Найрамдлын 1-р ээлж бүр утгаа алдаж байна. Пионерын зуслан юмуу, цэцэрлэг юмуу. Орой болохоор 6 настнууд ээжээ саналаа, ааваа саналаа гээд уйлаад мөөм барьж унтана, баана, шээнэ өлсөөдээнэ гэх мэтээр баларч байна. “Найрамдал”-д 745 хүүхэд амарч байна. Хамгийн бага нь нэгдүгээр ангиа төгссөн зургаан настнууд.
Эхний ээлжинд багачууд голдуу амардаг. Ирэх намар хоёрдугаар ангид орох нөхдийн нэг нь Сидина. Охин эгчтэйгээ амарч байгаа гэнэ. “Би Авинатайгаа ирсэн болохоор уйлаагүй ээ. Эгч ээ, би хатны нэртэй ш дээ. Манай эгч бас хатны нэртэй” гээд их додигор байна. “Найрамдал”-ын арга зүйч Т.Тунгалаг “Зургаан настнууд их сэргэлэн. Найман настай хүүхдүүдийг бодвол биеэ авч яваа нь хүртэл өөр шүү. Эхний өдрөө л зарим нь хямраад хэцүүхэн байдаг тал анзаарагддаг. Дасаад ирэхээрээ сэргэлэн, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Энэ жил таван настай охин эгчтэйгээ хамт амарч байна. Ер нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ ханддаг хандлага, сургууль, цэцэрлэгийн нөлөө хүүхдээс их тод харагддаг” гэж ярилаа. Бид энэ удаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн нэг өдрийг сурвалжилсан юм.