УИХ-ын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
-----------------------------------------------
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-Төрийн өмчит компаниудыг цэгцлэх ёстой. Энэ талаар олон жил ярьсан одоо цаг нь болсон. ТӨХК-иуд угжны хурга шиг угжуулаад л байж байдаг болсон.
Айлд шоовдор хүүхэд байдаг бол тэр нь хувийн хэвшил, эрх танхи хүүхдүүд нь төрийн өмчит компаниуд болчихсон.
Төрийн өмчит компаниудад төрд ажиллаж байсан дарга, улстөрчдийн "халаас"-ны хүмүүс, цүнх баригч нар томилогддог. Очоод дарга нартаа тал засаад, улстөрчдөд мөнгө зөөгөөд явдаг шүү. Байдал ийм л болсон. Тиймээс үүнийг цэгцлэх ёстой. Төрийн өмчит 170 компани, орон нутгийн өмчит 270 компани бий. Гүйцэтгэх удирдлага нь 15 хүнтэй гэж бодоход нэг компани үндсэндээ 20 орчим хүн ажиллаж байна. нийтдээ 440 компанид хэн нэгний гар хөл болсон 10 мянган хүн ажиллаж байна. Тэд хамгийн их цалин, хангамж авдаг. Гадагшаа зугаалдаг, өндөр урамшуулал авдаг. Өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэдэн хувийг төрийн өмчит компаниуд эзэлж байна вэ. Өр зээлийн хэмжээг хэлж өгөөч. Төсөвт оруулж байгаа орлогоос "Эрдэнэт" болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг хасвал татварт орлого оруулах компани бараг байхгүй дээ. Тиймээс ТӨХК-иудын төвлөрүүлж байгаа ногдол ашгийн талаар мэдээлэл авмаар байна. ТӨХК-иуд улстөрч, эрх мэдэл бүхий хүмүүсийн саалийн үнээ болсон.
Үүнээс гадна Сайншандын аж үйлдвэрийн парк, Эгийн голын усан цахилгаан станц төслийн нэгжүүд юу ч хийдэггүй. Ажил хийдэггүй баахан төслийн нэгжүүдтэй. Эгийн гол 40-50 тэрбумын алдагдалтай. Иймэрхүү төслийн нэгжүүдийг хэрхэн цэгцлэх вэ. Иргэний нисэхийн үндэсний төв, Авто тээврийн үндэсний төв, Авто замын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төв гэх зэрэг хуучин агентлаг байсан газруудын нэрийг өөрчлөөд төрийн өмчит үйлдвэрийн газар болгосо. Төсвийн мөнгөөр тэтгүүлдэг, рувийн хэвшилтэй өрсөлдөж дарамталдаг ТӨХК-иудыг хэрхэх вэ?
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:
-2021 оны жилийн эцсийн байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд 53.4 тэрбум төгрөгийн хөрөнгө эзэмшиж байна. Тэдгээр компаниуд 10.6 их наядын орлого олж, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 8.7 хувь буюу 860 тэрбум, цэвэр ашгийн хэмжээ 407 хувиар буюу 831 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.
Төрийн өмчийн оролцоотой 105 компаниуд 18 их наядын өртэй.Үүнээс жин дарж буй компанийг нэрлэвэл “Эрдэнэс Монгол” нэгдэл 5.4 их наяд, Төрийн банк 3.4 их наяд, Хөгжлийн банк 3 их наяд, Монголын төмөр зам 1.5 их наяд, Эрдэнэт үйлдвэр 990 тэрбум, Улаанбаатар төмөр зам 540 тэрбумын өртэй байна.
Мөн өндөр хөрөнгийн дүнтэй хуулийн этгээдийг товч танилцуулахад “Эрдэнэс Монгол” нэгдэл 29 их наяд, “Эрдэнэт” үйлдвэр 5 их наяд, Хөгжлийн банк 4 их наяд, “Төрийн банк” 3.7 их наяд гэх жишээтэй байна. Хамгийн их орлоготой ажилласан хуулийн этгээдээр “Эрдэнэт” үйлдвэр 3.1 их наядаар тэргүүлж байна. "Эрдэнэс Монгол" нэгдэл 1.5 их наяд, Диспетчерийн үндэсний төв 1 их наяд байна. “Эрдэнэт” үйлдвэр 901 тэрбумаар манлайлсан бол “Эрдэнэс Монгол” нэгдэл 102 тэрбум, Монголросцветмет 85 тэрбум, Улаанбаатар төмөр зам 69 тэрбум, Төрийн банк 45 тэрбум гэсэн үзүүлэлттэй байна.
Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг:
-Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд болон өмнө нь агентлагын статустай ажиллаж байсан олон байгууллагууд аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нэрээр ажиллаж байгаа. Таны нэр дурдсанаас гадна олон байгууллагууд бий. Цаашдаа Шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан төрийн бүтээмжийн асуудлыг цогц байдлаар нь судалж байна. Үүн дээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны чиг үүргийн давхардлыг харгалзан үзнэ. Агентлагын статусаар ажиллах байгууллагуудыг нэг мөр шийднэ. Татан буулгахыг нь буулгана. Цаашдаа Авто тээврийн үндэсний төв зэргийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явуулах боломж бүрдэх байх. Өнөөдөр үнэ тарифын зохицуулалттай, зах зээлийн төвлөрөл байгаагаас үүдэн хувийн хэвшил гүйцэтгэх боломжгүй буюу эрчим хүч, дулааны чиглэлийн компаниудын үйл ажиллагаан дээр уян хатан зохицуулалтууд орсон. Өөрөөр хэлбэл, тэдгээр компаниудаас заавал ногдол ашиг авахгүй. Гэхдээ засаглалын хувьд ил тод, нээлттэй болгоно. Эргээд үр ашгийг нь нэмэгдүүлэх, магадгүй зах зээлийн үнийн тарифын зохицуулалт суларвал дээрх компаниуд зах зээлийн зарчмаараа үйл ажиллагаа явуулах боломжтой.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-470 компани дээр гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал, дэд захирал, хэлтсийн дарга, газрын захирал гээд 10 орчим хүн. Мөн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр бас 10 хүн. Ингээд бодоход нэг компанид 20 орчим хүн улс төрийн томилгоогоор очсон гэсэн үг. Энэ хүмүүсийг цаашид хараат бус байдлаар байлгах тал дээр ямар бодлого баримтлах вэ. Хоёрдугаарт ТӨХК-иуд Хөгжлийн банкнаас баахан зээл авчихсан. Одоо бүр сүүлдээ компаниудын авсан зээлийг нь Засгийн газар төлнө гээд явж байна. Хувийн хэвшил авсан зээлийнхээ төлөө өөрсдөө хариуцлагаа хүлээдэг. Зарим нь бүр шоронд орж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Харин тийм ээ С.Бямбацогт гишүүн ээ. Бид яг ийм системээр 30 жил явлаа. Үүнийг өөрчлөхийн тулд хуулийн төслийг оруулж ирсэн. Бид нар гэв гэнэт мэдэж байгаа зүйл биш шүү дээ. ТӨХК-иуд дандаа алдагдалтай, алдагдалтай ажиллуулсан хүмүүс нь хариуцлага хүлээдэггүй, ТУЗ-д нь төрийн төлөөллүүд нь томилогддог. Энэ тогтолцоог халахын тулд хуулийн төсөл оруулж ирлээ.
Өөрөөр хэлбэл, ТУЗ-ийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтаар авна. Гүйцэтгэх удирдлагыг мөн ялгаагүй ТУЗ-ийн баталсан дүрмээр, сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн өмчийн оролцоотой компаниудад тавьдаг шаардлагыг тавина.
ТӨХК-ийг хоёр жил дараалан алдагдалтай ажиллуулсан гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийг шууд чөлөөлнө. Дараагийн өөр төрийн өмчит компанид, ТУЗ болон захирлаар очих нөхцөл бололцоог нь хаана. Үүн дээр бүртгэлийн нэгдсэн систем хөтөлнө. Гүйцэтгэх болон ТУЗ-ын гишүүдэд дандаа нөөцийн систем бүрдүүлж явна. Нөөцөөс хүмүүсээ томилно. Төрийн төлөөллийг дандаа нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. С.Бямбацогт гишүүн нэг мэдээллийг буруу ярилаа. ТӨХК-иуд Хөгжлийн банкин дах өр төлбөрийг Засгийн газар төлөхгүй. Харин тухайн компаниудын хувьцааг дахин хөрөнгөжүүлэх, санхүүжүүлэх байдлаар Хөгжлийн банкин дах өр төлбөрийг барагдуулах Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулагдаж байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар орно. Яг адилхан хувийн сектортой адилхан Хөгжлийн банкны өрийг төрийн өмчит компаниудаар өөрөөр нь төлүүлэх бодит ажил хийгдэж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Засаг дарга орон нутгийн өмчит ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох, урамшуулахаар байна лээ. Ингэж болохгүй шүү. Энэ эрх нь ИТХ-д байх ёстой. Өмчийн эзэд нь өөрсдөө өмчийнхөө төлөөллийг томилдог чөлөөлдөг байх нь чухал. Харин Засаг дарга санал оруулдаг байх нь зөв. Тэдгээрийг сонгон шалгаруулахдаа орон нутгийн өмчийн хариуцсан засаг захиргааны нэгж гэсэн байсан. Томъёолол нь буруу яваад байна. Өмч хариуцсан засаг захиргааны нэгж гэж байхгүй. Орон нутагт улстөржилтийг бий болдог шалтгаан нь ТӨХК-иуд. Учир нь эдгээр компаниудын ТУЗ-д улстөрчид ордог. Жишээ нь аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д орно. Цалин, урамшуулал авдаг. Урамшуулал гэж 100 гаруй сая төгрөг авах жишээний.Гүйцэтгэх захирал ч мөн ялгаагүй ТУЗ-тэй гэрээ байгуулдаг. Жишээ нь дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүний үнэ өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарахгүйгээр өсөхөд бизнес төлөвлөгөөнөөс давсан орлогын 1-2 хувийг авдаг. Ингэхээр хэдэн зуун, сая зарим нь бүр тэрбумыг авдаг. Тиймээс ТУЗ-д орохын тулд өрсөлдөөн бий болдог. Төрөл бүрийн улс төрийн үйл ажиллагаа явуулдаг. Талцал, хуваагдлыг бий болгодог учраас орон нутгийн өмчит компанийн ТУЗ-ийн гишүүдийг шилж сонгоход ямар өөрчлөлтийг хийх вэ? Орон нутгийн өмчит компаниуд том хэмжээний төсвийг ТУЗ-ийн есхөн хүн дураараа баталдаг. Уг нь улсын төсөвтэй ялгаагүй байх ёстой.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Төр ямар бизнес хийх, хийхгүйгээ дөрөв, дөрвөн жилээр УИХ-д тайлагнаж ерөнхий төлөвлөгөөг батлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэргүүлэх чиглэл гэсэн дөрвөн жил тутамд томъёолсон тэр асуудлаараа төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулах босгыг тавьж өгье. Хоёрдугаарт төрийн болон орон нутгийн өмчит компани байгуулахын тулд заавал тодорхой тооцоо судалгаа хийсний үр дүнд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтсан тэр чиглэлээр төр бизнес хийнэ. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дурдагдаагүй бусад чиглэлүүдээр хувийн хэвшил бизнес хийх боломжтой.
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?