Пүрэв, 4 сар 18, 2024
8.1 C
Ulaanbaatar

Ц.Анандбазарын "хүн" гэгддэг Д.Үүрийнтуяад Эрдэнэт үйлдвэрийн санхүүг АТГУУЛСАН хэргийн ЭЗЭН ХЭН БЭ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн, Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хоёр даргын сэнтийд суусан цагаасаа нотой, ноцтой гэхэд ч багадах баримтаар нүдүүлж ирсэн.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, хэдхэн хоногийн өмнө Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийн дэлгэсэн "баримт" тэднийг багагүй сандаргаад авсан.

Энэ нь ““Эрдэнэт” үйлдвэр зуны түлшний тендер шалгаруулахдаа “Сод Монгол групп”-ийг хууль бусаар шалгаруулсан. Тус компани нь лабораторийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн” гэх мэдээллийг цацсантай холбоотой. Уг асуудлыг Сангийн яамнаас шалгана гэж олон нийтэд зарласан.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс “Хууль бус үйлдэл гаргаагүй. Тендер шалгаруулалт нээлттэй, ил тод явагддаг” гэдгийг мэдэгдсэн юм.

Тэгвэл дээрх зуны түлш нийлүүлэх тендерт “Шунхлай Петролиум” НИК, “Сод Монгол групп” гэсэн гурван компани өрсөлдсөн. Үүнээс “Сод Монгол групп” шалгарсан гэдгийг энэ сарын эхээр tender.gov.mn сайтад байршуулсан байсан юм.

Гэтэл 37.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий дээрх тендерт "будлиан" орсон гэх мэдээлэл цацагдсаны дараа tender.gov.mn сайтад мэдээллээ шинэчилсэн байна.

Өөрөөр хэлбэл, шалгаруулалтад оролцсон нэр бүхий гурван ААН-ийг гурвууланг нь ХАСАГДСАН гэж тус сайтад тэмдэглэжээ.

Эндээс үзвэл, Эрдэнэтийг тойрсон элдэв яриа, олон олон баримт оргүй мэт харагдах. Учир нь, үйлдвэрийн санхүү нь хариуцсан орлогч Д.Үүрийнтуяаг тус үйлдвэрт ажиллах боломжгүй буюу ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгддэг юм.

Түүний хувьд мэргэжлийн хяналтын салбарт ажиллаж байгаад 2014-2016 онд “Сод Монгол групп” ХХК-д Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажилласан. Ингээд 2017 оноос “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр хоёрхон жил ажиллаад орлогч болж дэвшсэн.

Энэ ч утгаараа гэрлийн хурдаар суга дэвшсэн чадварлаг боловсон хүчин гэж харагдахаар. Гэвч... гэвч....

https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FUbndotmn%2Fvideos%2F385698190171557%2F&show_text=false&width=560&t=0

Асуудлын гол нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын стратегийн обьект, салбарт хамаардаг. Тиймдээ ч ашиг сонирхлын зөрчилтэй хэнбугай ч хөл тавих эрхгүй байлтай. Гэтэл Д.Үүрийнтуяа дарга “Сод Монгол групп”-т удирдах албан тушаал хашиж байсан. Нөгөө талаас “Сод Монгол групп”-ийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “хүн”.

Энэ утгаараа “Эрдэнэт” үйлдвэрээс зарласан аливаа тендерт “Сод Монгол групп”-т давуу эрх олгохыг үгүйсгэхгүй.

"Ашиг сонирхлын зөрчилтэй хүнээр санхүү бариуллаа” гэх шүүмжлэл гараад гурван жил хэртэй болж байна. Гэвч уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр төдийгүй Төрийн албаны зөвлөлөөс ямар ч алхам хийсэнгүй. Дагаад Д.Үүрийнтуяа даргатай холбоотой олон баримтыг сэтгүүлчид дэлгэсээр ирэв. Тухайлбал, Urug.mn сайтын сэтгүүлч У.Болортуяа “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маш чухал баримт дэлгэсэн байдаг.

Тэрбээр “2019 оны 3-аас 12 дугаар сарын хооронд “Сод Монгол гупп”-ээс нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан байна.

Ингэхдээ шатахууныхаа литр тутмыг 1958-аар нийлүүлнэ гэж санал өгч тендерт ялсан ч эцэстээ 2318 төгрөгөөр “шахжээ” гэх баримтыг дэлгэж байв.

Мөн “Д.Үүрийнтуяагийн нөхөр Д.Тамир нь тус үйлдвэрт олон жил ажилласан. Гэхдээ Д.Үүрийнтуяаг тушаал дэвшснээс нэг сарын дараа буюу 2019 он дөрөвдүгээр сарын 26-нд Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон” гэж байв.

Хэрэвзээ энэ үнэн бол НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ шууд зөрчиж байгаа үйлдэл юм.

Д.Үүрийнтуяатай холбоотой сэтгүүлчдийн баримтыг цухасхан дэлгэхэд ийм байна.

Үүнээс гадна “Эрдэнэт үйлдвэрээс 70 сая төгрөг гаргуулж, орон сууцаа засуулсан бололтой”, “Дубайд Х.Бадамсүрэн захирлынхаа хамт томилолтоор явахдаа 40 сая төгрөгөөр таван одтой буудалд өрөө авсан”, “Нөхөр нь 10 тэрбумын тендерийн ажил авсан” гэх зэрэг олон мэдээлэл гарсан. Заримыг нь сэтгүүлчид баримтаар дэлгэж харуулсан.

Энэ ч утгаараа Д.Үүрийнтуяаг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардаж, халаглах нь олон байна. Гэтэл Монгол Улсад цор ганц мэргэшсэн нягтлан бодогч байгаа юм шиг, түүнийг Эрдэнэтийн өндөр сэнтийд залсан хэвээр байсаар байгаа нь хачирхалтай.

Тиймдээ ч Ц.Анандбазарын "хүн" гэгддэг Д.Үүрийнтуяад Эрдэнэт үйлдвэрийн санхүүг АТГУУЛСАН хэргийн ЭЗЭН ХЭН БЭ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асууя.

Хэрвээ нэгэн улстөрчийн явуулга, талцал үгүй юм бол Д.Үүрийнтуяаг ашиг сонирхлын зөрчилгүй гэдгийг нэг бол батал. Үгүй бол өндөр сэнтийнээс нь буулга гэдэг үгийг Х.Бадамсүрэн даргад ч дайя.

Ташрамд дурдахад, Хууль зүйн сайдаар 10 гаруй жил заларсан Ц.Нямдоржийг төрөөс явахыг түмэн олон шаардаж, шахаж байгаа. Түүний хувьд ч явах цаг нь болсон бол явъя гэж ам бардам хэлсэн. Даанч ЗГХЭГ-ийн сайдын сэнтийгээ тийм ч амархан орхиж чадахгүй, бэдэрч буй.

Тэгвэл түүнтэй адил “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн өдгөө 62 насыг зооглож буй тэтгэврийн насных.

Тэгсэн атлаа мөн л даргын сэнтийгээс зүүгдэж, хоёр жилийг ардаа үдээд байна. Түүнийг ажлаа өгөх тухай нэг бус удаа яриа гарсан. Гэсэн ч элдэв тайлбар хийгээгүй. Энэ нь ч “Эрдэнэт”-ийн удирдлагууд “чих” хатуутай явж ирсний нэг илрэл гэмээр.

Юутай ч, захирал нь тэтгэвэртээ суух цаг нь хэдийнэ ирчихсэн, орлогч Д.Үүрийнтуяа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэх.

Эрдэнэтийн өнөөдрийн төрх ийм байна.

ЭХ СУРВАЛЖ: UBN.mn

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ