Бямба, 4 сар 20, 2024
4.1 C
Ulaanbaatar

Охиныг хоёр талаас нь түшин босгоод, духаа барьцгаан өөд өөдөөсөө инээлдэнэ

Өнгө гэрэл алагласан үдшийн хотын нэг оройг зураглахаар үүрнээсээ гарч буй ангаахай шиг хотыг тойрон бэдэрлээ. Гэрээсээ гараад удалгүй алхаж явтал 7-8 дугаар анги болов уу гэмээр гурван хүү дэлгүүрээс гарч ирэв. Нэг нь “200 төгрөг байсан зайрмаг 500, 1000 болчих юмаа. Бид ч яахав аав, ээжид хэцүү байгаа байх даа” гэсээр цааш алхацгаан одлоо. Нээрээ л жаахан байхдаа юмны үнэ гэж анзаардаг байв уу, мэддэг байв уу гэж бодож үзлээ. Үнэхээр санаанд орох юм 100 төгрөгний ундаа, 80 гөөхий, 150 төгрөгний напелеон зэрэг өнгөрсөн бага нас минь бодогдов. Ундааны цех дээрээс нь очоод авахад бүр 50 төгрөг байлаа шүү дээ. Энэ үеэ бодохоор одоогийнх шиг өглөө сэрэхэд л үнэ нэмэгдэж байсан нь үл санагдана.  

Цааш алхаад Хүүхдийн урлан бүтээх төвийн урд талбайд очлоо. Хүүхдүүдээ дагуулсан гэр бүлүүд, хосууд энд тэнд суугаад ярилцан хүүрнэлдэнэ. Хүүхдүүд нь бяцхан усан оргилуурын усаар тоглож хөгжилтэй оройг өнгөрөөж байв. Сандал дээр суугаад хүмүүсийг ажиж байтал 20 гаруй насны хосууд хажууд ирээд суулаа. Эмэгтэй нь

-Энэ хүүхдийг хараач өмссөн плаж нь өөрт нь зохиод яасан эгдүүтэй юм бэ -Хоёулаа тэгвэл чамайг дуурайсан хөөрхөн гүнжтэй болъё

-Үгүй ээ

-Яаж байгаа нь тэр вэ?

-Охид аавыгаа дуурайдаг гэсэн. Намайг дуурайх юм бол хүү байсан нь дээр хэмээн инээлдэв. Би ч тэр хоёрын яриаг сонсоод тэсэлгүй инээж орхилоо. Гэнэтхэн нөгөө ярьж байсан бяцхан охин бүдрээд уначихав. Хосууд зэрэг сандран босч, гүйн очоод босгохдоо мөргөлдчихлөө. Нэг, нэг гараараа охиныг хоёр талаас нь түшин босгоод нөгөө гараараа духаа барьцгаан өөд өөдөөсөө инээлдэнэ. Охин уйлах гэж байснаа болиод тэр хоёрыг хараад даган инээв. Ийм нэгэн хөгжилтэй үдшийг өнгөрүүлээд харих замдаа бодон бодон инээмлэсээр алхаж билээ...

Их хотын чимээ эндээс цааш хаашаа ч цуурайтаж мэднэ…

Үргэлжлэл бий…

Их хотын иргэнээс

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Шинэ мэдээ