх л үед (хойшид ч гэсэн) зөвхөн боломжтой айлын сурлага сайтай хүүхэд л дээд боловсрол эзэмшсээр иржээ. Тэгвэл бусад нь яадаг юм. Баян ядуу аль ч орны их дээд сургуулиудын оюутны багагүй хувь нь тэтгэлгээр орж ирсэн байдаг. Тэтгэлэгт хамрагдах нь ядуу айлын хүүхэд гэсэн биш. Харин ч бүр нэр хүндийн хэрэг байх нь олонтаа.

Хүүхэд ахлах сургуулиа­саа эхлээд дараагийн сургуу­лийн оноо цуглуулах, мөн үүнтэй зэрэгцэн төрөл бүрийн тэтгэлгийн болзлуудыг судалж ханддаг. Орчлонгийн бүх л залуучууд хаа ч ялгаа­гүй тарчигхан тул хэнээсээ ичихэв. Манайхан шиг айл гэр болчихоод хүртэл малчин аав ээжийгээ зулгааж амь­дар­даг амьдрал их л ховор доо. Улс орнуудын засгийн газрууд конкурсыг биш тэт­гэлгийг анхаардаг. Гэхдээ төр засаг гэхээсээ илүү шашин, шинжлэх ухаан, хүмүүн­лэгийн байгууллагуудаар дүүрэн оюутны сургалтын хөнгөлөлтүүд зарлагддаг. Шинжлэх ухааны салбар бол­гон хүрээгээ тэлэхийн тул дэлгэрүүлэгч хөгжүүлэгч бэл­дэх сонирхол бий. Бизнес­мэнүүд өөртөө хэрэгтэй гэж үзсэн салбаруудыг санхүү­жүү­лэх нь тэдэнд дам ашиг өгдөг. Эдгээр эрх ашгууд нь төрийн болон эцэг эхийн нуруун дээрх том ачааг сэвхийтэл аваад хаячихаж байгаа юм.

Манай нөхцөлд бол их хандив орлого олдог сүм хийд, урлаг соёлын одууд, хүүхдийн төлөө, байгаль орчны төлөө гэх мэт ариун гэгээнээ байнга тунхагладаг хувь хүн олон нийтийн бай­гуул­лагууд үнэхээр нийгмийн хариуцлага хүлээх чадамжтай юм бол чиглэлийнхээ болов­сон хүчинг бэлдэхэд хөрөнгө зарцуулах ёстой. Мөн спор­тын холбоод, нутгийн зөвлөл гэсэн ашгийн бус байгуул­лагуудын чиг үүргийг төрөөс ийш нь чиглүүлж өгмөөр байгаа юм.

Энэ бүхний эцэст хэн юуны төлөө яах гэж сурч буй нь ойлгомжтой болоод ирнэ. Хуулийн дээд төгсөөд худал­дагч хийдгээ болино. Нөгөө талд сургуулиудын төлбөр нэмэгдэж босго өндөрсөнө. Эзэн биегүй төр биш мөн­гөндөө харамч том компа­ниуд, бөөн хэл ам бүхий олон нийтийн хөдөлгөөн бай­гуул­лагууд оюутнаа илгээсэн сургуулиа олигтой хичээл­лэхгүй бол бариад идчихнэ шүү дээ. Залуучууд бусдын тэтгэмжээр сурч сурчихаад дараа нь өөр чиглэлээр ажил­лах, эсхүл бултвал мафийн гарт орсноос ялгаагүй юм болно.

Элсэлтийн шалгалт гээд нэг нь шалгаж байгаа нөгөө нь шалгуулж байгаа дүр үзүүлж наян минут болдог уг арга хэмжээ улам утгагүй болсоор байна. Төрөөс төсөв авдаггүй өөрөөсөө санхүүж­дэг их дээд сургуулиуд элсэл­тээ хэрхэн зохицуулахыг бо­ловсролын яам биш зах зээл шийддэг. Сургуулиуд уриад ч очдоггүйгээс эхлээд хүсээд ч олдохооргүй улам ялгарах цаг дор зөвхөн шалгалтын оноо бүхнийг шийдэх боломжгүй юм.

3 COMMENTS

  1. Reading your article helped me a lot and I agree with you. But I still have some doubts, can you clarify for me? I'll keep an eye out for your answers.

  2. Wow, fantastic weblog layout! How lengthy have you been blogging for?
    you made blogging look easy. The full look of your website is wonderful, let alone the content material!
    You can see similar here sklep online

  3. Hi! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I'm trying to get my website to rank for some targeted keywords but
    I'm not seeing very good success. If you know of any
    please share. Thank you! You can read similar blog here:
    Backlink Portfolio

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ